Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэлийн улс төрийн ИЛТГЭЛ

Эрхэм журмын нөхөд өө,

Эрхэм ардчилалд хайртай Монгол улсын иргэд ээ,

Ардчилсан намаа ахин сэргээн бадраахын төлөө, амжилт ялалтыг эргүүлэн авчрахын төлөө санаа зориг нэгдэн цугласан Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, журмын нөхөд өө, Ардчилсан намын орон зайг үгүйлэн алсаас ажин суугаа Ардчилсан Монгол улсын нийт иргэд ээ та бүхэндээ АН-ы ээлжит бус их хурлын өдрийн мэндийг хүргэе.

Та бид цугтаа Ардчилсан намын эргэн сэргэлтийн эзэд болж байна. Анхдагчдаасаа салаагүй Ардчилсан нам дараагийн үедээ ирж байгаа түүхэн цаг үеийн гэрч болж байна. Бид бүтээхээс нураах нь, босгохоос сүйтгэх нь, эвлэхээс эвдрэлцэх нь илүү хялбар байдгийг хангалттай харлаа. Харин одоо уналтыг сэргэлт, бутралыг нэгдэл, ялагдлыг ялалт болгохоор энд цуглаад байна.

Үе үеийн ардчилагчид, үйлс зорилго нэгт журмын нөхдөө. Бид дотроо тэмцэлдэж тамираа барах биш нэгдэн нягтарч ажилгүйдэл, ядуурлыг тэтгэж буй халамжийн бодлоготой, хүнд суртал, авилгыг гааруулж хүний эрх, шударга ёсыг гишгэж байгаа увайгүй үйлдэлтэй тэмцэх цаг иржээ.

Бидний цагаан морин жилд эхлүүлсэн эрх зүйт төр, иргэний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, ардчилсан нээлттэй нийгмийн төлөөх тэмцэл бүрэн дуусаагүй байна. Өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам ялж, амжилт ажлаар дүүрэн байсан цаг бүрт Монгол улс хожиж, Монголчууд ялсан байдаг. Ээдрээт үеийн тухайн цагтаа эрсдэлтэй ч, хожмоо хожоотой үнэ чөлөөлөх, мал, орон сууцнаас эхлээд үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, иргэн хүн улсдаа эзэн болохуйц олон шийдлүүдийг Ардчиллынхан бид гаргаж, түүний үр шимийг өнөө хүртэл Монголчууд нийтээрээ хүртсээр байгааг та бид мэднэ.

Гэвч өнөөдөр, сүүлийн хэдхэн жилийн буруу бодлогын үр дүнгээр олон зүйлээр Монгол улс эрс ухралтад орлоо. Эрх баригчид шийдвэрлэх асуудлынхаа эрэмбийг ойлгохгүй, өнөө маргаашийг аргацааж, өдөр хоногийг өнгөрүүлсэн үлбэгэр бодлогоо үргэлжлүүлсээр байна. Тэд шүүх, хуулийн засаглалыг дураараа өөрчилж нэг намын дарангуйлал, захиргаадалтын үеийг буцаан авчрахаар улайрч байна. Хүн амын 30 хувь нь ядуурлын балчигт унасан байхад бүтээмжийн бодлого яриагүй тэд 100 жилийн ой тэмдэглэнэ гэж хөөрцөглөн сууна. Ажилгүйдэл, ядууралтай биш ард иргэд, сөрөг хүчинтэйгээ тэмцэлдэж; цар тахал, иргэдийн эрүүл мэндийг биш сонгуулийн ялалт, эрх мэдлээ бататгахад анхаарч; асуудал, шалтгаантай нь биш архи төдийхөн хэлбэр, тусгалтай нь дайтсаар байна.

Төрийн эрх мэдлийг өсгөж, төсвийн хэмжээг тэлж, ордон тойруулж олон байшин барих, даргын өрөөнд зориулж цемент зуурч, тохижилт хийх, айдас, түгшүүрээр ард түмнээ айлгахаа хөгжлийн манлайд хүргэж байна гэдэг хүмүүс сүүлийн хэдэн жил дураараа дургилаа. Иргэний эрх, ардчилал, оролцооны тухай ойлголт лоозогнол, цэцэрхэлийн хэмжээнд очлоо, тийм  хэвээр үлдээсэй гэж эрх баригчид хүсэж байх шиг ч байна.

Гашуун сухайтаар гарах машин тоолж, нүүрснээс олсон орлогоо тэгшитгэн хуваарилж, хамгийн хурднаар, хэрхэн ард иргэддээ тараах вэ? гэдэг ганцхан бодлоготой болоод удлаа. Халамжийн капитализм, уул уурхайн социализм байгуулж байгаа тэдний тархинд бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ? хоршоолол-хамтрал-холбоосыг хэрхэн сайжруулах вэ? технологи-ноу хау-инновацийг яаж дэмжих вэ? Монгол хүний үнэ цэнэ, үнэлэмжийг тасралтгүйгээр нэмэгдүүлэх боломжууд юу вэ? гэдэг бодлогын асуулт орж ирэлгүйгээр, үүнд хариулах үгийг амнаасаа гаргалгүйгээр удлаа. Энэ хэвээр яваад байхад болно гэж тэд итгэж байна. Үгүй ээ, иргэд нь эрхгүй, эдийн засаг нь хэврэг ийм улсыг бүтээх гэж Ардчиллын партизанууд хувьсгал хийгээгүй юм.

Монголд хуримтлагдсан бүх асуудал, бэрхшээл зовлонгийн шийдэл нь ганцхан зүйлд л бий. Бүтээмж, Монгол хүний үнэ цэнийн өсөлт! Эдийн засагт өсөлт, бүр тийрэлтэт өсөлт хэрэгтэй. Аргалж ажилладаг, ард иргэдээ айдсаар удирддаг, хуурч дөнгөдөг цаг өнгөрсөн. Улам бүр хэрсүүжиж, улс орныхоо өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч суугаа сонгогчид эрх баригчдаас ч, биднээс ч бодит шийдлийг, хөгжлийн гарцыг, тийрэлтэт өсөлтийн бодлогыг, тодорхой гүйцэтгэлийг шаардаж байна. Иймд бид ч бас аргалж амжилт гаргах, ялалт авах боломжгүй ээ. Үнэн байхыг, үйлдэл ам ажлын зөрүүгүй байхыг цаг үе, нөхцөл байдал биднээс улам ихээр шаардаж эхэлсэн. Аргалсан шинэчлэл, аргалсан ажиллагаа, аргалсан дарга Ардчилсан намд огт хэрэггүй ээ.

Үе үеийн ардчилагчид, үйлс нэгт журмын нөхдөө. Ардчилсан намын гишүүд бол албан тушаал эрх мэдэлд дулдуйдаж, ашиг хонжоо хайгчид биш үзэл бодолдоо үнэнч эрх чөлөөний дайчид гэж итгэдэг. Ардчиллын дайчид та биднийг эдийн засгийн бүтцээ зөв болгох, иргэдийнхээ алдагдсан эрхийг эргүүлэн авчрах, дарангуйлал, завхрал, хүнд суртал, авилгалын эсрэг тууштай тэмцэхийг түүх даалгаж байна, түмэн шаардаж байна. Одоо өнгөрснийг тоочих биш урагшаа харж, хэзээ хэзээнээс эв нэгдэлтэй, тууштай, бат эрмэлзэлтэйгээр язгуурын үзэл баримтлалаа сахих, тунхаглах, хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх цаг иржээ. Та бид тэмцэхгүй бол, та бид өөрчлөхгүй бол хэн ч өөрчлөхгүй нь тодорхой. Түүх, цаг хугацаа үүнийг хангалттай харууллаа.

Ардчилсан нам дээрх алдаа бүрийг залруулж, улсаа амжилтад хөтлөх сөрөг хүчний ажлаа хариуцлагатайгаар биелүүлэх түүхэн үүрэг та бидэнд оногдож байна. Улаантан цагаантан, манай тал өрсөлдөгч гэж явцуурдаг хоцрогдсон улс төрийг хойш тавьж, улс орны нийтлэг эрх ашиг, хөгжилд нэмэрлэх шийдэл, асуудлыг шийдэх гаргалгааг хайсан бүтээлч сөрөг хүчин байх болно. Монголын хөгжлийн төлөө, үр хүүхдүүдийнхээ сайхан ирээдүйн төлөө эрх баригчдад ташуур болж, бурууд хурц, зөвд зөөлөн байж, тэмцэх цагтаа тэмцсэн шиг тэмцэнэ. Нам, бүлэг урьд урьдынхаас илүү нягт ажиллаж, УИХ дахь бүлгээ намын нөөц, хүн хүч, бодлогоор дэмжин ажиллах болно.

Зүүнээр биш баруунаар, төрийг данхайлгаж биш цомхотгож, төсвийг тэлж биш агшааж, бизнесийг хорьж биш дэмжиж, иргэдийг айлгаж биш оролцуулж удирдах бидний зарчим, баруун чигийн бодлогын орон зай Монголын улс төрд дутагдсаар удлаа. Ийм учраас Ардчилсан Монгол улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн сайжруулах, иргэдийнхээ алдагдсан эрхийг нь олж авчрах энэ үйлсэд Ардчилсан намынхан бид цугтаа оройлон оролцох шаардлага хэзээ хэзээнээс илүүтэйгээр бий болоод байна.

Бид өөрсдийнхөө эрх ашгаас намынхыгаа дээш тавьж, намынхаасаа улсынхаа том эрх ашгаа илүүд бодож нэгдэж, нягтрах, эргэн сэргэх зайлшгүй шаардлага бий болоод байна. Бид засгийн эрхээр биш,  Монголын төр, түмэн биднээр, Ардчилсан намаар дутаж байна. Ийм учраас Ардчилсан намаа ч, Ардчилсан Монгол орноо ч цугт нь шинэчлэх “Цуг Шинэчилнэ” хөтөлбөрөө боловсруулан Ардчилсан намын сунгаанд өрсөлдлөө. Улсаа ч, намаа ч иж бүрэн шинэчлэн Хурдан, Хөнгөн, Хүртээмжтэй, Холбогддог болгох Шинэчлэлийн 4Х хөтөлбөрийг маань улс даяар намын гишүүд маань уухайлан дэмжсэнд талархаж байна.

Талцлыг эвлэрэл, ялагдлыг ялалт болгохын тулд залруулах ёстой олон зүйл биднийг хүлээж байна. Энэ олон асуудлыг би ганцаараа биш олуулаа  та нартайгаа хамт, төв нам тойрч биш бүгд оролцож намын эгэл жирийн гишүүдтэйгээ хамт, дээрээ төвлөрч биш доошоогоо ярилцаж тал талаасаа оролцож 200 мянган гишүүнтэйгээ цуг байж иж бүрнээр нь эрс шинэчилнэ.

Намаа эмхэлж, дүрмээ засч даргын гарт цугларсан эрхийг тарааж, УТЗ, ҮБХ, дунд шатруу эрх мэдлийг шилжүүлнэ. Гишүүд нь оролцдоггүй, оролцдоггүй учраас хайрладаггүй, өмгөөлдөггүй болсон алдааг засаж гишүүдээ оролцуулдаг, хамтдаа ярилцаж, цугтаа шийддэг хамтын удирдлагын тогтолцоо, дотоод ардчилалтай нам болохоос шинэчлэл эхэлнэ.

Ардчилсан нам гишүүн төвтэй, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаатай нам болох шинэчлэлийг та бид цуг хийнэ. Эвдэрч салдаг биш эргэж нийлдэг, эвлэрч нэгддэг нам байна. Ардчилсан нам олон шинэ гишүүдээр хүрээгээ тэлж, замын уртад салж явсан, чиг баримжаа нэгтэй гишүүд, дэмжигчид, улс төрийн хүчнүүдтэйгээ эвлэрэн, салсан бутарсан хэсгүүдээ нэгтгэн чиглүүлэх, эргэн нэгдэх боломжийг үргэлжид хайж улам олуулаа болно.

Анхдагчид, 50,60,70,80-н оныхон гэж байгалийн үечлэлээр хуваагдаж, талцдаг байдлыг арилгаж үе хоорондын холбоосыг ухаалгаар хийж, бүх үеийн гишүүдийг, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүх төлөөллийг оролцуулдаг схемийг бүрдүүлнэ.

Би улс төрд цоо шинэ хүн бишээ. УИХ-д 2 дэвшиж, унаж ч, ялж ч үзсэн. Орон нутгийн намыг удирдаж, багтайгаа сонгуульд орж ялж бас ялагдсан удаатай. Бүтээмж, орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгон харж орон нутгийн түвшинд ч, парламентад бодлогын хэмжээнд ч шийдлээ гаргаж, багаараа цуг байж, цул явж, олуулаа ялахын төлөө шийдэх- шинэчлэхийн зүгт зүтгэж явна. Гэхдээ би бас улс төрд хуучин хүн бишээ.

Дэмжиж итгэсэн, хүлээлтээс давсан 55%-ийн саналыг хамгаалахын төлөө, хараахан дэмжээгүй үлдсэн бусад гишүүдийнхээ итгэлийг олохын төлөө хувь улс төрчийн нэр хүндээс Ардчилсан намын эрх ашгийг илүүд бодож, эрхэмлэн санаж ажиллах болно. Ард минь, дээр минь ганцхан дарга бий. Тэр нь ардчилсан үзэл санаа, намын жирийн гишүүд та нар маань. Ардаасаа удирдлагагүй, дээрээсээ чиглүүлэггүйгээр хараат бусаар, Ардчилсан намыг ахин бадраахын төлөө, аргалахгүйгээр ажиллах болно.

Захиргаадалтын улс төр, халамжийн эдийн засаг, ядуурлын намагт живсэн шинэ феодалын улс болон хувирч байгаа эх орноо аварч, сэргээн бадруулах цаг иржээ. Мориндоо мордоцгооё. Цагаан морин жилийн өөрчлөлтийн салхийг ахин сэвэлзүүлье. Их салхи хөдөлвөөс нижигнэн хөдлөх болтугай.

Ардчилагчид бид цугтаа нэгдэж, тэмцэж, хөнгөрч, хурдтай сэтгэж, хүн бүртэй бүтээлчээр холбогддог, хүртээмжтэй нам болон шинэчлэгдсэн цагт биднийг хэн ч зогсоож чадахгүй. Тэр цагт иргэд, сонгогчдын итгэл ахин бадарна. Та бид дараа дараагийн олон сонгуульд баярын нулимастайгаар эргэн уулзана гэдэгт итгэж байна. Дараалсан олон ялалттай, бүтээсэн өнөр зүйлтэй, бахархалт цаг айсуй.

 

ЦУГ ШИНЭЧИЛЦГЭЭЕ.

МОНГОЛЫН АРДЧИЛАЛ БАДАРТУГАЙ.

БАЯРЛАЛАА.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!