Ирж яваа цагийн өнгө, илч гэрлийн дулаантай хамт “People” стилист буландаа Солонгос улсад “Hair stylist” мэргэжлээр сурч төгссөн А.Мөнхзулыг онцоллоо.
Бид ” стилист” гэдэг ойлголт зөвхөн Холливүүд эсвэл оддын ертөнцөд хамаатай гэж боддог байсан цаг саяхан. Харин өнөөдөр энэ бүгд эрс өөрчлөгдсөн. Стилистийн мэргэжил урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр нэмэгдсэн учраас эрэлтийг дагасан маш олон хувьсан өөрчлөлтүүд биднийг хүлээж буй. Тиймээс ч энэ удаагийнхаа стилист буланд багтсан Зулаагийн амьдралын зарчим, хичээл зүтгэл, туулсан замнал, сонирхолтой зөвлөгөөнүүд танд өөртөө реформ хийх болжээ гэсэн ойлголтыг өгнө гэдэгт итгэж байна.
-Нийгэм даяаршихын хэрээр манайхан дэлхийн залуустай боловсрол, карьер, стиль имижээрээ ч эн зэрэгцэхүйц болсон. Үүнийг батлах шиг Солонгос улсад “Beuaty” чиглэлээр суралцаж төгссөн Зулаа гэх бүсгүйг цахим ертөнцийнхөн андахгүй болжээ. Харин манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг А.Мөнхзул гэдэг. Монголд Beauty салбарыг хөгжүүлэхээр ажиллаж буй эмэгтэй. Багаасаа үс, макe up, гоо сайхныг сонирхдог хүүхэд байсан. Солонгост 22 жил амьдарсан. Анх очсон даруйдаа үсчиний чиглэлээр суралцах гэсэн боловч визний асуудалтай тулгарч байлаа. Гэхдээ хүсэл мөрөөдлөө дагаад виз олгодог сургуульд нь суралцаж, мэргэжлийн стилист болье гэж шийдээд Сөүлийн beauty чиглэлийн хамгийн шилдэг сургуульд нь орж суралцсан. Суралцаж байх хугацаандаа маш олон дамжаа, сургалтууд болон дээд зэрэглэлийн салонд ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан гэж боддог. Солонгост үсчиний чиглэлээр суралцаж ажиллахдаа яг 7 жилийг зарцуулсан байдаг юм. Үүнээс дагалдангаар ажиллаж байхдаа 6 сар 1 ч хүний үсийг хатааж үзээгүй, зөвхөн угаалга хийж байлаа. Солонгост тийм өндөр шаардлага тавьдаг.
– Зулаа яагаад заавал Hair stylist мэргэжлийг сонгон суралцах болов гэсэн бодол эрхгүй төрж байна. Магадгүй энэ ярилцлагыг уншсан нэгэн өөртэй чинь адилхан Hair stylist мэргэжлээр суралцья гэж боддог байж болох. Сургууль болон сургалтын онцлогийг талаар яривал их сонин болов уу?
– Хүний үсэн дээр стилистээр ажилладаг гэхээр шинэ, содон сонсогдож байж магадгүй. Үндсэндээ үсний имидж мэйкир гэж ойлгож болно. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд, сонгон суралцсан мэргэжилдээ эзэн байхын тулд цаг хугацаа их зарцуулсан. Нэг мэдсэн монголд ирээгүй бараг 10-н жил болчихсон байсан шүү дээ. /инээв/ БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийг Hair Beauty stylist буюу монголчилбол үсний стилист мэргэжлээр сурсан. Сургуульд маань ямар ч тэтгэлэг байгаагүй. Жинхэнэ хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээрээ л энэ сургуулийг сонгон суралцсан. Бидэнд 18 төрлийн хичээл ордог байлаа. Салоны сургалт, практикийн сургалт, салоны акедимитэй. 1-р курст өнгөний хичээл, имидж мэйкир, хоёрдугаар курст fashion, гуравдугаар курст өөрсдийнхөө цаашид явах чиглэлээр давамгайлаад сонгон суралцаад явдаг. Миний хувьд үсний эрүүл мэнд, өнгө, засалт дээр илүү анхаарч ажилладаг.
-Монголдоо ирэлгүй 10 жил болно гэдэг их хугацаа. Олон жил нутагтаа байгаагүй гэхлээр монголчуудын үсний нийтлэг өнгө, styli-ийн талаар мэргэжлийн үүднээс хараад анх ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Монголд ирээд гурван жил болж байна. Манайхны үсний өнгө их гандмал, үхмэл өнгөтэй. Тиймээс ирээд жилийн дараа бүсгүйчүүддээ үсний өнгөний сургалтуудыг үнэ төлбөргүй өгч эхэлсэн. Уг сургалт нь солонгосын нэр хүндтэй доктор профессоруудын өгдөг үнэ цэнэтэй сургалтууд байгаа юм. Үсэн дээр аль өнгө ямар өнгөтэй илүү зохицох вэ, аль өнгөнөөс татгалзаж явах хэрэгтэй вэ зэрэг ач холбогдолтой. Миний хувьд тус сургалтуудад хамрагдан, мэргэжлийн диплом, гэрчилгээнүүдээ аваад ирсэн. Түүнчлэн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд Солонгос руу сар бүр семинарт сууж ирдэг. Ажилдаа шаардагдах бүх тоног төхөөрөмжүүдээ ч тэндээс авчирдаг. “Beauty” чиглэлийн хичээлд заадаг өнгөний хичээлүүдийг хүртэл худалдаж аваад, албан ёсны эрхтэйгээр зааж болно гэсэн гэрээ байгуулаад ирсэн. Монголд имидж мэйкир, стилистүүд болон энэ чиглэлээр суралцахыг сонирхдог залуус, boutique ажиллуулдаг эздүүд миний хичээлийг судлавал их үр дүнтэй.
– Beauty чиглэлийн салбар мэдээж зардал өндөртэй. Хичээл сургалтанд хэрэглэгдэх багаж хэрэгслүүд, будаг шунх гээд. Магадгүй Солонгост амьдарч байсан гэхээр хичээлийнхээ завсраар цагийн ажил хийнгээ, өөртөө хөрөнгө оруулдаг завгүй оюутан байсан болов уу?
-Тийм шүү, beauty чиглэлийн салбар хамгийн зардал ихтэй салбар гэж нэрлэдэг. Солонгост удаан байсан гэхлээр манайхан цагийн ажил хийж, сурахынхаа хажуугаар ажиллаад, амьдрах боломжтой гэж хардаг шүү дээ. Харин манай салбарт тэгэх ямар ч боломж, зав байгаагүй. Сургуулиа төгсөөд л Солонгос улсдаа дээд зэрэглэлийн гэж болох салонд багшаараа яриулаад үсчиний угаалгын ажилд орж байсан юм. Тэгэхдээ өглөө бүр 4 цагт босч ажилдаа хамгийн түрүүнд ирдэг байлаа. Тухайн үед ингэж ажиллаж сурч, бүхнээс эртэч байж Солонгосын залуустай хөл нийлүүлэн алхана гэж боддог байсан шүү.
Амралтын өдөр гэж байхгүй. Хэдэн сар тэгж ажилласны дараагаар салоны захирал “Чи Солонгосчуудаас ялгагдах юмгүй сайн ажиллаж байна, хэлэндээ ч сайн гэж хэлэх нь энэ салбартаа тууштай ажиллахад их нөлөөлсөн л дөө. Тэр салондоо гурван жил ажилласан байдаг юм.
-Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс Зулаа хамгийн түрүүнд үйлчлүүлэгчдэдээ өнгөний талаар зөвлөгөө өгдгөөс гадна нүд хоорондын зай, нүдний өнгийг харсны дараа “Hair styli”–ыг нь тодорхойлдог гэх юм билээ, энэ талаар?
-Монголчууд их гоё нүдтэй. Нүднийхээ өнгийг амилуулахын тулд үснийхээ өнгийг өөрчлөх хэрэгтэй. Стилист бидэнд хүний нүдний хүүхэн хараа, хөмсөг, нүд гэдэг хүнд маш чухал. Үүн дээрээ тулгуурлаад хувцсаа тохируулж өмсөнө гэдэг бол урлаг. Үсний өнгөн дээр мэргэжил маш чухал гадаа ажилладаг уу, дотор ажилладаг уу гэдэг чухал. Орчин үеийн имидж мэйкируудын хувьд арьсны өнгө чухал биш болсон. Нүд хоорондын зай, нүдний өнгө, нүүрэн дээрх зураас зэргийг харж үснийх нь өнгийг өөрчилдөг сүүлийн үеийн аргачлал бий болсон шүү дээ.
Миний хувьд яг л тэр зарчмаар ажилладаг. Дээр нь үйлчлүүлэгчийнхээ мэргэжил, үйл хөдлөл, характерыг бас их чухалчилдаг Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Хүний үс гялалзвал царай ч бас гялалзаж харагддаг. Үсээ будна гэдэг нь гэмтэнэ гэсэн хэвшмэл ойлголттой байж болохгүй.
-Солонгост 22 жил амьдарсан гэхээр Монгол Солонгос хүмүүсийн онцлогийг маш сайн анзаарсан байж таараа. Харилцаа, үйлчилгээний соёл, хандлага гээд бүх талаас нь мэргэжлийн хүний үүднээс тодорхойлбол?
– Салоны үйлчлүүлэгчдийн хувьд манайхан солонгосчуудтай харьцуулах хэмжээнд нь хараахан хүрэхгүй. Жишээ нь солонгосчууд Hair дизайнер хүнийг үсчин гэж хэлдэггүй “багшаа” гэж дууддаг. Нийгмийн нийтлэг хэл. Харин монголд тэр эгчээ, Зулаа гэх мэтчилэн дотночилох гээд байдаг. Нийтлэг үг байвал яасан юм бол гэж бодогддог шүү. Харин нэг авууштай нь монгол бүсгүйчүүдэд бүх дүр, имиджнүүд байдаг. Солонгосчууд бол нэгэн хэвийн, бие биетэйгээ их ижилхэн. Монголчууд бол баригдашгүй, дахин давтагдашгүй имижтэй хүмүүс.Имидж стайлыг амилуулж чаддаг хүмүүс бол монголчууд. Тэрийг гадныхан бүр олоод харчихсан. Монголчуудын нүдний хүүхэн хараа буюу төв нь их өөр, содон байдаг.
– Hair stylist, имидж мейкер хүн судладаг мэргэжил ч юм шиг. Зулаагийн амьдралын хэвшил ч үүнийг дагаад өөрчлөгдсөн байх. Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
-Өглөө ажилдаа явахаас цаг 30 минутын өмнө босдог. 40 минутын өмнө coffee шоп-т ирээд кофегоо уугаад өнөөдөр цаг авсан үйлчлүүлэгчдийнхээ имиджийг хайдаг, боддог, төсөөлдөг. Салонд орохоор эмэгтэйчүүдийн стресс тайлагддаг шүү дээ. Ялангуяа хувийн амьдралаа ярих ч юм уу. Тэр стрессийг бид яаж зөв, эерэгээр тайлж эрч хүчтэй байлгах нь надаас хамаардаг учраас аль болох өөрөө цоглог гоё байх хэрэгтэй гэж боддог. Намайг хараад нүд нь бадран асдаг байх хэрэгтэй. Сонирхуулахад би үснийхээ өнгийг жилд 16 өнгөөр сольдог. Нэг цайруулчихаар олон өнгөнд уусах боломжтой болчихдог юм. Хүн үсээ саарлаар будахад make up нь дагаад өөрчлөгддөг байх ёстой. Өмсөж байгаа хувцас хүртэл өөрчдөгдөнө.
Тэгэхээр өнгө гэдэг маш чухал. Бидний мэргэжил бол хүнтэй харьж байгаа учраас харилцаан дээрээ ч маш их анхаардаг. Солонгост салонд ажиллаж байхад сард 1 ном унш гэж даалгадаг байсан. Бидний мэргэжил хүнтэй маш их ярилцдаг ажил.
–Би зүгээр нэг үсчин биш, Имидж мейкер, hair stylist гэсэн хос морьтой-
-Имидж мейкер, Hair stylist хүнтэй уулзсаных энэ оны трэнд үс засалт болоод өнгийг асуухгүй өнгөрч болохгүй байх?
Улирлын трэнд гэдэг их чухал ойлголт. Имидж гэдэг үсний өнгийг хэлдэг. Өнгө гэдэг хүний насыг өөрчилдөг. Харин стиль гэдэг үсний тайралтыг хэлдэг. Үсний хэлбэр нь бидний биеийн галбир, нүүрний харьцаатай холбогддог. 2019 оны үсний трэнд шатласан үс гэхээсээ илүүтэй тэгшхэн хэрнээ уусалттай, урд хойд хэсэг нь загварлаг тайралт буюу холимог загвар моданд орж байна. Өнгөний хувьд омбра үс буюу хоёр тэс өөр өнгийг хооронд нь хольсон будалттай үс энэ жилийн трэнд.
-Монголчуудад үсний өнгө болоод имидж мейкерын тухайд ямар өнгө илүү эрч хүчтэй, цоглог, харагдуулдаг вэ?
-Азиудад ихэвчлэн цайвар өнгө царайг нь илүү гэрэлтэй харагдуулдаг. Дээрээс нь илүү залуу харагдуулж, өө сэвүүд нь бүдгэрдэг. 2017 оноос эхлэн Азиудын хувьд хар өнгө моданаас гарсан. Дэлхийн жишгээс харахад эмэгтэй хүн 30 нас хүрэхлээр арьсны өө сэв тодорч эхэлдэг. Хүмүүс хар өнгийн үстэй эмэгтэйн царай руу хараад энэ тэдэн насны хүн байна гэдгийг хараад мэдчихдэг. Харин цайвар үстэй бол царай нь шингэрээд имиджээрээ харагддаг. Өөрөөр хэлбэл энэ ийм имиджтэй охин байна гэж ярьдаг. Монголд ирсэн гадаадууд манай эмэгтэйчүүдийг ямар хар өнгийн үстэй юм бэ гэж уулга алддаг. Үсчин ордоггүй юм байх даа гэж асуух тохиолдол ч байдаг. Ер нь оранж өнгө монголчууд төдийгүй Азиудад бүрэн зохицдог. Хувцасны хувьд завсрын цайвар өнгийн хувцас өмсөх хэрэгтэй. Нэмэх нь тод өнгийг үл ялаг оруулбал илүү донжлог харагдана.
– Манайхан гадаадад сурч, ажиллаж байгаад тэндээ суурьшиж амьдрахыг илүүд үздэг болчихсон. Харин Солонгост 22 жил ажиллаж сурч ажилласан бүхнээ монголдоо нутагшуулахаар зорьж буй бүсгүй зорилгоосоо хуваалцвал?
-Цаашдын зорилго гэвэл сургалтуудаа монголдоо “нутагшуулна”. Имидж мейкерын сургалтуудаа ч эхнээс нь оруулж шавь нараа бэлдэж байна. Үсчин, маке up, артист, хумсны nail artist, стилист, амьд биен дээр beauty чиглэлээр ажилладаг бүх хүнд сургалтуудаа өгнө. Түүнчлэн VIP сургалтуудаа ч өгч байна. Сүүлийн үед гоо сайхан, салоны тухай ном маш их уншиж байна. Солонгост Beuaty салоны талаарх гарын авлага маш их байдаг. Харин монголд энэ талаарх ном их ховор. Тиймээс энэ чиглэлээр ном гаргана гэж мөрөөддөг. Учир нь оюутан байхаасаа эхлээд маш их ном уншдаг, түүнийгээ орчуулаад бүр 5,6 дэвтэр болчихсон. Төлөвлөснөөр 2018 оны сүүл хэсгээс миний ажлууд цэгцэрч, амжилтынхаа үзүүрээс атгаж эхэлж байна даа.
-Бүхэл бүтэн 12 жилийг Hair beauty чиглэлд зарцуулчихаад “Одоо л амжилтынхаа үзүүрээс атгаж байна гэдэг… дэндүү даруухан биш үү. Танайхаар үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэл ханамжийн баталгааг та юугаар батлах вэ?
– Харин одоо л бүх юмс жигдэрч байна. Хүмүүс над дээр өөрсдөө ирж, таниас ийм зөвлөгөө авах гэсэн юм, ингэе, тэгье гэхэд маш урамтай санагддаг.
Манай бүтээгдэхүүнүүд бол дэлхийн стандартанд нийцсэн чанартай, маш үнэтэй, олон шат дамжлагаар дамжин ирдэг. Түүнчлэн солонгосын техник технологийг монголдоо авчран үйлчлүүлэгчдэдээ үзүүлдэгт манай салоны давуу тал оршдог. Зарим үйлчлүүлэгчид ямар хурдан хими хийдэг юм бэ, орсон юм уу гэж асуух нь бий. Орчин үеийн үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчээ удаахгүйгээр, өөрөө ч ядрахгүйгээр бүх ажлаа системтэйгээр хийдэг болчихсон. Үүнийг зарим хүмүүс ойлгодоггүй.
Нэг хүн над дээр үсээ янзлуулбал тэр үс миний л үс гэсэн үг. Будаг хийхээр хүмүүс маш их хортой гэсэн уламжлалт бодлоосоо салах ёстой. Сайн чанарын будгууд ч маш их гарсан. Түүнчлэн жирэмсэн, хөхүүл, харшилтай, үсэнд унадаг гээд шалтгаантай хүмүүст зориулсан натураль будаг ч манайд бий. Энэ бидний брэнд, үйлчлүүлэгчдэдээ өгч буй сэтгэл ханамж.
– Өдөр бүр гоё үстэй байя гэвэл та ямар зөвлөгөө өгөх вэ, Ер нь үсээ өдөр тутамдаа хэрхэн арчлах ёстой байдаг вэ?
-Үсээ арчлах талаар буруу ойлголттой хүмүүс маш их байдаг. Ер нь үсээ хоёр хоногт нэг удаа угаах нь зөв. Хамгийн гол нь үсийг гоё харагдуулдаг бүтээгдэхүүнийг түрх. Үс урт байх тусмаа гэмтэл ихтэй байдаг. Бидэнд маke up-ны кошлок байдаг шиг үсний кошлоктой явах хэрэгтэй. Би байнга тийм кошлоктой явдаг. Хамгийн гол нь үс маш гоё үнэртэй байх хэрэгтэй. Хуйханд цацдаг ч бүтээгдэхүүнүүд бий. Үсээ гэмтэхээр хүмүүс ихэвчлэн тайрах гэдэг. Угтаа бол үсээ будаж, үсний бүтээгдэхүүн түрхвэл илүү эрүүл харагдана. Бас нэг зөвлөгөө хэлэхэд үсэндээ улиралд нэг удаа хуйхны эмчилгээ хийлгэх ёстой. Арьсаа арчилдаг шиг үсээ бас арчилдаг байх хэрэгтэй.
-Үсний тухайд тийм байдаг байж. Тэгвэл имидж мейкер талаасаа охид бүсгүйчүүдэд хамгийн энгийн зөвлөгөөг өгвөл юуг онцлох вэ?
-Энгийн хэдхэн жишээг хэлье. Үстэй захтай хувцсан дээр үсийг задгай тавибал хүзүүгүй юм шиг, пропорц алдагдаж харагддаг. Тиймээс хажуу тийшээ унжуулбал илүү стильтэй харагдана.
Хүлээн авалтан дээр саарал өнгийн хувцас өмсвөл намайг хэн ч онцолж битгий хараасай гэсэн хэлэмжийг өгүүлж байдаг. Хуриманд уригдвал тод өнгийн хувцас өмсвөл хуримлагч хосуудаа хүндлээгүйг илэрхийлдэг. Орчин болгонд хүндэтгэлийн өнгөнүүд байдаг гэсэн үг. Хүчтэй харагдья гэвэл улаан цэнхэр өнгийн хувцсыг сонгох хэрэгтэй. Манай монгол эмэгтэйчүүд обручка зүүвэл том толгойтой харагдана гээд огт зүүдэггүй. Эсрэгээрээ обручка хүний царайны хэлбэрийг илүү жижигхэн харагдуулдаг. Үсний угнаас цагаан үс ургасан тохиолдолд даруулга зүүвэл харагддаггүй.
Ярилцсанд баярлалаа
Холбоо барих утас: 91022204,95119261