Бурхан багшийн Их Дүйчэн өдөр энэ жил тавдугаар сарын 26-нд буюу өнөөдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Бурхан багшийн Их дүйчин өдөр” бүх нийтээр амрахаар хуульчилсан нь энэ жилээс хэрэгжиж байна.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын арван таванд тохиодог бөгөөд энэхүү өдөр нь Бурхан Багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчэн өдрөөс онцлогтой юм.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг (Весак) дэлхийн бурхны шашинт улс орон, ард түмэн буяныг хотол чуулганыг бүрэлдүүлэн өргөн дэлгэр тэмдэглэж байгаагаас ихэнх улс орон энэ өдрийг баярын хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурханы шашинт Азийн зарим улс орны төр засгаас энэхүү өдөр ярга бойны газрыг хаах, архи дарс худалдаалахыг хориглох, зугаа цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоох зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг байна.
2500 жилийн тэртээгээс Бурхан Багшийн сургаалийн хүн төрөлхтний эв санааны нэгдэл, оюуны хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, эдүгээ ч дэлхийд олон зуун сая хүн ард энэхүү тэмдэглэлт өдрийг тэмдэглэж буй ач холбогдлыг харгалзан үзэж, 1999 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн A/54/L59 тоот тогтоолоор Олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарласан юм.
Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан авч 1990 оноос Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулган дор өргөн тэмдэглэж ирсэн болно.
Монголын бурхны шашны сүм хийдүүд, Монголын сүсэгтний холбоо Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг Бурхны шашинт бусад орны жишгээр баяр амралтын өдөр болгох гэсэн хүсэлтийг Монголын үндэсний шашин соёлоо эрхэмлэгч нэр бүхий УИХ-ын гишүүд хүлээн авч дэмжсэн ба уг хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20 өдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэн олонхийн саналаар баталж, Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг нийтийн баяр амралтын өдөр болсон. Ингэснээр Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэсэн.
Энэ жилийн Бурхан Багшийн Их Дүйчэн өдрийн баярыг тэмдэглэх ажлын хэсэг албан ёсоор байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд байгаль хамгаалах буяны үйлсийн хүрээнд Туул голын хар усан тохойн эрэг дагуух 1 тонн хог, ургаа модонд уясан 60 шуудай хадагны хаягдлыг цэвэрлэсэн. Мөн 540 төслийн хүрээнд Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 3,480,000₮-ний 108 хайлаас болон чацарганы мод тариж, соён гэгээрлийн чиглэлд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан гар зураг, эссэ бичлэгийн уралдаан, багш нарын дунд “Миний Монголын бичиг соёл” монгол бичгийн уралдааныг зохион байгууллаа.
Нийтээр Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг доор дурдсан байдлаар тэмдэглэн өнгөрүүлцгээе. Үүнд:
1. Бурхан шүтээнд тахил өргөх, эргэл мөргөл хийх, хурал ном цахимаар айлтгуулах, гэмшил наманчлагаа үйлдэх, өргөл хандив өргөх,
2. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хураах,
3. Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарийг авч сахих
4. Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх, гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах, хэрвээ эцэг эх нас нөхцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
5. Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх,
6. Ядуу хоосон, өвчтэй зовлонтой, төөрөлдөн явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
7. Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
8. Бурхан Багшийн намтар, үлгэрийн далай, бурханы шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маани мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
9. Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулах
Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд