ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна. Сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.3 дахин, хүнд өвчтөний тоо 24.6 дахин, нэн хүн өвчтөний тоо 7 дахин нэмэгдээд байгаа. 30 хөнгөн тохиолдол дээр нэг баг орж ажилладаг бол ижил бүрэлдэхүүнтэй нэг баг гурван хүнп тохиолдлын эмчилгээн дээр ордог. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хурдтайгаар хомсдох нөхцөл үүсэж байна.
Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүйг ХӨСҮТ болон ЭМЯ-наас зөвлөж байгаа. Тархалтын тоо нэмэгдэхийн хэрээр шууд хамааралтайгаар хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагад ачаалал болон ирж байна.
Хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүс дээр ажилладаг эмнэлгийн боловсон хүчнүүд цөөн хүн дээр ажилладаг учраас хомсдол үүсээд явдаг.
Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ болон ЦТЭ хамаг нөөцөө шавхаж ажилласан. Үүн дээр нэмээд сүүлийн хоёр сарын хугацаанд бусад эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлуудыг авч байгаа. Эмнэлгийн ажилтнууд туйлдаж байна.
Иргэд маань ухамсартай байвал халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа хүндрээд байгаа 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, астматай, артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс ухамсартай байх хэрэгтэй байна. Энэ эрсдэлт бүлгийнхэн гэртээ байж, халдварт өртөхгүй байх нь эрүүл мэндийн ажилчдад хүргэж буй хамгийн том тус юм” хэмээн ярилаа.