УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодсон байж болзошгүй шалтгаанаар өдгөө Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгагдаж буй.
Хэргийг эргэн сануулбал, энэ сарын 16-ны үүрийн 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн билээ. Албаны шалгалтаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргий Б-гийн биед халдаж, бэртэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх. Учир нь хохирогчийн уруул сэтэрч, хэд хэдэн газраа ноцтой бэртэл авсан тул гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлсэн гэгдэж буй.
Эх сурвалжуудын мэдээллээр хүчирхийлэлд өртсөн гэх иргэн Б цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ нөхөр нь хардалтын улмаас өөрт нь гар хүрсэн. Гар хүрэх үедээ архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан. Өмнө нь хэд хэдэн удаа архидан согтуурч биед нь халдсан бөгөөд сүүлд 2020 онд хоёр удаа гар хүрсэн хэмээх зүйлсийг мэдүүлсэн гэх.
Ж.Мөнхбат гишүүн цагдаагийн байгууллагад тэс өөр зүйлсийг мэдүүлсэн гэх. Тэрбээр “Хэрэг гардаг өдөр эхнэр нь найзуудтайгаа гадуур гарч, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн бөгөөд түүнийг очиж авах үед согтуугаар автомашинаа жолоодох гэж зөрсөн. Тиймээс аргагүйн эрхэнд түлхэж буулгасан” хэмээх зүйлсийг мэдүүлсэн аж. Харин түүнээс төд удалгүй хохирогч Б “Гомдолгүй” хэмээн мэдүүлжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүнтэй холбоотой мэдээллүүд цахим ертөнцөд түгсэнтэй холбоотойгоор алба хаагчдад дотоод хяналт шалгалт хийгдэж эхэлсэн аж.