Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12-т жагсаж байна

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.29) 10 цаг 05 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

 

Хуралдааны эхэнд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө

Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа хийв. Тэрээр, нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу төслийн 9 дүгээр зүйлийн зарим заалтыг дахин найруулж, 9.2 дахь хэсэгт Кино урлагийн зөвлөлийн хараат бусаар ажиллах зарчмыг, 9.3-т уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулахаар тусгасан. Холбогдох журмын дагуу мэргэжлийн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн иргэнийг зөвлөлийн гишүүнээр томилох асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэдэг агуулгаар цаашид Засгийн газар журмаар зохицуулаад явах болсон. Түүнчлэн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн төслийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасан “хүртэлх” гэдгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ саналыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хорооны гишүүдийн гуравны хоёр нь дэмжих ёстой. Мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Кино урлагийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болох хугацаанаас өмнө батлуулахыг Засгийн газарт даалгасан “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэн танилцуулж байна гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Б.Баярсайхан, Н.Учрал нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, төслийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан Кино урлагийн зөвлөлийн гишүүн, уран бүтээлчийг ямар шалгуураар хэн сонгох талаар тодруулав. Ажлын хэсгээс хийсэн тайлбарт, зөвлөлийн гишүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын, бусад гишүүд нь кино үйллдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Мэргэжлийн төрийн бус байгууллага нь кино урлагийн чиглэлээр мэрэгшсэн, таваас доошгүй жил ажилласан туршлагатай иргэнийг нэр дэвшүүлнэ. Албан тушаалтан, иргэнийг Зөвлөлийн гишүүнээр соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна. Энэ хугацааг нэг удаа сунгаж болно гэсэн танилцуулга хийв.

Хуулийн төслийг дэмжив

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны дарга Г.Дамдинням Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтын дагуу /гүйцээн боловсруулах/ Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тусгаж, санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 9 дүгээр зүйлд заасан “… Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө” гэснийг “… Засгийн газрын гишүүн батламжилж, чөлөөлнө” гэж өөрчлөхийг 76,5 хувиар саналаар дэмжигдэв. Түүнчлэн, “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлая гэсэн горимын санал хуралдаанд оролцсон гишүүдийн 76,5 хувийн саналаар дэмжигдсэн. Ийнхүү Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12-т жагсаж байна

Үргэлжлүүлэн Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, өнөөдөр Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92-т, Боловсролын индексээрээ 189 орноос 103-т, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49-д, мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59-д орж байна. 2018 онд хийгдсэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад 7-14 насны хүүхдийн сурч чадах үндсэн суурь чадвар болсон унших чадвар 61.5 хувь, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувь байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээ илтгэж байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” батлагдаж, хүний хөгжил төвтэй хөгжлийн бодлого хэрэгжиж эхэлсэн. Уг бодлогын үргэлжлэл болон Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тус тус дэвшүүлсэн.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар дэлхий нийтийн ирэх 15 жилийн хөгжлийн зорилтыг тодорхойлсон “Эх дэлхийгээ эрс шинэчилье-Тогтвортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрөөр 2030 он гэхэд боловсролын бүх түвшинд тэгш хамруулсан чанартай боловсрол олгох, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих зорилгыг боловсролын салбарт дэвшүүлсэн.

Иймд Монгол Улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилтыг биелүүлэх, боловсролын салбарыг орчин үеийн чиг хандлагад тулгуурлан хөгжүүлэх, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг шинээр тодорхойлох, сургалтын чанар, агуулгыг хүний хөгжил, улс орны хөгжлийн ирээдүй, өрсөлдөх чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, цаашдын төлөв байдалд нийцүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаадлага үүсэн гэж үзэж байна гэв. Үргэлжлүүлэн боловсролын агуулга, сургалтын хөтөлбөр, стандарт, Боловсролын байгууллага, бүтэц, Боловсролын удидлагын тогтолцоо, тэдгээрийн эрх хэмжээ, гүйцэтгэх чиг үүрэг болон Боловсролын эдийн засаг, санхүүжилтийн хүрээний талаар танилцуулав.

Хуулийн төслийг дэмжлээ

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ё.Баатарбилэг, Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат, Н.Учрал, Т.Аубакир нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс хувийн сургуулиудад хувьсах зардал өгөх эсэх, алслагдсан сум, сууринд боловсон хүчин дутмаг байдаг, үүнд хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын талаар, мөн англи хэл үндсэн гадаад хэл байна гэж тусгагдсан талаар тодруулав. Түүнчлэн үндэстний цөөнхийн бүлэгт олгох боловсролын талаарх зохицуулалтыг асууж байв. Сайд Л.Энх-Амгалан суурь санхүүжилт болон хувьсах зардлын хувьд ажлын хэсгээс үр дүнд суурилсан санхүүжилт гэж оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр багшийн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг байх боломжтой. Англи хэлний хувьд, байгалийн шинжлэх ухаан зэрэг зарим хичээлийг англи хэл дээр үзэх зохицуулалтыг тусгасан. Үндэстний цөөнхийн бүлгийн сургуулийн өмнөх болон бага боловсролыг эх хэлээр олгож болно гэсэн зохицуулалтыг тус тус тусгасан гэсэн тайлбар хийв.

 

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дарга Г.Дамдинням Боловсролын ерөнхий хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээс өмнө бүх нийтийн оролцоог хамруулсан хэлэлцүүлгийг дахин зохион байгуулна гэв. Ингээд Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88,2 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!