Амжилт Мэдээ Онцлох мэдээ Папараци Фото мэдээ

Мөсөн хотхон дахь Дэлхийн оддын гайхамшигт үзүүлбэрүүд

 “Мөсөн Өргөө”-тэй болж, ирээдүйн тамирчид бэлтгэлээ хийх, дэлхийн одод Монголд ирэх саяхан хүртэл бидний мөрөөдөл байлаа. Энэ мөрөөдлийг биелүүлж, уран гулгалтын спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй “Stepp arena”-ийн хамт олонд уран гулгалт сонирхогчид, тамирчдын өмнөөс талархал илэрхийлье.

Өнгөрсөн хоёрдугаар сард бид “Тал нутгийн мөсөн шоу” тоглолтоор Япон Улсын тамирчдын  ур чадвар, уран тансаг хөдөлгөөнийг биширч байлаа. Тэгвэл энэ удаад Оросын Холбооны Улсын олимп, Дэлхийн медальтай уран гулгагчдын “Уран гулгалтын одод Монголд” шоу тоглогдох сургаар “Мөсөн Өргөө”-г зорилоо.

Өдрийн 15:00 цагт тоглолт эхлэх болж, үзэгчид суудлаа эзэллээ. Үнэхээр л ийм мөсөн өргөө, шоу тоглолт монголчуудад дутагдаж байсан аятай үзэгчид догдлол дүүрэн байв.

 Удалгүй ёслолын ая эгшиглэж, Монгол Улсын тамирчин Отгонбаатарын Мишээл тоглолтыг нээж, өөрийн үзүүлбэрийг үзүүллээ. Монгол тамирчнаа үзэгчид нижигнэсэн алга ташилтаар хүлээн авлаа. Түүний дараа бүх тамирчдын хамтарсан үзүүлбэр толилуулагдав. Тив, дэлхийн уран гулгалтын оддыг нэг дор харна гэдэг уран гулгалт сонирхогчдод ховор завшаан байсан биз ээ. Ганцаарчилсан болон хосын үзүүлбэрүүд эхэлж, Елизавета Туктамышева, Аделия Петросян, Софья Акатьева, Евгений Семененко, Дмитрий Алиев нар шилдэг үзүүлбэрээ “Мөсөн Өргөө”-д амилуулав.

   Тэдний дараа Евгения Тарасова, Владимир Морозов нар Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн “Амьдрал” дуун дээр сэтгэл уярам гайхалтай үзүүлбэр үзүүллээ. Биеийн хэлэмж, уран тансаг хөдөлгөөнөөр хүний сэтгэл, хүмүүний амьдралыг харуулж чаддагаараа уран гулгалт гайхалтай спорт байх. Тэдний үзүүлбэрээс хайр,тэврэлт, амьдралын уналт, босолт мэдрэгдэж байв.

Өнөөдрийн голлох үзүүлбэр Камила Валерьевна Валиевгын олимпын наадамд үзүүлсэн үзүүлбэр байлаа. Энд цугласан үзэгчдийнх дийлэнх нь түүнийг л үзэх гэж ирсэн  гэдэгтэй итгэлтэй байна. Тэрбээр 17 насандаа баймгүй их авьяастай, дэлхийг гайхшируулсан Татар охин юм.  Камила насанд хүрэгчдийн төрөлд гурван эргэлтийг дөрвөн давталттай хийсэн дэлхийн анхны тамирчин билээ. Мөн 2022 оны олимпын аварга,

  • 2022 оны Европын аварга,
  • 2020 оны Идэрчүүдийн дэлхийн аварга,
  • 2019, 2020 оны Идэрчүүдийн дэлхийн аварга,
  • 2021 Скейт Канада аварга,
  • 2021 Ростелеком Гран-Пригийн аварга,
  • 2021 Финландиа Тропигийн ялагч,
  • Оросын Холбооны Улсын Аваргын хошой мөнгөн медальт,
  • 272,71 оноогоор Нийлбэр онооны дэлхийн рекордыг эзэмшигч,
  • 90,45 оноогоор Богино үзүүлбэрийн төрлийн дэлхийн рекордыг эзэмшигч,
  • 185,29 оноогоор уран сайхны төрлийн дэлхийн рекордыг эзэмшигч билээ.

Тэрбээр “Манай зочид буудал хотын төвтэй ойрхон байсан учраас Сүхбаатарын талбайгаар хэсэгхэн зугаалах боломж гарсан. Анх удаа Монголд ирлээ. Одоогоор их зүйл харж чадаагүй байгаа ч гэсэн тайван сайхан сэтгэгдэлтэй байна. Магадгүй энд байх хугацаандаа илүү олон зүйлийг харах байх. Ирээдүйд дахиж Монголд ирэх байх гэж найдаж байна” гэсэн билээ. Харин Монголын үзэгчид цахим сүлжээнд түүний талаар эерэг сэтгэгдэл бичиж, тоглолтын үеэр ч тасралтгүй алга ташиж байлаа.

Эргэлт, хөдөлгөөн бүр нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байв. Түүний үзүүлбэрийн тал хэсэгт ая тасарсан ч тэр үзүүлбэрээ төгс гүйцэтгэлээ. Ингээд Камилагийн тоглолтын дараа 20 минутын завсарлага авч, хоёр дахь хэсгийг Камила дахин эхлүүлэв. Энэ удаа өөрийн хүсэлтээр үзүүлбэрээ дахин үзүүлэхийг хүсчээ. Учир нь Камилагийн эхний үзүүлбэрийн үеэр ая тасалдаж, тэрбээр зогсолтгүй бүжсээр дуусгасан ч Монголын алга нижигнүүлэн таших үзэгчдийг хүндлээд дахин мөсөн дээр гарахыг хүссэн нь энэ юм. Камила энэ өдөр хоёр үзүүлбэр үзүүлэх байсан бол ийнхүү гурван удаа түүнийг харах боломж бидэнд олдсон юм.

Тив, дэлхийн гайхалтай аваргууд, оддыг дэргэдээс нь харах боломжийг атгасан азтай үзэгчид үнэхээр соёлжсон басхүү урлаг, уран сайхнаар, тэр дундаа дэлхийн гоёмсог спортоор цангасан нь харагдаж байсныг нуух юун. Харанхуйн мөсөн дэх гайхалтай уян налархай үзүүлбэрүүд, хөгжим даган найгах утасны тод гэрлүүд, нижигнэсэн алга ташилт, дуу алдалт энэ үдшийн үйл явдал байлаа. Хөрш орны дэлхийн одод ийнхүү Монголд түрхэн зуур буудаллаад буцахтай нь бид учирсан азтай үзэгчид ээ.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!