Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ ЯРИЛЦЛАГА

“М Ойл групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа: Монгол дэлхийд моодны улс юм байна гэдгийг маш сайн ойлгосон

 

 Нүдэнд нэг л тусахуйц, содон ч гэмээр дулаахан хүнтэй урьд нь та таарч байсан уу. Өндөр гоолиг, зүс царай зөвтэй, харц дүүрэн энэ эмэгтэй бол “М Ойл” группийн гүйцэтгэх захирал, “Пунсалмаа” сангийн үүсгэн байгуулагч Б.Пунсалмаа хэмээх эрхэмсэг нэгэн юм. Хийж бүтээсэн зүйл ихтэй, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн, орчин цагийн эмэгтэйчүүдийн “мөрөөдлийн дүр” тэрбээр чадахгүй зүйл бидэнд үгүй, хий , бүгдийг чад, чадахдаа бүр төгс хий гэдэг зарчимтай. Характер нь тийм хүчтэй атал дотоод мөн чанар нь өр нимгэн. Амар амгалан амьдрал, элдэв мэдээллээс ангид байх “фигур”-тай тэрбээр олон эмэгтэйчүүд, өрхийн бизнес эрхлэгчдийг дэмжих, бүр нэгдэж, нийлж нэг корпораци болоод дэлхийд гарах бизнесийн анхдагч болох “Пунсалмаа” сангаа өнгөрсөн оны намар үүсгэн байгуулаад байгаа юм. Олон жилийн дараа Б.Пунсалмаа гэх эмэгтэй түмэнд хайрлагдсан байх нь гарцаагүй. Учир нь хэчнээн эмэгтэй, хэчнээн гэр бүл, үр хүүхдийн амьдралд гэрэл асаасан бизнесийн инкубатор, эх баригч болсон байхыг таашгүй.

Өөрийн чадах, хүч хүрэх зүйл байвал хүмүүст  тустай, дэмтэй явахсан гэж хичээдэг

-Пунсалмаа захирлыг “People” сэтгүүлийнхээ хойморт урьж, ярилцаж байгаадаа ихэд талархаж байна. Хэдийгээр бизнест амжилттай яваа удирдагч хүнд “үгүй” гэж хэлэх олон шалтгаан байх ч түмэнд тус хүргэчих юмсан гэсэн сэтгэл мянга дахин их байдаг гэдэгт итгэлтэй байна. Утасны цаанаас ярихад л ихэд уян, зөөлөн байх юм. Угаас ийм дуу шигээ зөөлөн чанарын хүн болов уу гэж бодогддог шүү?

 -“People” сэтгүүлийнхээ уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Тийм үү, намайг хүүхэд байхад настайчууд “Их өр нимгэн хүүхэд болох нь” гэдэг байсан. Тухайн үед юу гэсэн үг юм болоо гээд л утгыг нь ойлгохгүй шүү дээ. Нас яваад ирэхээр заримдаа өр нимгэн гэдэг нь энэ л юм байхдаа, миний явж байгаа амьдралын замнал юм болов уу гэж боддог үе бий. Өөрийн чадах, хүч хүрэх зүйл байвал хүмүүст  тустай, дэмтэй явахсан гэж хичээдэг шүү.

-Ер нь бол өр нимгэн байна гэдэг хүний хамгийн дээд чанар шүү дээ. Сайхан сэтгэл хэзээд хүнийг гэрэлтүүлдэг?

-Өр нимгэн байх нь угаасаа манай удмын чанар байх. Манай хүүхдүүд ч гэсэн тиймэрхүү.

-Тиймдээ ч өнөөдрийн “М Ойл” хэмээх том группийг амжилттай удирдаж, эмэгтэйчүүд хамтран бие биенээ дэмжин, синержи үүсгэх “Пунсалмаа” сангаа үүсгэн байгуулсан биз ээ. “Пунсалмаа” сан олон эмэгтэй, түүнийг дагаад Монголын мянга мянган айл өрх, бяцхан үрсэд сайн үйлс үзүүлэх байгууллага шүү дээ. Ерөөсөө л хийж байгаа ажлаас тань хайр үнэртээд байдаг нь гайхалтай?

-Энэ тухай ярих гэхээр өөр сэдвүүдээс эхлэх болох нь.

-Тэгэлгүй яах вэ, яриач?

-Би их сургууль төгсөөд бизнесийн салбарт орсон. Төгсөөд  нэг жил банканд ажилласан. Дараа нь өөрийнхөө хувийн компанид орж, нэлээн олон жил бизнесийн талбарт ажиллаж байна даа. Ажлын дөртэй болоод өөрийгөө овоо бизнес менежер болж байна гэж бодож эхлэх үед Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монгол дахь удирдах зөвлөлд орж ажиллаач гэсэн санал ирсэн. Би тэр саналыг нэлээд бодож байгаад зөвшөөрсөн. Ажилдаа ороод дөнгөж нэг жил болоход танай Монголын байгууллага их сайн ажиллаж байна, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөөд 2018 оны Дэлхийн дээд хэмжээний бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монголд зохион байгуулъя гэсэн хүсэлт  ирсэн юм. Чуулган зохион байгуулна гэдэг тухайн орнуудын хувьд том нэр хүнд. Нэлээн амжилттай яваа улсуудад зохион байгуулагддаг чуулган юм.

-Тийм ээ, энэхүү дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн Худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, ахисан түвшний 300 гаруй зочин хүлээн авах ажлыг тавхан Монгол эмэгтэй амжилттай зохион байгуулсны нэг нь Пунсалмаа шүү дээ?

-Энэ арга хэмжээг зохион байгуулахад миний бие болон IWFCI-ийн Удирдах зөвлөлийн таван гишүүн  эрвийх дэрвийхээрээ хүчин чармайлт гаргаж ажилласан. Эмэгтэйчүүдийн олон улсын дипломат ажлуудыг зохион байгуулах, хоёр өдрийн долоон салбар хуралдааны сэдвүүдийг сонгох, Монголоо таниулах, ая тухтай байлгах гээд бүх талын ур чадвар шаардсан шүү. Энэ арга хэмжээний үеэр нэг зүйлийг их сайн ойлгосон л доо.

-Юу билээ?

-Арга хэмжээ дуусч, бүх зочид буцсаны дараа “Монголчууд бид өөрсдийгөө дутуу үнэлж байгаа юм байна, бид маш их потенциалтай их зүйлийг хийж чадах юм байна, дээрээс нь Монгол дэлхийд моодны улс юм байна” гэдгийг ойлгосон доо. Манай эсгий эдлэл, ноолуур, чацаргана, кино урлагийн дэлгэцэнд гараагүй онгон дагшин байгалийн дүр төрх гээд энэ бүхнийг гадныхан хараад “Хөөх ямар гоё юм бэ” гээд л шүүрс алдаж байв.  Эхэндээ тэр болгоныг бид анхны сэтгэгдэл буюу комлимент хэлж магтаж байна гэж ойлгоод байлаа. Дараа нь харин тэд биднийг нутагтаа урихад үнэн гэдэг нь ойлгомжтой болсон.

Биднийг очиход тэд хэлсэндээ хүрч, манай чацаргана, эсгий, эсгий бүтээгдэхүүнүүдийг авъя гэцгээж байсан. Гэвч өгье гэхэд манай хэмжээ ерөөсөө хүрэлцэхгүй. Бид хэт өрсөлдөөд, Монголын том компаниуд бүр жижгэрчихсэн юм байна, үндэсний хэмжээний болоод улсаа төлөөлчих аж ахуйн нэгж, корпораци, үйлдвэр байхгүй болчихож гэж бодсон.  Индонез руу чацарганыг маш их хэмжээтэй гаргахын тулд манай бүх тариаланчдын бүтэн жилийн ургацыг нийлүүлэх шаардлагатай болох жишээний. Мөн Японы Ракутин гээд Алибаба шиг том сайт байдаг. Тэд эсгий таавчиг авъя гэсэн. Хойд нутгийн хавар гэж дуунд гардаг шиг Японы зарим хэсгээр их жавартай, сэрүүн учраас эсгий таавчиг яг тохирдог юм байна л даа. Ингэхэд манай тоо ширхэг хэт цөөхөн. Ерөнхийдөө Зүүн Азийн улсуудаар явж ирээд Монгол үүцээ нээгээгүй, дэлхийд моодны бараа бүтээгдэхүүнтэй орон юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Технологи биш бидэнд эв нэгдэл л хэрэгтэй, олуулаа болоод дэлхийд гарвал манай дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлт бий болж, уул уурхайтай зэрэгцэхүйц үйлдвэрлэлийг хөгжүүлж болох юм гэдэгт 2018 оны сүүлд гүн бат итгэсэн.

-Ингэж бодсоны эцэст нэгтгэх санаа нь “Пунсалмаа сан” байв уу. Аравтуудаас бүрдсэн нийгмийн сүлжээний платформ бий болгоно гэдэг аргагүй бизнес хүнээс гарах ухаан шүү?

-Тийм ээ. Нэлээн бодож байгаад энэ олон ассоциацийн удирдах зөвлөлд орж ажиллана гэдэг нэг хүнд боломжгүй юм, би ерөөсөө бүх хүмүүсийг сонирхол, сонирхлоор нийлж болдог, холбогдож уулздаг бааз суурийг байгуулчихъя, тэр бааз суурийг нь онлайн арав арваараа уулзаж болох мэдээлэл технологи дээр суурилсан платформыг хийхээр шийдсэн. Ингээд эхний аравтуудыг үүсгээд, уулзуулангуут хүмүүс бие биеэнээсээ суралцаад их сонирхолтой үйл ажиллагаа болсон. Дээрээс нь мэргэжлийн чиг баримжаа өгөх сургалтууд явуулж, янз бүрээр уулзалт зохион байгуулахад хүмүүсийн маань хүсэл эрмэлзэл нь оргилоод ерөөсөө бид үйлдвэрлээд эхэлчихье, хийе гэдэг шаардлага нь доороосоо ундраад ороод ирсэн. Эхлээд аль болох бололцоогоороо энэ бүх зүйлсийг компаниас, өөрөөсөө шийдвэрлэж явсаар сүүлрүүгээ “Пунсалмаа сан”-гаа байгуулах шийвдэрт хүрсэн. Манайх шиг олон үндэсний компаниуд бий. Тэдгээр компаниудтай хамтаръя тэгээд  IWFCI байгууллагынхаа шугамаар дэлхийд бараагаа гаргахад нь тусалъя  гэдэг санаа төрсөн.

“Punsalmaa foundation” сангаа ингэж анх үүсгэсэн л дээ. Нээлтийн арга хэмжээ зохион байгуулж үндэснийхээ компаниуд болон эрдэмтэн судлаач нартаа  уриалга хүргүүлсэн ба үүнийг маань маш нааштай хүлээж авсанд туйлын их байярлаж байгаа энэ далимд дамжуулан хэлмээр байна. Хүмүүс нэгнээ дэмжих асар сонирхолтой, гол нь тусалж  дэмжиж болохуйц боломжит механизмыг гаргах нь аль нэг холбогчийн үүрэг юм байна гэдгийг эндээс маш сайн ойлгосон доо.

-Их сайн холбогч болжээ. Тэдгээр дэмжиж, хамтарч ажиллах байгууллагууд дунд үндэсний томоохон компаниуд байна уу?

-Байгаа. Шууд нэрлэж болж байна уу. Бидний маш сайн мэддэг, үндэсний арваад компани хамтран ажиллаж байна.

Маш олон цэцэрлэг байгуулъя гэж бодож байна

-Саван, лаанаас эхлээд хамгийн эко, байгалийн шалгарсан бүтээлүүдийг үйлдвэрлэж байгаа гэдэг үнэн үү. Одоогоор Монголд “Пунсалмаа” сан шиг бодитой, ажил хэрэгч, шинжлэх ухаан, эдийн засгийн судалгаанд суурилсан үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа ижил төстэй байгууллага алга?

-Энэ ширээн дээр байгаа савангууд шүү дээ. Савангаа эхэлж үйлдвэрлэж сурсан. Үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн дээр манай дизайнерууд арав, арваараа баг болж ажиллаад саванг нь гайхалтай үзэмжтэй болгочихно. Харин хийсэн саванг нь маркетингийн арваараа ажиллаад борлуулна. Үнэхээр малын гаралтай тэр эко саван нь хүний арьс, биед сайн шингэж, үр дүн үзүүлж байна уу гэдэг дээр эрдэмтдийн баг ажилладаг. Бид ингэж гэртээ саван үйлдвэрлэж байсан эмэгтэйд маш олон гоё гоё орцууд нэмж өгч байгаа юм л даа. Зах зээл рүү гарахад ер нь бол бэлэн болчихлоо. Нэгдүгээрт зах зээлд гарах, хоёрдугаарт түүхий эдээ 100 хувь Монголоос авах зорилготой бид ажиллаж байна. Одоо бол зарим орц найрлага гаднаас ирдэг. Яваа яваандаа 100 хувь бүгдийг Монголоосоо авдаг болмоор байна, үнэртүүлэгчийг нь хүртэл монгол болгох гээд хичээж байгаа. Нөгөө талаар олны хүч оломгүй далай гэдэг шиг тэр том урсгалаас дахиад мөнгөн сан бүрдүүлнэ. Энэ сангаас өдгөө хамгийн хэрэгцээтэй байгаа цэцэрлэг барина гэсэн эхний зорилготой яваа. Маш олон цэцэрлэг байгуулъя гэж бодож байна. Лаа, дээл, саван, эсгий үйлдвэрлэгч гээд олон аравтууд гарч ирээд бүгд ажилтай, орлоготой болно шүү дээ. Ингэхээр хуримтлал үүсгээд хүүхдийн цэцэрлэг байгуулах гэж байгаа юм. Магадгүй тэр санд хуримтлал, хөрөнгөө оруулсан хүмүүс өөрсдөө тэр цэцэрлэгт гар бие оролцож болно. Энэ зун гэхэд эхний цэцэрлэгээ бариад эхлэх байх.

Processed with VSCO with a6 preset

Би яг чадчихлаа гэж хашгирах үе одоо болтол тохиолдоогүй

-Нийгэмд тун хэрэгтэй ажлуудыг гайхалтай эхлүүлж байгаа юм байна. Ингээд бодохоор өөрөөрөө бахархах, онгирох үе байна биз. Хааяа онгирох чинь сайхан шүү дээ?   

-Сургуулиа төгсөөд өдий болтол ажиллахдаа би яг чадчихлаа гэж хашгирах үе одоо болтол тохиолдоогүй л байна /инээв/. Өдөр тутамд ажиллаад л байдаг. Гэхдээ хүн өмнө нь чадахгүй байж байгаад ямар нэг юмыг хийх боломжтой  болоод ирэхлээрээ  тэрнээсээ их урам зориг авдаг ийм л хүн.

-Эмэгтэйчүүд маань ийм л “амархан” хүмүүс шүү дээ. “М Ойл” группийн тухайд ч хамгийн уян зөөлөн компани. Нефтийн компаниуд үнээ нэмж байхад “М Ойл” л ханшаа барьж, нефтийнхэн түгээлтээ зогсооход “М Ойл” л лимиттэйгээр олголт хийдэг. Зарим нь ханшаа нэмж байхад М Ойл бүр буулгаж байсан удаатай. Бүсгүй хүний ухаан бусдаас арай өөр байдгийг Пунсалмаа захирал үйлсээрээ харуулдаг шүү?

-Манай салбар өөрөө үндэсний аюулгүй байдлыг баримтлах статустай салбар. Тиймдээ ч хамгийн сүүлд 2018 оны бензин тасалдлын тухайд ярихад жинхнээсээ өр өвдсөн. Бид гэр бүлээрээ Хавайд амарчихаад ирэхэд бензин тасалдал үүсчихсэн байсан. Дөнгөж Монголд бууцмагцаа колонкуудаараа тойроход зарим нь хөндлөн хаалт тавьчихсан байлаа. Энэ юу болж байгаа юм бэ гэвэл “Шатахууны хомсдолд орсон”. Бид шатахуунаа хамаагүй тавиад туучихаж болохгүй байна, бөөнийхөө борлуулалтад нөөцөө барьж байна, шатахуунаа нийтэд чөлөөтэй түгээвэл 10 хоног ч хүрэхгүй бензиний нөөцтэй үлдсээн, захирал аа” гэсэн. Ингээд л би ямар ч байсан хаасан колонкуудаа бүгдийг нээ, 20, 20-н мянган төгрөгт ямартай ч бензинээ өг, иргэдийг гал алдуулж болохгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Ингээд манай колонкууд дээр маш урт урт дараалалууд үүсч байлаа. Ингэж л бид хэт ачаалалтай ажилласаар 10 хоног барина гэсэн нөөцийг нэг сар гарам барьж байж билээ. Байдаг бололцоогоороо л тэмцэж байсан хэлбэр лдээ.

-Ёстой харин сэтгэл харагдсан шүү, тэр үед. Эмэгтэй захиралтай байх олон давуу талтай ч бас заримдаа хэт жижиг зүйлс хөөчихдөг талтай гэж хүмүүс шүүмжилдэг. Өөрийн тань хувьд байгууллага, хамт олондоо хэрхэн ханддаг, ямар шаардлага тавьдаг вэ?

-Би шударга байх ганц л зарчимыг өөртөө тавьдаг. Хэрвээ хэн нэгэн буруу байна гэж үзвэл миний хэдий ойр дотны хүн байсан ч би өөрийнхөө шийдвэртээ хатуу зогсдог.  Ердөө л зөв, буруу гэсэн хоёр л зарчим үйлчилж заримдаа эмэгтэй хүнд баймгүй ч юм шиг хатуу санагдах үе өөртөө байдаг юм .

Мөн байгууллагын хувьд бол хувь хүмүүс ажилтан албан хаагч нарын ур чадвар жилээс жилд өсч байх хэрэгтэй гэж үздэг бөгөөд компаний дэргэдэх урлаг спортын  сургалтуудыг байнга зохион байгуулж байдаг юм. Ер нь бол хүн  мэдлэг олж хүн хөгжинө гэдэг нь тухайн хүнийг хичнээн их аз жаргалтай болгодог билээ дээ.

 энх цагийн эх орончид бол та нар шүү гэдэг

-Сайхан л хамт олон юм байна. Ажилчдаараа бахархана, хайрлана биз?

-Би нийт ажилтан, албан хаагчдадаа баярладаг. Заримдаа би хүмүүстээ хэлдэг юм. Эх оронч хүн гэдэг дайн байлдааны үед мэдээж буу бариад тулалдах байх. Харин энх цагийн эх орончид бол та нар шүү гэдэг. Яагаад гэвэл манай хүмүүс халуун нар гарлаа, бороо орчихлоо гэдэггүй гадаа л зогсож байна.Шөнө орой нойр хүрлээ, идэр есийн хүйтэнд даарлаа гэдэггүй, гадаа л зогсож байдаг. Ингэж ажилладаг та нар жинхэнэ эх оронч шүү гэж хүмүүстээ хэлдэг.

-“М Ойл” өдгөө Монголын топ компаниудын нэг болжээ. Эрэгтэй захирлууд зонхилдог нефтийн салбарт Монополь болчихсон олон том компаниас ялгарах, тэдэнтэй эн зэрэгцэх амаргүй л байсан байх. Хамгийн гол нь нефтийн гурав дахь гарцыг нээж, Евро-5 оруулж ирсэн явдал шатахууны салбарт том нээлт болсон. Энэ үе танай компанид гайхамшигт дурсамж үлдээсэн биз?

-Ер нь 30 хувь гэдэг маш том тоо. Хэрвээ та бүхэн анзаарсан бол Улаанбаатар хотын түгжрэл хэдэн жилийн өмнө нэлээн их байсан. Дугаараар хязгаарласны дараа гайгүй болсон. Тэр хэсэгхэн, мэдэгдэхүйц түгжрэл үгүй болсон нь 30 хувийн бууралт байсан. Нэг удаа манай компани дээр солонгос хүмүүс ирээд Монголд Евро-5 стандартын  бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирээч ээ, манайх 1960-аад оны үед яг Улаанбаатар шиг ийм аймаар утаатай байсан, танай Улаанбаатарын бүх машин Евро-5 шатахуун хэрэглэвэл утааны 30 хувь буурна гэж танилцуулсан юм. 30 хувь гэдэг тоо миний толгойд хүчтэй буусан байсан л даа. Нэгдүгээрт чанарын хувьд сайн мөн Улаанбаатар хотын утааг 30 хувь бууруулна мөн Монголд нефтийн гуравдагч гарцыг нээх нь надад чухал санагдсан. Ингэж  бид ажлаа эхэлж байлаа. Тэр тийм байгаагүй бүтэн нэг жил  гарам хөөцөлдсөн.

-Хөөх, тийм их ажил болоо юу. Гэсэн ч Монгол Улсын эрх ашигт чухал учраас та бүхэн зүтгэсэн биз?

Энэ бол улс дамнасан ачаа тээврийн асуудал болсон. Бүхэл бүтэн Хятад улсыг дамнаад Солонгосоос бүтээгдэхүүн оруулж ирэхийн тулд ачаа тээвэр зохицуулалт төмөр зам усан онгоц боомт гээд нэлээд олон том том асуудлууд үүсч байлаа. Газрын тосны багийнхантай бүтэн жил ахан дүүс болтлоо ойрхон ажиллаж, Солонгосруу нилээд олон удаа явж байж энэ ажлийн ард гарч байлаа. Хамгийн сүүлд бүх юм бүтээд яг орж ирэх дээрээ тулахад үнэ  евро-5 стандартын шатахуун тонн тутам нь 50 долларын үнэтэй байхаар гарч байлаа.

Бид одоо ч гэсэн колонкоосоо ашиг олдоггүй шүү дээ

Ёстой дурлаж л зүтгэж дээ. Тэгээд ашиггүй яаж ажилладаг юм бэ?

-Бусад компаниудын оруулж ирж байгаа үнээс 50 доллараар илүү үнэ тонн дээр тогтоогдчихоор бид литрийнхээ зөрүүг хийж чадахгүй болсон. Ямар ч ашиггүй шахам зараад л эхэлсэн. Нийгмийн хариуцлага юм даа, ичсэн нэр ч байсан. Гэтэл хамгийн түрүүнд Японы элчингийн хоёрдугаар нарийн бичиг эмэгтэй ирсэн. Та нар үнэхээр Солонгосоос оруулаад ирэв үү, яаж ажил хөөцөлдөв гэж асууж байгаад Та нар Японоос оруулж ирээч гэж байлаа. Хамгийн түрүүнд ирж бидэнд баяр хүргэсэн юм. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд манай тендерт оролцооч гэж захиа бичсэн. Гуравдугаарт манай үндэсний компаниудаас үнэтэй машин оруулж ирдэг газрууд  хамтарч ажиллая гээд захидал ирүүлсэн. Учир нь машиных нь банкан дээр евро-5 стандартын шатахуун хэрэглэнэ гэж бичсэн байдаг юм билээ. Тэр нь Монголд байхгүй байж. Мөн машины ченжүүд М- Ойлын бензин хийхээр машин хүчтэй болоод сайн зарагддаг гэсэн аман ухуулга хийсэн нь бидний чихэнд сонсогдсон /инээв/. Ингэж манайх зах зээлд нэвтэрч байлаа.  Бид одоо ч гэсэн колонкоосоо ашиг олдоггүй шүү дээ. Бүх уул уурхайн компаниуд, бүх үнэ цэнтэй том машин механизмууд евро түлш хэрэглэдэг учраас, тэднийхээ захиалгаар бид амьдардаг гэх үү дээ. Зөв явахад болдог юм даа гэдэг үг надад сайхан санагддаг. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг шиг л.

-Ёстой тийм дээ, сайн санаж явахад бүтнэ дээ гэдэг шиг. Одоо тэгээд бүр дэлхийн шатахууны стандарт евро-6 руу шилжиж байгаа юм биш үү?

-Бид 2011 онд евро 5-ыг оруулж ирсэн. 2015 онд ОХУ евро-5 руу шилжсэн. Путин таван жилийн зорилт тавьж байгаад евро-5 руу шилжүүлсэн. Одоо евро-5 стандарт евро-6 руу орж ирж байна. Бид ч гэсэн евро-6 захиалах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Өөрөө уг нь компаниа яг хөл дээр нь босгосон эмэгтэй юм билээ. Тавхан ажилтантай, оффисийн жижигхэн өрөө түрээсэлснээр өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн. Гэтэл баян нөхрийнхөө ажлыг үргэлжлүүлж байгаа мэтээр зарим хүмүүс өөрийг тань яридаг л даа?

-Нөхөр бид хоёр их эрт гэрлэсэн л дээ. Анхныхаа хүүхдийг өлгийдөж аваад орлогогүй байсан бололтой ааваас маань 200 мянган төгрөг зээлээд гэр орныхоо юмыг бэлдэж, аав бид гурвыг эмнэлгээс гэрт маань гаргаж байлаа. Тэр зургийг саяхан ээжийнхээ гэрт очихдоо хараад хөөрхөн байж дээ гээд бодсон. Аав маань бурхан болоод 5, 6 жил болчихжээ. Бид хоёр хоёулаа л энэ амьдралыг хамтдаа босгосон. Аливаад эрэгтэй хүний зангараг гэж юм байна. Манай хүн ч хэсэг ганцаараа компаниа удирдаж байсан, би ч удирдаж явлаа. Би ганцаараа удирдаж байхдаа энэ компанийг тогтвортой болгоё гэж бодсон бол манай хүн огцом өсөлт хийсэн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа нь тэр л юм билээ. Бид хоёр хамтдаа удирдаж байгаа энэ цаг хугацаанд илүү баланстай авч явж байгаа болов уу гэж хардаг.

-Халаас хоосон ч өндөрлөгт хүрсэн хүмүүс байдаг. Энэ бол сайхан дурсамж. Залуус маань ч ийм түүх сонсоод урам авдаг шүү дээ. Та хоёр ч тэр замыг туулжээ?

-Бүгд л тэгээс эхэлдэг шүү дээ. Манай хүн нефтийн салбарт ажиллаж байсан болохоор хүмүүсээ таньж байна, бэлтгэн нийлүүлэгчдээ мэдэж байна, баг бүрдүүлсэн л дээ. Одоо бодоход их инээдтэй. Анхны вогоноо хүлээж  аваад аавтайгаа, нөхөртэйгээ бас компанихаа анхны ажилтан нартайгаа бүгд баярлан зогсож байснаа санахлаар сайхан байдаг юм.

Би өөрөө түрүүлж нөхөртөө сайн болсон байх өө

-Их сургуулийн хоёрдугаар курст байхдаа эгчтэйгээ явж байгаад нөхөртэйгээ гудманд таарч танилцаж байсан гэж сонссон. Эгчийнхээ ангийн хүүхэд, нөхөртэйгээ анх танилцаад үг дуугүй ширтээд сууж байснаа нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан нь их хөөрхөн санагдсан шүү?

-Тийм ээ, тэр нэгэн өдрөөс хойш нөхөр маань үе үе санаанд орж гараад их л сонин бодогдоод байсан. Жилийн дараа бид хоёр дахин дайралдсан даа. Би өөрөө түрүүлж сайн болсон байх өө. Манай хүн чинь харьцангуй царайлаг хүн дээ. Яг үнэнийг хэлэхэд би царайнд нь болчихсон юм шиг байна лээ /инээв/

-Хөгжилтэй юм аа. Нөхрийг тань харахад их л дулаахан, ноён нуруутай, дуу цөөтэй хүн шиг санагддаг. Таны эр хүний талаарх фигур тийм гэж ойлгож байна. “Эмэгтэй хүн хэний хажууд байхаа өөрөө сонгодог, би их амар амгалан байх дуртай” гэж нэгэн ярилцлагадаа дурьдсан байсан шүү дээ?

-Хүн өөрийн таатай газраа л идээшдэг. Түүн шиг би их чимээ шуугиантай, их мэдээлэлтэй газарт байх дургүй. Миний өссөн аав, ээжийн гэр бүл ч тийм. Манай ах надаас долоо ах, дүү тав дүү. Намайг том болж байхад ах маань тусдаа гарчихсан, дүү бид хоёр өөрсдийн өрөөндөө л сууж байдаг байлаа. Манайх их сэлүүхэн байсан болохоор чимээ шуугиан багатай, тайван газарт байх дуртай юм болов уу даа. Тэр утгаараа нөхөр бид хоёр таардаг байж болно.

-Харин эрчүүд таныг хэрхэн хараасай гэж боддог вэ. Байр байдлаас тань харахад хэр баргийн хүн халдаж ойртохооргүй санагддаг шүү. Өндөр гоолиг, үзэсгэлэнтэй, залуухан лидерт тодорхой цензур байдаг биз?

-Тэр талаар бодож байгаагүй юм байна. Ер нь өсвөр насны хүүхдүүд бүгд л гоё сайхан болохыг мөрөөддөг. Би ч гэсэн гоё, сайхан эгч болъё гэж боддог л байсан. Гэхдээ би 10 жилд байхдаа ангийнхаа хамгийн жижигхэн охин байлаа. Доороосоо гуравт зогсоно. Манай ангийн багш Цэрэнхүү гэж их гоё өндөр нуруулаг биетэй, өөртөө итгэлтэй алхаатай, сайхан бичдэг, сүүлд сургуулийн захирал болсон эмэгтэй бий. Тийм жижигхэн биетэй мөртлөө Цэрэнхүү багш шиг болно гэж боддог байсан /инээв/. Үнэхээр ч миний бодсоноор өндөр нуруулаг болж өссөн. Би гэхдээ өсөх гэж их хичээсэн. Сунгалт хийнэ бассейнд явна нилээн хичээж байсан шиг санагддаг юм.

Би хүүхдүүдээ нэг их ингэ тэг гээд заагаад байдаг төрлийн хүн биш

-Хүүхдүүддээ амьдрал хэмээх их хөлгийн талаар ямар бодол төлөвшүүлдэг вэ. Өөрийн тань хувьд ер нь л номын мөр хөөсөн, төлөв даруу охин байсан юм билээ?

Би хүүхдүүдээ нэг их ингэ тэг гээд заагаад байдаг төрлийн хүн биш. Хүүхдүүдийнхээ өрөө рүү шууд орохгүй, тогшиж орно, хоёулаа таван минут ярих уу гэж зөвшөөрөл авч уулзана /инээв/. Ер нь хүүхдүүдийнхээ орон зайг хүндэлдэг холоос л ажиглаад байдаг юм. Зарим нэг таалагдахгүй юм байвал хэлж ярилцана. Манай аав ч гэсэн тиймэрхүү байсан. Намайг шууд загнаж байгаагүй санагддаг юм. Чи ийм ухаантай хүүхэд байж ийм алдаа хийхдээ яахав дээ л гэнэ. Ер нь хүүхдүүддээ их нээлттэй байдаг тал руугаа.

Би чинь Олимпийн найдвар хүн шүү дээ гэж орой руу орсон

-Аав, ээж тань “Манай гэрийн Олимпийн найдвар” гэж өөрт тань хэлдэг байсан гэсэн. Үнэхээр ч аав, ээжийн бахархалт, Олимпийн найдвар охин болж чаджээ. Охиндоо их л найдвар өгч, итгэлийн гал бадраадаг байж шүү?

-Би аравдугаар анги төгсөөд яг хүссэн сургуульдаа орж чадалгүй хэлний сургуульд орчихсон юм. Тухайн үед л тэр аав ээжийн үг миний орой руу орж ирээд байсан. Би чинь Олимпийн найдвар хүн шүү дээ гээд /инээмсэглэв/. Тэгээд яах вэ, хэлний сургуульд сурч байхдаа давхар шалгалтандаа бэлдсэн. Өөрийнхөө яг хүссэн сургуульдаа орох гээд бэлдэж байсан үе их санагддаг юм. Одоо эргээд бодоход хүний ижий аавын тэр их хүндэтгэл, хүнийг дандаа  л хамгийн зөв шийдэлд дээр авчирч байдаг юм шиг санагддаг шүү.

Миний хийх гээд байгаа ажил бол “Бид” гэдэг бүгдээрээ хийх зүйлүүд байдаг

-Өдгөө Пунсалмаа Монголын топ компанийн нэгийг удирдаж, “Пунсалмаа” сангаа ч үүсгэн байгууллаа. Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, улс төрд бас хөл тавьсан. Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон шүү дээ. УИХ-д нэр дэвшинэ л гэж ний нуугүй хэлэхэд яригдаад байна лээ?

-Миний хийх гээд байгаа ажил бол “Бид” гэдэг бүгдээрээ хийх зүйлүүд байдаг. Арвуулаа, зуугуулаа, мянгуулаа хийх учраас би зайлшгүй л олны дунд орж, тайлбарлаж, хамтарч үйлдэх юм. Ерөнхийдөө бол дандаа л олон нийтийн дунд ажиллаж байна. Олон нийтийн байгууллагад ажиллахаар хүмүүс намайг УИХ-д нэр дэвших гэж байгаа юм болов уу гэж таамагладаг тал бий.

-Нийслэлийн Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болохоор зайлшгүй дэвшинэ л гэж хүмүүс хараад байгаа юм л даа?

-Намайг хүмүүс тэгж харж байгаа бол би баярлана. Гэхдээ одоогоор дөнгөж Пунсалмаа сангийн маань төсөл эхэлж байгаа болохоор би улс төрийн талаар огт бодоогүй явна. Төслийн эцсийн үр дүн гарахад наад зах нь гурван жил хэрэгтэй болно. Одоогоос яг жилийн дараа л энэ төслийн ерөнхий  хэлбэр нь хүмүүст  харагдаж эхлэнэ. Хоёр жилийн дараанаас соёл болоод сууж эхэлнэ. Гурван жилийн дараагаас уламжлал мэт болгох зорилттой ажиллаж байна. Гэтэл одоогоор энэ төсөл маань дөнгөж эхэлж байгаа учраас улс төрийн талаар бодох цаг өгөхгүй байна.

Шкаф дүүрэн хувцаснаас хайж өмсөхөд цаг алдана, зай ч эзэлнэ

-За ганц асуулт тавья. М Ойлын захирлын хувцаслалт, гадаад имиж, хувцасны шүүгээ, үнэт эдлэл, дуртай брэндийг бүсгүйчүүд маань сонирхож байгаа байх?

-Сүүлийн үед минималист тал руугаа явж байна. Минималист гэдэг нь тухайн хэрэгцээтэй юм нь маш тодорхой байхыг хэлээд байгаа юм. Шкаф дүүрэн хувцаснаас хайж өмсөхөд цаг алдана, зай ч эзэлнэ /инээв/. Бас хэт их үнэтэй брендын хувцас өмсөхөөр над тухгүй санагддаг. Өөртөө эвтэйхнийг өмсдөг. Европ размер таардаг болохоор тэр чиглэлийн л хувцас өмсөнө дөө. Минималист гэдэг утгаараа жилдээ би хоёр удаа л дэлгүүр хэсдэг. Өвөл, зуны улиралд орно. Шинэ гурван хувцас авбал шкафнаасаа гурван хувцас гаргачихдаг. Тэр нь ажил хэрэгч хүмүүст цагийн хэмнэлттэй байдаг юм. Юу өмсөх нь тодорхойгүй байхаар хайран цаг шүү дээ.

 

-Ярилцсанд гялаалай.

Эх сурвалж: People сэтгүүл

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!