Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайнд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг гарсан.
Цагдаагийн байгууллагад тухайн сарын 23-нд “Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна” гэсэн дуудлага тус хорооны оршин суугчаас ирж, цагдаагийн алба хаагчид хэргийн газарт зургаан цаг үзлэг хийж, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй талийгаачийн төрсөн ах С.Ганболдыг яллагдагчаар татан, цагдан хорьсон байдаг.
Тэгвэл яллагдагч С.Ганболдод холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2021.05.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх бүрэлдэхүүн гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял оноож шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь (Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан) заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны тавдугаар сарын 18- ны өдөр болж, шүүгдэгч С.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь (Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан) гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноож, шийдвэрлэжээ.