Спутник V вакцины хоёрдугаар тун ирэх сарын эхээр орж ирнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Тэрбээр “Манай улс Спутник V вакцины хоёр удаагийн татан авалт хийсэн. Эхний ээлжид 10,000 ширхэг нэг болон хоёрдугаар тунг оруулж ирж иргэдээ дархлаажуулсан.
Харин 20,000 тун вакциныг татан авах үед ОХУ-аас хоёр тунгийн хоорондох зай 21-90 хоног болно гэдгийг зарласан. Энэ хугацаанд бид вакциныг оруулж ирэх талаар ярьж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам энэ чиглэлд ажиллаж байна.
Ямартай ч энэ сарын сүүлч ирэх сарын эхээр Спутник V вакцины хоёрдугаар тунг оруулж ирэх талаар яригдаж байна” гэв.
ОХУ-д үйлдвэрлэсэн коронавируст халдварын эсрэг Cпутник V вакцины эхний 20,000 тунг манай улс татан авч, 65-аас дээш насны иргэдээ вакцинжуулсан.
Гэвч үйлдвэрлэгч оронд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хоёрдугаар тун орж ирэх хугацаа тодорхойгүй байсан юм.