Сэлэнгэ аймгийн МХГ-аас Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хяналт шалгалтын ажлыг хийж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд болж байгаа аж. Хяналт, шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хоол хүнсээр дамжих хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх, зөвлөмж, зөвлөгөө өгч байна.
Шалгалтад 6 аж ахуйн нэгж, иргэн хамрагджээ. Шалгалтын явцад хүнсний аюулгүй байдалтай холбоотой 10 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 4 зөрчлийг арилгуулан, хаяг шошгын зөрчилтэй гурван нэр төрлийн 67 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийсэн байна. Мөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн хадгалалт, тээвэрлэлт, худалдаалалтын горимыг мөрдөх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ. Энэхүү хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.