Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч, долоон хүн голын усанд осолдсон билээ.
Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрсөн харамсалтай хэрэг гарсан.
Ослоос иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан. Харин
- Т /62 настай, эрэгтэй/,
- Ц /50 настай, эрэгтэй/,
- Г /нас тодорхойгүй, эрэгтэй/,
- У /38 настай, эмэгтэй/,
- У /32 настай, эмэгтэй/,
- Б /8 настай, эмэгтэй/,
- А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул эрэн хайх ажиллагаа хийж эхэлсэн.
Улмаар дөрвөн хүний цогцсыг гаргасан бол гурван хүнийг эрэн хайр ажиллагаа үргэлжилсээр байсан юм. Гэвч 10 гаруй хоног эрэн хайгаад үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрэн хайх ажиллагааг зогсоожээ.