Хөгжлийн банканд холбогдох асуудлаар хэд хэдэн УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсээд буй. УИХ-ын тухай хуулиар, Улсын Ерөнхий прокурор санал гаргаснаар, 24 цагийн дотор чуулган ээлжит бусаар хуралдан, тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцдэг.
Улс төрийн хүрээнд мэдээлэгдэж буйгаар, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, С.Бямбацогт болон Л.Энх-Амгалан, Ч.Ундрам нарын гишүүд дээр түдгэлзүүлэх санал өгөхөөр буй.
Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулна” гэж мэдэгдэл хийснээр дээрх жагсаалтад нэрлэгдсэн бусад гишүүдийг баахан сандаргав. Гэхдээ энэ нь шударга нэрийн доорх хуурамч мэдэгдэл байсан юм. Учир нь УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхийг зөвхөн Ерөнхий прокурор л санал оруулж байж УИХ шийддэг. Харин чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол өөр хэрэг. Тэгвэл энэ асуудал массыг доргиох байх гэж айсан зарим гишүүн нэлээн сандарсан сурагтай.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт амралтын өдрүүдээр гишүүдтэй холбогдож, “Намайг түдгэлзүүлэх санал орж ирвэл битгий кноп дараарай” гэсэн агуулгаар ханджээ. Дээр дурдсанчлан, хэрэв Б.Жаргалсайхан прокурор УИХ-д хүсэлт гаргавал 24 цагийн дотор асуудлыг шуурхай хэлэлцэнэ. Ингээд хаалттай журмаар санал хураах юм.