Баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газарт оруулахаар болсон талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр “Эрдэмтэн судлаачид, ЭМЯ-наас баяр наадмыг хойшлуулах нь цар тахлыг хумихад нэмэртэй гэдэг тооцоолол гаргасан. Иймд УОК өнөөдөр хуралдаж, баяр наадмыг хойшлуулах санал гаргалаа. Засгийн газарт баяр наадмыг зогсоох, хойшлуулах эрх байдаг. Энэ хүрээнд Засгийн газар маргааш ээлжит бус хурлаар эцэслэн шийдэх юм.
Нийтээр тэмдэглэх өнгөрүүлэх баяр наадмын тухай хуульд шилжүүлэн хийх тухай заалт байхгүй. Хойшлуулах, шилжүүлэх тохиолдолд заавал хуульд өөрчлөлт оруулдаг. Тиймээс “Цар тахлын” тухай хуулиар баяр наадмыг хойшлуулах, хязгаарлах эрх олгосон.
Баяр наадмын үеэр 9 хоног амрах зохицуулалт хийсэн. Амралтыг хэрхэх талаар Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ.
Баяр наадмын нээлтэд зориулж нэгэнт хийгдсэн видео контентыг баяр наадмын өдөр цацна. Харин гэр хүрээг Засгийн газрын шийдвэр гарсны дараа буцаагаад татах асуудал яригдах байх.
Ойрын өдрүүдэд баяр наадмыг эсэргүүцэх иргэдийн эсэргүүцэл нэлээд өргөн болж байна. Ардчилсан нийгэмд төр засаг нь иргэдийнхээ байр суурийг хүлээн авч нөгөө талаас эрдэмтэн судлаачдын дүгнэлт, ЭМЯ-ны дүгнэлтэд үндэслэж УОК-ын шийдвэр гарсан.
Хөдөө орон нутаг баяр наадам хийх эсэхийг долдугаар сарын 20-ноос хойш цар тахлын нөхцөл байдал ямар байхыг харгалзан үзэж, УОК шийдвэрлэнэ. Нэгэнт баяр наадам бүтэн жилээр хойшилж байгаатай холбогдуулан хэрхэхийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ” гэлээ.