УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэл явж байна. Энэ хүнийг муулах ажлыг хэвлэл мэдээлэл гээд бүх газраар явуулж байна. Өөр муулах зүйл зөндөө байна. Гэтэл нэг хүн рүү дайрдаг асуудал бий боллоо. Сонгуульд бөхөөр бол хоёр гарыг нь хоёр хөлтэй нь хүлж байгаад барилдуулах гээд байгаа юм уу? Эсвэл бүр өрсөлдүүлэхгүй гээд байгаа юм уу? Хэн ч нэр дэвшиж болдог Ардчилсан улс.
Энэ асуудалд үнэхээр сэтгэл гутарч байна. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй, эрхгүй гээд хууль мэддэг гишүүд нь ярих юм. Ерөнхийлөгч бүх асуудлаар хориг тавьж болохоор болсон. Үүнийг хэдхэн сарын өмнө хийснийг мартчихаа юу? Ард түмнийг төөрөгдүүлсэн зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Монголын ард түмэн тэнэг биш. Хэн рүү хэн дайрч байгааг хараад мэдэж байгаа.
Ажлын хэсгийнхнээс асууя. Бага суудлын хурал гэдэг яадаг юм бэ? Хуралдаж байснаа хаяж яваад, тэнд байсан гишүүнийг дундаас нь чөлөөлж болдог юм уу? Бага суудлын хуралдааны протокол шийдвэрийг бид харж болдоггүй юм уу?” гэв.