Өнөөдөр /2022.04.14/ Монгол хүний амийг хөнөөх захиалга өгсөн гэх БНХАУ-ын иргэний талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, иргэн Б.Ганхуяг Хятад улсын иргэнтэй хамтарч үйлдвэр бариад 30, 70 хувиар хувааж эзэмшихээр тохиролцсон ч залилуулсан гэх. Тэрбээр “Одоогоос таван жилийн өмнө болсон энэ хэргийг тухайн үед иргэний хэргийн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ үед Хятадын иргэн Говьсүмбэр аймгийн цагдаад түүний эсрэг мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ процесс хоёр жил үргэлжлээд хэрэгсэхгүй болсон ч түүнийг алуулах захиалгыг Хятад иргэний зүгээс Наранбаяр гэж хүнд өгсөн” хэмээн иргэн Б.Ганхуяг ярилаа.
Цаашлаад, “Намайг алах захиалга авсан н.Наранбаяр гэгч өөрөө над руу яриад Хятад улсын иргэнтэй маргаантай юм уу гэж асуусан. Би тийм ээ гэсэн. Тэгвэл хоёулаа нэг зүйл дээр тохиръё. Би чамайг алсан гээд хэлчихье. Чи үхсэн болоод жүжиг тоглоод өгөөч. Тэгвэл би энэ хятадаас үлдсэн мөнгөө аваад хил гараад явчихмаар байна гэж хэлсэн” гэв.
Тэр гол шаардлагаа болгож, “Энэ хэрэг нотлох баримттайгаар илчлэгсэн. Бүх баримт буруутайг нь нотлоод байхад хууль хүчний холбогдох албанынхан огт хөдөлдөггүй. Дандаа хэрэгсэхгүй болгочихдог. Энэ хятад хүний гарт бүгд орчихсон. Надруу олон удаагийн сүрдүүлэг, дарамт ирсээр байгаа” гэж ярилаа.