Uncategorized Амьдрал Зөвлөгөө Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Элчин сайд Шэнь Миньжуань: Визний мэдүүлгийг үе шаттайгаар хялбаршуулж байна

Б.НАНДИН

Манай улсын иргэд БНХАУ-д 30 хоногийн дотор визгүй зорчдог. Харин сараас илүү хугацаагаар тус улсад зорчих, суралцах, бизнес эрхлэх болон албан зорилгоор аялах бол виз мэдүүлдэг журамтай. Энэ журмын хүрээнд 2023 он гарснаас хойш 7000 дахь удаагийн визийг өнгөрсөн баасан гаригт монгол улсын иргэдэд ёслолын байдалтай гардуулан өгсөн юм. Мөн БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс хамгийн сүүлийн батламж бичгээ мөн хүсэлт гаргасан монгол иргэдэд гардууллаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ оны хоёрдугаар сараас эхлэн нэг цонхны үйлчилгээг сэргээж, өнөөдрийг хүртэл 7000 визний мэдүүлэг хүлээж авсан байна. Харин энэ жилийн эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор манай улсын нэг сая гаруй иргэн өмнөд хөршид зорчсон нь цар тахлаас өмнөх үеийн хэвийн үзүүлэлтэд хүрчээ.

БНХАУ-ын ЭСЯ-аас виз болон консулын үйлчилгээг хялбаршуулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буй таатай мэдээ дуулгасан юм. Тухайлбал, өмнө нь Хятад, Монгол хоёр улсын иргэд өөрийн улсад үйлдэгдсэн баримт бичгийг нөгөө улсад ашиглахдаа орчуулгын товчоо, нотариат болон Гадаад харилцааны яамаар Апостиль гэрчилгээ хийлгэсний дараа дахин БНХАУ-ын ЭСЯ баталгаажуулж олон шат дамжлага дамждаг байжээ. Тэгвэл БНХАУ Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцид энэ сарын 8-нд нэгдэн орсон байна. Ингэснээр БНХАУ-ын ЭСЯ консулын баталгаажуулалтын үйл ажиллагааг албан ёсоор зогсоожээ. Тиймээс тус яамны хамгийн сүүлчийн буюу 2000 дахь албан баталгаажуулалтыг Монгол Улсын иргэдэд гардуулан өгсөн нь энэ. Цаашид Хятад, Монгол хоёр улсын баримт бичиг нь тухайн үйлдэгдсэн улсын Гадаад харилцааны яаманд Апостиль гэрчилгээ хийлгэсний дараа шууд нөгөө улсад ашиглах боломжтой болох юм. Ингэснээр хоёр улсын хоорондын баримт бичгийн эргэлтэд орох хугацаа, зардал багасаж, иргэдэд цаг хугацаа болон зардал хэмнэх давуу талтай. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Манай яам энэ жил визний үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр олон арга хэмжээг авсан. Үүний эхнийх нь, нэн шаардлагатай иргэдэд ногоон гарц нээж өгсөн. Хоёрдугаарт, визний мэдүүлэг хүлээж авах хугацааг уртасгасан. Гуравдугаарт, онлайнаар визний цаг товлох системийг хэрэгжүүлсэн. Мөн өнгөрсөн сарын сүүлээс эхлэн виз мэдүүлгийн тоо багассантай холбогдуулан цаг товлох системийг цуцалсан. Ингэснээр иргэд заавал онлайнаар цаг авалгүй ЭСЯ-нд өглөө эртлэн ирж, тухайн өдөртөө визний цаг хүсэх боломжтой болж байгаа. Хятад улс виз болон хил дамнасан бичиг баримтыг хялбаршуулах цуврал арга хэмжээ авч байгаа нь хоёр орны иргэдийн харилцан зорчих болон бизнесийн харилцааны үр ашгийг нэмэгдүүлнэ. Манай Элчин сайдын яамнаас виз мэдүүлэхэд тав тухтай байдлыг хангаж, виз мэдүүлэх үйл явцыг хялбаршуулж, илүү чанартай консулын бичиг баримтын үйлчилгээг хүргэж байгаа нь хоёр орны харилцаа цаашид улам хөгжих, иргэдийн урсгал нэмэгдэхэд ахиц дэвшил авчирна гэж найдаж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 226, 227 (7211, 7212)

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!