Өчигдөр орой 20 цагийн орчимд цахилгаан дугуйтай хүүхдүүд явган хүн мөргөж гэмтээжээ. Иргэн Ё.Батбаярыг роликтой явж байхад нь цахилгаан дугуй унасан хүүхдүүд мөргөснөөс болж 10м орчим шидэгдэж, гурван хавирга нь хугарч, уушгинд хугарсан хавирга зоогдож хүнд гэмтэл авчээ.
Өдгөө тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд энэ талаар өөрийнхөө цахим хуудаст сэрэмжлүүлэг болгон хүргэсэн байна.
“ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДЛАГАД!
АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙНА УУ ?
Танай цэцэрлэг хүрээлэнд хүн амьд явах ямар ч баталгаа алга. Танай хүрээлэнд өглөө бүр гүйж, хаяа оройдоо ролик гулгаж амрах дуртай нэгэн. Гэвч анзаарч байхад оройдоо цахилгаан мотоциклтой залуус ихээр дугуйн зам дээр хүрд хэтрүүлэн давхих болсон. Тэд хамгаалалтын дуулгатай, өөрсдийгөө гэмтлээс бүрэн хамгаалсан явдаг хэрнээ бусдын аюулгүй байдалд заналхийлж маш их хурдтай явж хүүхэд залуусыг айлгаж байна. Олон удаа хүн мөргөсөн байхыг харж байсан. Гэтэл яг өөрийг маань ингэж мөргөнө гэж яаж мэдэх билээ!
Өчигдөр орой 20 цагийн үед (гэгээ тасраагүй, үзэгдэх орчин маш тод!) дугуйн зам дээр роликтой гулгаж явтал ард талаас цахилгаан мотоциклтэй хоёр жаахан хүүхэд (эмэгтэй охин н.Хүслэн жолоодож, залуу нь ард нь сууж явсан ) мөргөж 10 гаран метр шидэгдэж гурван хавирга хугарч, уушгинд хугарсан хавирга зоогдож хүнд гэмтэл авлаа.
Миний бие Монголдоо сайхан амрах гэж Америкаас ганцаараа ирсэн тул ямар ч туслах дэмжих хүнгүй маш хэцүү байдалтай байна. Гэмтлийн эмнэлэг оргүй байгаа тул коридорт одоогоор сууж байна. Эвхдэг ор хүн авчирч өгнө гэсэн. Ингээд хамгийн аюулгүй орчимд дасгал бэлтгэл хийж өөрийгөө арчилж байна гэж бодсон нь буруу болж маш том гэмтэл авлаа. Амь гарахыг бурхан л мэдэх байх. Маш их харамсалтай байна.
Иймд цэцэрлэгт хүрээлэн үүнд анхаарч ихээхэн анхааралтай ажиллахгүй бол олон сайхан залуус болон хүүхдүүд гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй байна. Хамгаалагч залуус харагддаг боловч тэд бүгд усан оргилуур хавиар юм яриад сууж байдаг.
Монголд олон жил амьдраагүй тул ийм нөхцөл байдалд цааш яах, хэрхэн хуулийн дагуу хүүхдүүдэд арга хэмжээ авах, Цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд хэрхэн гомдол гаргаж хохиролгүй болох талаар зөвлөгөө өгөөч !
Биеийн байдал тун тааруу байгаа тул ихээр санаа зовниж байна.
Мотоцикл бараг 20 метр явж зогссон замын зурвастай бичлэг болон 2 хүүхдийн зургийг хавсаргав. Мөн мөргүүлэхээсээ өмнөхөн ердөө 5 минутын өмнө дарсан селфиг хавсаргав !
Ё.Батбаяр” гэжээ.
Өөрөөр хэлбэл энэ төрлийн осол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг биш удаа болж байж. Харин одоогийн удирдлага нь болох Ү.Оюунзул үүн дээр арга хэмжээ авч байгаагүй болж таарах нь ээ. Хичнээн хүний эрүүл мэнд, амь насаар “туг тахиж” байж зохицуулалт хийх нь түүний эрх мэдлийн асуудал болж таарч байна. Харин Ү.Оюунзулд хариуцлага тооцох нь хотын дарга Д.Сумъяабазарын эрх мэдлийн асуудал болж байна.
Дараагийн мэдээ