УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав “Вояжер минерал ресурсер” гэх уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниараа Сэлэнгэ аймаг болон бусад газрыг сэндийчиж буй эздийн нэг. Тиймдээ ч өөрийн сонгуулийн PR-ийг хийсэн сэтгүүлч найз Уртнасанг БОАЖ-ын сайдын албан тушаалаар шагнан аархаж байлаа. Сонгуулийн үеэр аавынхаа компанийн нэрийг гарчих вий хэмээн унтаж чадахгүй шахам явж байсан тэрбээр өдгөө Хөгжлийн банкны өрийн асуудлаас болж аавыгаа зарлахаас аргагүйд хүрсэн.
Түүний аавын “Вояжер минерал ресурсер” компани Хөгжлийн банкнаас 414.4 сая иенийн зээл авч, хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн талаар мэдээлэл гарсны дараа зээлээ төлж барагдуулсан. Хэрэв Хөгжлийн банкны асуудал сөхөгдөөгүй бол өрөө өдий хүртэл төлөхгүй байх ч байсныг үгүйсгэхгүй. Учир нь асуудал сөхөгдөж, нийгэм сэрэнгүүт тэрбээр тун яаралтай өрөө барагдуулсан. Ийм хурдан төлбөрийг барагдуулахыг бодоход мөнгөтэй ч компани аж. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам аавынхаа Хөгжлийн банкнаас авсан зээлийг мэдээгүй байсан, аав нь бүрэн төлж дууссан гэсэн үлгэр өдгөө ярьж байна.
Тэрээр, “Манай аав бол олонд хүндлэгдсэн бизнесмен, баялаг бүтээгч дэлхийн хаанаас ч зээл аваад тэрийгээ эргүүлж төлөөд ирсэн хүн. Би бол аавдаа хайртай. Миний аав намайг бизнесдээ оролцуулдаггүй. Намайг мөнгө биш номтой хүн болгох гэж л хүмүүжүүлсэн. Аав маань бол охиндоо санаа зовоод, нойргүй хоносон байна лээ. Надад уучлаарай гээд хэлсэн. Бүх юмаа шавхаад л, энд тэндээс бололцоогоороо зээлээ эргэн төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй. Бүгдийг нь төлсөн.
Би яг үнэндээ энэ асуудал гарч ирээд л аавынхаа энэ зээлийн тухай мэдээлэл авсан. Би бол тухайн үед их сургуулийн удирдлага гэдэг утгаараа намаасаа түдгэлзсэн байсан. Хийсэн юм байхгүй юм чинь би юугаа шалгуулах вэ дээ. Намаас өгсөн үүргийн дагуу өөрийгөө шалгуулах бичиг, хүсэлтээ өгье гэж бодож байна” гэлээ.
Ийнхүү аавын эрх охин шиг хариулт өгч, ард түмнийг мөн л мангартуулж байгаа тэрбээр “Би аавдаа хайртай, миний аав бизнестээ намайг оролцуулдаггүй, Аав маань охиндоо санаа зовоод, нойргүй хоносон байна лээ. Надад уучлаарай гэж хэлсэн” зэрэг хариулт өгч байгаа нь яг л арван жилийн хүүхэд аятай санагдав. Мэдээж өрөө тэглэсэн нь сайн хэрэг. Гэхдээ иймхэн хариулт өгч, эргээд энэ УИХ-д тухласан шиг ард түмний тархийг угааж явах санаатай, өрөвдөлтэй зүйл яриад өр нимгэн монголчуудын зүрхийг уярааж байгаа нь тун харамсалтай.