Мэдээж баяр наадмаар бүгд л баярлаж, хөөрөөд нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэхийг дор бүрнээ хичээсэн байж таарна. Гэхдээ ард түмний амьдрал хүнд, цагийн байдал ороо бусгаа байхад мөнгөний бодлого барьж буй Монголбанкны ерөнхийлөгч тансаг үдэшлэгт хүүхэн, бүжиг эргүүлээд явж байх нь хэр зохистой вэ. Түүний гай барцадыг тоолоод баршгүй.
Тухайлбал Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг орон сууцтай болох хүсэлтэй иргэдийг ипотекийн зээлээр боомилж, хүүг нь өндөр тогтоож байсан нь тэднийг хясан боогдуулсан гэж үзэхээс аргагүй.
Тэр ч утгаараа Шадар сайд С.Амарсайхан Б.Лхагвасүрэнг ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй учраас огцруулж, хуулийн байгууллага шалгах ёстой гэсэн.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2020 онд нийт 65 мянга орчим иргэнд ипотекийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон байдаг. Дээр дурдсан ажлын хэсгээс 8 хувийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг 6 хувь болгох, мөн шинээр зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох боломжтой гэсэн дүгнэлт гарсан.
Үүнийг өмнө нь хэрэгжүүлэх боломж хангалттай байсан ба албан тушаалтнууд огт хөдөлгөхгүй байсаар өнөөг хүргэсэн. Бүр иргэдийн ипотекийн зээлийн 8 хувийг 2 хувиар бууруулж, хэдэн жил дээрэмдсэн олон зуун тэрбум төгрөгийг нь буцаан авч,зөрүүг нь төлүүлэх тухай шийдэл ярихаар Монголбанк, МИК-ынхан тэрийгээд хэвтчихдэг байж.
Энэ талаар Шадар сайд “Монголбанкнаас 1 хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд 12 хувиар олгодог байснаа одоо 8 болгосон. Үүнээс тус банк 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар ашиглан, зарим арилжааны банкны дүрмийн санг нэмсэн. Тэгсэн хэрнээ зээлийн хүүг 8-аас 6 болгохыг дэмжихгүй байна. МИК зөвхөн Төв банк, Засгийн газрын эх үүсвэрээр ипотекийн зээл олгох ёсгүй. Тэд санхүүгийн өөр эх үүсвэр бүрдүүлэн зээл олгох ёстой. Төв банк үр ашиггүй зарцуулсан мөнгөө эргүүлэн авч, дараагийн зээлүүдийг санхүүжүүлэх ёстой. 20 орчим мянган өрх зээл авахаар хүлээж байна. Энэ зээл бүр наймаанд орчихож” гэж байлаа.
Ер нь нийгэм, эдийн засгийн доройтол, ханшийн өсөлтөд Монголбанк ихээхэн нөлөөтэй. Өөрөөр хэлбэл “муу ажилласан” гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд өгдөг.
Тэгвэл 2019 оноос хойш Монголбанкийг удирдаж буй Б.Лхагвасүрэнг гэж хэн бэ?
-Б.Лхагвасүрэнгийн хүргэн ах болох Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг нүүрсний хулгайн хэргээр Х.Баттулгатай хамаатуулан шалгаж болзошгүй байна. Түүнчлэн П.Дэлгэрнарангийн охин Болор нь Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрбээр ХОМ дээрээ Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадоржийн захирлаар нь ажилладаг “Булгатмөрөн”, “Сүмт-Өргөө” компаниудыг давхар мэдээлжээ. Мөн П.Дэлгэрнарангийн ХОМ дээрх “Кодокоре” ХХК-ийг ХОМ-тээ дурдаж өгчээ. Эдгээрээс “Сүмт-Өргөө” ХХК нь 2020 оны гуравдугаар сард СХД-т Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 15 тэрбумын тендерт шалгарч байв.
– Б.Лхагвасүрэн өөрийн дүү Б.Лхагвадоржийн оффист түрээсээр Монголбанкныхаа харьяа байгууллагыг оруулжээ. Дүү Б.Лхагвадорж нь 10 гаруй компани эзэмшдэг нэгэн юм.
– Хөгжлийн банкны хэргийн хүрээнд Б.Лхагвасүрэнг “Бэрэн групп”-д зээл олгоход нөлөөлсөн хэмээн үзэж АТГ-т яллагдагчаар татан шалгаж байв. “Бэрэн групп” ХХК нь төрийн орон сууцны корпорациас тендер зарлалгүй Хангай хотхоныг барисан хэмээн хэрэгт холбогдож байв.
– Манай улсын долларын нөөц багасахад Б.Лхагсүрэнгийн буруутай бодлого түлхүү нөлөөлсөн хэмээн үзэж өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын нэр бүхий гишүүд огцруулах саналыг УИХ-ын даргад өргөн барисан ч түүний толгойг илээд өнгөрөв.
– Монголбанкнаас капитал банкыг шалгасан нэр бүхий 6 хүнд капитал банкны хөрөнгөнөөс 1.2 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон нь илэрч, олны шүүмжлэлийг дагуулсан. Гэвч Монголбанкны ерөнхийлөгчид ямар ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн юм. Урамшуулал авсан нэр бүхий хүмүүс дотор ГИХГ-ын Д.Мөрөнгийн хүүхэд М.Мөнх-Өлзий, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүүгийн хүү Т.Дэлгэрхүү нар багтсан байв.
– Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй хэмээн үзэж АТГ-т шалгагдаж байна
– Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хүү Л.Тэмүүжингээ 2021 онд Хөгжлийн банканд газрын захирал болгожээ. Өөрөөр хэлбэл эрх ашгийн зөрчилтэй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Эцэст нь дүгнэхэд эрх ашгийн илтэд зөрчилтэй Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцохгүй өнөөдрийг хүрсэн нь УИХ илтэд ашиг сонирхолын зөрчилтэй юу гэж хардахаар байна!!