Улмаар Багахангай дүүргийн Бага уул, Налайх дүүрэг Гандан уул, Сонгинохайрхан Ар Гүнт-2 гэсэн дурсгалт газруудыг хамгаалалтад авах шаардлагатайг тогтоож, дээрх газруудыг хамгаалалтад авах хүсэлтийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд ирүүлсэн юм.
Тодруулбал, Багахангай дүүргийн Багабаян ууланд (Өндөр дэл) одоогоор 25 булш байгаа нь мэдэгдэж буй аж. Гэвч тонуулчид булшнуудыг ухахдаа шороо чулууг нь хажуугийн булшнууд дээр гарган асгаснаас зарим булш нь дарагдан, мэдэгдэхгүй болжээ. Судалгаагаар 7-10 булш нь тоногдоогүй үлдсэн байх магадлал өндөр гэж гарсан байна.
Тэгвэл Налайх дүүргийн Гандан уулын орчмын шинэ суурьшлын бүсэд айлын хашаанд олон тооны чулуунд дараастай булш байгаа аж. Шинэ суурьшилд багтсан булшнуудаас ердөө хоёр метрийн зайд айлууд хашаа, жорлон барьсан байж.
Түүнчлэн гадна зохион байгуулалт нь нэлээд эвдэгдсэн нэг хиргисүүр, долоон ширхэг дөрвөлжин булшны дурсгал байгааг судалгаагаар тогтоосон байна. Харин Ар Гүнт дэх дурсгалт газарт байрлах гурван булшийг ухаж тоносон ажээ.
Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр археологийн дурсгалууд санаатай болон санамсаргүй байдлаар хүний гарт өртөн устах магадлал нэмэгдэж байгаа тул Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж, дээрх гурван байршлын дурсгалт газрыг хамгаалалтад авахаар шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ