УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэ үеэр Б.Ганхуяг үг хэлэв.
Тэрбээр “Нөгөө нүүрсний, 40,50 их наядын хэрэг хаана байна. Намайг 10 дахь сардаа хорилоо. Шалгаагүй, байцаагаагүй, хориогүй, эрүүдэн шүүгээгүй найз нөхөд, хамаатан садан байхгүй. Нийтдээ 68 хүн байна. Үнэхээр нүүрсний хэргээ илрүүлэх гээд байгаа бол намайг шалгаад л бай. Хамаагүй.
Гэхдээ худлаа энэ тэндээс цуглуулж маш том “бухал” харагдуулаад “зүүний” талаар яриад байхаар локигийн хувьд ойлгохгүй байна.
Арванхоёрдугаар сарын 8-нд намайг баривчилсан. Жагсаал цуглаан зохион байгуулсан гэж баривчилсан. Тэгээд хулгайчийг барьчихлаа гээд жагсаалыг тараасан. Гэтэл өнөөдөр 9 сар 13 хонож байхад надаас нэг ч удаа жагсаалын талаар асуугаагүй. Мэдүүлэг аваагүй, хэрэг үүсгээгүй.
Жорлонгийн хэрэг үүрүүлж явуулаад, араас нь жагсаалын, нүүрсний хэрэг гээд орж ирэх гэж байгаа бол би 100 жилийн ял авах нь.
Маш муу найруулсан жүжиг явж, хилс хэрэгт биднийг хэлмэгдүүлж байна. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл энд байхгүй. Би “Эрдэнэс Тавантолгой-д 2007 оноос хойш ажилласан. Т.Аюурсайхантай 2013 онд танилцсан. Тэгэхээр юун гэмт бүлэглэлд орох вэ.
Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой”-г мэдэхгүй. Очиж ч үзээгүй. Би яахаараа энэ бүлгийн гишүүн болчихдог юм бэ. Маш ноцтой асуудал яригдаж байна шүүгч ээ. МАН-ын асуудал яригдаад байна харж байна уу” гэв.