Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,963 хүнээс коронавирусийн халдварын шинжилгээ авахад 1,340 хүнээс халдвар илэрсэн гэдэг мэдээллийг ЭМЯ-наас өгсөн.
Тэгвэл хатуу хөл хорионы дэглэмд байгаа энэ үед коронавирусийн шинжилгээ хаана, хэрхэн авч, шинэ тохиолдлууд нэмэгдэж байгааг лавласан иргэдэд ЭМЯ-наас хариулт өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Тандалт судалгаа, хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Энэ баг нь ойрын болон дам хавьтлыг илрүүлж, тэдгээр хүмүүсээс шинжилгээ авснаар халдварын шинэ тохиолдлуудын тодорхой хувийг илрүүлж байгаа.
Өнөөдрийн батлагдаж байгаа тохиолдлууд нь хатуу хөл хорионоос өмнө нь халдвар авсан хүмүүсийн нууц үе өнгөрөөд илэрч байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тийм учраас хатуу хөл хорионы үр дүн гарах болоогүй, ирэх долоо хоногоос гарах дүр зураг ажиглагдаж байгаа.
Мөн иргэд халдварын шинэ тохиолдол нийслэлийн яг аль дүүрэг, хороо, байрнаас гарсныг тодорхой хэлэхийг шаардаж байгаа. Гэвч илэрч байгаа тохиолдлуудыг тодорхой хэлэх нөхцөлгүйгээр өргөн хүрээнд тархаад байна.