УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль Зүйн байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой маргалдсан гэдэг ярианд няцаалт хийхдээ архи огт амсдаггүй гэж тайлбарласан. Харин манай дуранд тэрбээр янжуур сорж байгаад таарлаа. Үүнээс үзэхэд өдий насны эр хүн хоёр хорыг нь хэрэглэж, архийг бол амсдаггүй бололтой.
Сонгуулийн тойргоо үе үе жинтэйхэн усалж явдаг Э.Бат-Амгалан өнгөрсөн сонгуулийн дараа, ковидын хязгаарлалттай байх үед Гачуурт тосгон дахь МАН-ын хуучны угшилтай, “Шижир” гэх амралтанд тойргийн, дүүргийн залуусыг бөөнд нь машин машинаар нь аваачин, нижгэр шоу, наадам хийж байсан нь бидэнд дуулдаж байлаа. Цар тахлын хязгаарлалтын дэг журмыг зөрчсөн энэхүү үйлдлээ чандлан нууцалж байсан удаатай. Харин хэдхэн хоногийн өмнө баяр наадмын өдрүүдийг далимдуулан тойргоо бас дахин сайтар услаад авав.
Намынхаа угшилтай болон тойргийн иргэдээ Хүй мандалд автобусаар зөөж авчран, дайлж цайлан, урлагийн тоглолтоор ажлаалыг нь тайлсан юм. Бусад дүүргүүд нь ганхийх ганц дуучингүй наадамлаж байхад Э.Бат-Амгалан л мөнгийг цацаж, урлагийнхныг хашаандаа дугаарлуулан, тайзнаа залж байлаа. Баянзүрх дүүргийн хашаа л цэлийсэн том тайз засаж, мөнгөтэй гишүүнийхээ зангарагийг гайхуулж байсан гэж болно.
Янжуур зуусан шиг ирсэн гийчдийг, дуулсан дуучдаа харж баясан суусан Э.Бат-Амгалан ирэх сонгуулиар гарах нь баараггүй гэдгээ ийнхүү ахин дахин баталсаар байна. Ууж идэх, үнэгүй юмнаас манайхан буцах биш, ирэх 4 жилийн боломжоо хэдхэн төгрөгийн хямдхан архидалт, будаа гурилханаар сольчихпог хойно аргыг нь зарим гишүүд олчихдог л юм. Тойрогтоо байсхийгээд зангарагтай бэлэг илгээдэг тэрбээр баяр наадмаар тойргийн иргэд, намын угшилтай залуусаа нэг сайн дайлаад авсан. Тэрүүгээр нэг түүнийг магтсан халамцуу улс хөвөрнө лээ.
Дараагийн мэдээ