Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан өнгөрөгч 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон Олон улсын “дакар ралли” уралдааныг Монголд зохион байгуулах ажлын хэсгийн хуралд оролцож байхдаа хоёр давхрын цонхноос унаж амиа алдсан.
Талийгаачийн ар гэрийнхэнд Шүүхийн дүгнэлтийг танилцуулахдаа тархинд нь цус харвасны улмаас хэмээн танилцуулсан ч тэд гадны нөлөөтэй хэмээн шалгуулах хүсэлт гаргасан. Гэвч өнгөрөгч гуравдугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт явуулсан байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсны амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийсэн.
Тэрээр “УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ардчилсан намын дэд дарга агсан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордон дотор цаг бусаар амиа алдсан. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэглэлтэйгээр “бусдын гарт амиа алдсан” гэх үндэслэлээр гүнзгийрүүлэн шалгахаар болсон. Гэтэл хэргийн “Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн, амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн мэдээ гарах болсон. Энэ хэргийг ингэж учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярьсан юм.
Үүний хариуд МУ-ын Ерөнхий прокурорын газраас С.Одонтуяа гишүүнд хариу өгсөн байна. Тус бичигт хэргийг үргэлжлүүлэн хэвийн шалгаж байгаа хэмээн дурьджээ.