Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваатай энергийн хуулийн тухай ярилцлаа. Г.Лхагваа 16 жил цагаан хоол зооглож, бясалгаж байгаа эрдэмтэн судлаач юм.
-Та бид 10 жилийн өмнө уулзаж ярилцаж байсан. Тэр үед хүн төрөлхтөн хоол хүнсэндээ хордож байгаа тухай,монголчууд зөв хооллолтын ухааныг дэлхийд тогтоочихсон тухай ярилцаж байхад холын мэт сонсогдож байлаа. Таны судалгаа өнөөдөр ямар хэмжээнд хүрээд байгаа тухай ярьж өгнө үү?
-Арван жил гэдэг бага хугацаа биш байна. Нийгэмд сэтгэлзүй, оюун санааны хувьд их өөрчлөлт гарсан шиг харагдаж байна. Ер нь дэлхий нийтээрээ эрүүл хоол, зөв хоол руу тэмүүлээд эхэлчихлээ. Зарим хүн махан хоолгүйгээр үхнэ, зарим нь цагаан хоол идээд байвал үхнэ гэж байна. Гэхдээ шинжлэх ухааны судалгаа бол хүний дадал зуршил, ааш араншинд тохируулдаг юм биш. Маханд дуртай хэсэг хүн цуглаж суугаад махгүйгээр үхнэ, архинд дуртай хэсэг хүн ярилцаж байгаад архигүй бол болохгүй гээд тогтоочихдог юм биш. Шинжлэх ухаан бол ул суурьтай судалж шинжилж тогтоохын нэр. Эртний монголчуудын шинжлэх ухаан нь дотоод хүн гэгдэх сүнс, зөн совингоороо олж таниад баттай болгосон хол ухаан – мэдлэг байсан. Ядаж тэр хэмжээний судалгаа байж л шинжлэх ухаан урагшилна. Бид дэлхийн хүнс, хоол үйлдвэрлэлийн технологид хэдийн онолын хувьсгал хийчихсэн. Ганц энэ ч биш, хүн төвтэй шинжлэх ухааны бүх салбарыг мухардлаас гаргаж аврах цогц шийдлүүд бий болсон. Шинжлэх ухаан дэлхийн хүний тусын тулд зориулагддаг. Одоо цаг үед хүн төрөлхтөн гурван хордлоготой амьдарч байна. Хамгийн эхнийх буюу хамгийн аюултай нь сэтгэл санааны хордлого. Аль хэдийнээс хүмүүс бид 84 мянган муу сэтгэлээр хордоод бохирдчихсон. Энэ нь явсаар галт зэвсэг, цөмийн зэвсэг, одоо бүр хүн, хүний эд эрхтний наймаандаа тулчхаад байна. Ийм болтлоо сэтгэл санаагаар хорджээ. Ийм хордлогыг тайлахаас нааш бид хүн болж чадахгүй, хүн нэрийдсээр явах болно. Сайн явах, сайн хүн болох, сайхан амьдрахын тухайд бүр ярилтгүй.
-Тэгвэл хүнийг “Хүн болгох” арга ухаан нь юу юм бэ?
-Тухайлвал, буддизм бол хүний сэтгэлийг нь авч үздэг шинжлэх ухаан. Буддизм хүнийг туйлд нь хүртэл судлаад эгэл нөхрийг бурхан болгох хүртэл нь хөгжүүлэх тэр судлагдахууныг нээж хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр хүнийг зөвхөн махан бодиор нь авч үзээд байна. Сүнснээс эхлээд энергиэр нөхцөлдсөн хүний бүх үндсэн чанаруудыг үгүйсгэчхээд байгаа нь өнөөгийн шинжлэх ухааны гамшиг. Арван жилийн өмнө бид хүний 60-аас дээш хувь нь энерги гэж ярьж байсан. Бид бол энергийн систем. Биологийн систем бидний 40 хүртэлх хувийг л эзэлж байгаа юм. Энэ 40 хүртэлх хувь генетикийн хуулиар зохицно. Харин 60 хүртэлх хувь нь энергийн хуулиар зохицно. Ингэж өөрийгөө төсөөлвөл ядаж эхний ээлжинд “Хүн болох”, “Хүн байх” тухай ярьж болох нь. Тэгэхээр одоо хүн гэдэг ухагдахуунаа ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой. Хүн байхын үндэс нь эхлээд өөрийгөө зөв төсөөлөхөөс эхэлнэ. Ингэж байж өөрийгөө хүн гэж үзэх боломжтой болж засч залруулах тухай ярих болно.
-Хүний муу сэтгэлээс 84 мянган муу сэтгэлийн гэм үүснэ гэдэг. Муу сэтгэлээ 84 мянга гээд ойлгочихвол хүн өөрийгөө засч залруулахад хэцүү болно. Харин түүнийг үүсгэдэг үндсийг нь та тайлбарлаж өгөөч?
-Хүн өөрийгөө махан бодь төдийгөөр сэтгээд, зуу хүрэхгүй жил амьдраад дуусах амьтан гээд тонгочиж явах уу гэдгээс хамаарна. Энгельс нэг айхтар шүүмж хэлсэн байдаг. Ньютон техник, технологийн хувьд гайхамшигтай дэвшлийг хүн төрөлхтөнд авчирсан эрдэмтэн. Гэтэл энэ онолыг хүн дээр хуулчихсан. Хүнийг зөвхөн махан бодь гээд ойлгуулчихсан. Энгельс: “18-р зууны материалистуудын нүдэнд хүн болвоос машин мэт, Декартын мэлмийд бүр амьтан шиг харагдаж байв” гэжээ. Энэ ойлголт 300 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй. Шинжлэх ухааны онол нь буруу болохоор бүх юм буруу болох нь мэдээж. Харин байгалийн шинжлэх ухааны онол нь зөв учраас сансрын хөлгийг хүртэл зохион бүтээж байна. Харин хүний тухай онол номлол нь буруу. Энерги, термодинамик, генетикийн хууль бол хүний үндсэн хууль. Хүн энерги, махан бие хоёроос бүтэж бүрэлдэж байгаа гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Орчлон хорвоод хүний бие махбодь шиг төгс зохион байгуулалттай бүтээл байхгүй. Энэ бүтээлээ ашиглаад өөрийгөө энергийн биет гэж ойлгож чадвал мөнхрөхүйн боломж танд байна. Дараа нь хүн төрөлхтөн эмний, хоолны хордлогод орчихсон байна. Улс орон бүхний арван хүний төд нь ямар нэгэн өвчинтэй гэж бичдэг шүү дээ. Түрүү үеийн монголчуудад зүй бус элдэв өвчин, өөхлөлт энэ тэр гэж юм байсангүй. Анхны анагаахын ангийг нээчхээд Зүүнхараагаас цусны даралттай ганц хүн олоод “үүнийг цусны даралт гэдэг юм” гэж байсан гэдэг. Хүн төрөлхтөн өнөөдөр эм хэрэглэгчдийг л ар араас нь бэлтгэчхээд сууж байна.
-Өөрийгөө буруу амьдраад байгаагаа ухамсарлалаа гэж бодъё. Гэтэл юунаас эхлэх вэ гэдгээ олдоггүй. Юунаас эхлэх вэ?
-Энэ бол хамгийн чухал хэрнээ хэцүү ажил. Бүх юм сэтгэлээс эхэлнэ. Сэтгэлээс үүсдэг 84 мянган гэмийг багцалсаар байгаад ойрын төчнөөн, холын төчнөөн нисванис гээд ялгаж болно. Хамгийн түрүүнд өөрийгөө олж харчхаад хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би хэр хөнөөлтэй амьтан байна гэдгээ хүлээн зөвшөөрөх. Ууртай бол ууртай, хартай бол хартай, атаатай бол атаатай, залхуу хойрго ийм л хүн юмаа гэдгээ хүлээн зөвшөөрөх нь машид чухал. Энэ бүхэн чинь ойрын 22 нисванист ордог. Дараа нь бусдыг хүлээн зөвшөөрөх ёстой. Бид сэтгэлийн их бохирдлоосоо болоод хүн гэдэг зүгээр үзэл бодол л болчхоод байгаа юм. Ухамсар биш үзэл бодол, мэдлэг болсон гэж хэлье. Үзэл бодол бол хүн өөрийгөө хамгаалах, аливааг шүүхэд л хэрэглэдэг эд. Юутай ч зохицож чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Энэ бүх мэдлэг гээд байгаа юм чинь энд тэндээс цуглуулж олж авсан эрээвэр хураавар юмс төдий. Буруу зөв, сайн муу гээд хүний хэлсэн ярьсныг хоёр туйл руу шидчихдэг. Хоёрдмолоор ингэж ангилж ялгаж үзээд шүүгээд байгаа нь нөгөө л бусдыг хүлээн зөвшөөрч чаддаггүйгээс үүдэлтэй.
Үзэл байгаа л бол үнэнийг ухаарч чадахгүй. Би ийм юманд дуртай, тэрэнд дургүй, тэр надад таалагддаг, энэ надад таалагддаггүй гэх мэтээр нэг л тааллын тухай яриад байдаг. Өөрт нь таалагдахгүй бол түүнийг дайсан гэж үздэг.
-Бид туйлшрамтгай сэтгэл санааны хувьд тавгүй, ямар нэг амжилтын төлөө уралдаж амьдардаг нь үнэн. Энэ бүхнээс хэрхэн ангижирч амар тайванг олох вэ?
-Энэ бүхнээс яаж ангижрах вэ гэхээр сэтгэлээ шинжих буюу өөрийгөө цаг үргэлж ажиглах хэрэгтэй. Одоо бидэнд маш олон муу зүйл байгаа болохоор бүгдийг нь шинжиж барахгүй. Харин буддизмд үүнийг амар болгоод бие, хэл, сэтгэлийн үйл гээд ангилчихсан байна. Тэгэхээр бид өөрийнхөө энэ гурван үйлтэй л ажиллах хэрэгтэй. Хүнийг дуурайх, бусдыг ажиглах хэрэггүй. Энэ орчлонг өөрчилье гэвэл өөрийгөө л өөрчил. Энэ орчлонг амгалан болгоё гэвэл өөрийгөө л амгалан болго. Өөрийгөө өөрчлөхөөс өөр өөрчлөх юм бидэнд байхгүй. Биеийнхээ энэ гурван үйлдлийг л алхам тутамдаа хянаад бай. Муу үг хэлдэг хүн байлаа гэхэд түүнийгээ төчнөөн удаа ажиглаж чадвал тэр муу үг өөрөө явчихдаг. “Юу байна?” гэдгээ “Тавлаг сайхан уу?” гэдэг болтол нь ажиглах хэрэгтэй. Дараа нь бодлоо ажигла, үйлдлээ ажигла. Энэ бол өөрөө бясалгал юм шүү. Хүн дан гадагшаа л хараад байдаг болохоос өөрийгөө ажигладаггүй. Хүн өөрөө хорлолтой болчихсон учраас дандаа хорлолтой ажиглалт хийдэг. Гэтэл нэг муу үг хэлэх, нэг муу бодол тээх, нэг муу дадал хийх нь энергийн үйл явц учраас бие, хэл, сэтгэлээрээ хорлол болчихно. Хүнд хорлол болоод энерги хадгалагдах хуулиар эргээд өөрт нь ирдэг нь аюултай юм л даа.
-Энерги хадгалах хуулиар бие, хэл, сэтгэлээр үйлдсэн муу энерги эргээд өөрт нь ирнэ гэдэг нь буддизм талаасаа үйлийн муу үр өөрт нь эргээд боловсрох гэдгээр ойлгож болох уу?
-Тэгэж ойлгож болно. Үйлийн үр гэдгийг нэг их шашин суртахуун гэж ойлгодог. Тийм зүйл ч биш. Үйл чинь бидний хийж байгаа л үйл шүү дээ. Нүдээ анивчих, гараа хөдөлгөх ч үйл. Тиймээс нэг инчийн зуур буюу секунд хүрэхгүй хугацаанд 57 дүрс тархинд бичигдэж үлддэг. Энэ бичлэг үүрд үлдэнэ. Кибернетик, уураг тархины мэргэжилтнүүд тархийг 7.2 сая км хальсны багтаамжтай гэж тооцсон байдаг. Ийм их үйлийн багтаамж үүрд бичигдэж үлдэх нь. Нэг үйлийг үйлдчихсэн бол нэг үр дагавар гарна. Сайнаас сайн, муугаас муу л үр дагавар гарна. Сэтгэлээ таньсны дараа л хүн өөрийгөө танина.
-Өөрийгөө таньж мэдсэн хүний гол чанар юу вэ?
-Өөрийгөө таньж мэдсэн хүний гол чанар бол таны хэлснээр хоёр туйл руу савладаггүй, төвч оршиж чаддаг чанар мөн. Үүнийг гэгээрэгсэд юу гэж хэлдэг вэ гэхээр “Голын урсгал дагаж бүү хөв, эрэг дээрээс нь урсгалыг халиа” гэсэн байдаг. Тайзан дээр гарч гол дүрд тоглох гэсний хэрэггүй, танхимаас харах үзэгч бол гэсэн үг шүү дээ. Хариу урвалгүй орш гэж ойлгож болно. Чамайг ирээд цохиод авбал “Яаж байгаа юм бол оо, хүн эндүүрсэн юм болов уу?” гэж бодоод өнгөрөхийг хэлээд байгаа юм. Одоо бол юу юугүй л хариу үйлдэл үзүүлээд эхэлдэг. Өөрийгөө ажиглаж байгаа хүн бол үйлийг салгаж харна, ингэхэд хариу урвалууд чинь холдоод байна. Энэ бол ухамсрын төвшний ажил. Ажиглана гэдэг чинь ухамсарлана гэсэн үг. Гадагшаа хардаг хараагаа дотогш нь чиглүүлэхийн нэр. Ухамсарлаад биеийн, хэлийн, сэтгэлийн үйлийг зөв болгох явдал. Хамгийн хэцүү нь сэтгэлийн үйл. Биеийн, хэлний үйл нь сэтгэлийн болж илэрдэгт учир байгаа юм. Сэтгэж бодохгүйгээр бусад нь хийгдэхгүй. Тэгэхээр нөгөө 84 мянган муу үйлийг засахад амархан болоод ирж байгаа биз.
-Хүн өөрийгөө ажиглаж эхлэхэд бодлоосоо ангижрах нь хэцүү байдаг. Энэ олон бодлоос ангижрах арга байна уу?
-Бодолтойгоо ноцолдоод байхаар буцаад бодол л болно. Бясалгал ч биш, юу ч биш болдог. Сэтгэлийн хамгийн чухал үйл бол сэтгэлийг номхотгох юм. Бидний энэ араатанлиг догшин араншин, хурц зан авир, тавьтаргүй хаашаа ч урвахад бэлэн зан ялангуяа монголчуудад маш их байдаг. Уужим дөлгөөн, амгалан тайван сэтгэл гэдэг рүү л энергиэ хувиргаж хөрвүүлэх ёстой. Уг нь бидэнд энэрэнгүй, нигүүлсэнгүй, амарлингуй зан чанарууд бүгд бий. Энэ чинь угаасаа хүнд өгөгдсөн чанарууд. Заяагдсанаар барахгүй эдгээр бол хүний үнэт чанарууд юм. Тэгэхээр үнэт чанар руугаа хөрвөх тухай л асуудал. Сэтгэлийг номхотгох гэдэг нь дахиад л ухамсарлах үйл. Бодлоос хүн салах нь маш хүнд учраас зүгээр ажигла. Зүгээр юм хийж байхдаа бүр уур нь хүрээд зодолдож байхдаа хүртэл өөрийгөө ажиглаж чадахаар ухамсарлаж дадуулах хэрэгтэй. Бодол хөвөрч л байг. Ийм бодол ороод гарлаа гээд үдээд явуул. Тэр бодолд бүү ээнэгш. Дасахаараа л тэр бодол болчихно. Бодлын ихэнх нь болоогүй мөрөөдлүүд эсвэл болоод өнгөрсөн дурсамжууд байдаг. Ганцхан ажиглаж байгаа нөхцөлд л бид ухаарч чадна. Ажиглаагүй хүн бодол болчихсон л сууж байдаг. Бодлынхоо эзэн нь бол, бүр би эзэн чинь байна гэж хэл түүнд. Хэрвээ бодолдоо ээнэгших юм бол бодол бидний эзэн болоод бид бодлын боол болно.
Энэ нөхцөлд буддизмд цаг хугацааны тухай яригддаг. Өнөөгийн шинжлэх ухаанд цаг хугацааг Эйнштейн л ганцхан тодорхойлж чадсан. Харин энэ хүн буддизмыг тунхаглагч байж. Намтарт нь байхгүй тэр гурван жил бол бясалгасан жил байсан. Тиймээс шинжлэх ухаангүй бол шашин сохор, шашингүй бол шинжлэх ухаан доголон юм гэж хэлжээ. Эйнштейн өнгөрсөн, одоо, ирээдүй цаг гэж байхгүй гэж тодорхойлсон.
-Тэгэхээр бид ямар цаг хугацааны ямар оршихуйд байх нь вэ?
-Одоо бидний гурван хэмжээст ертөнцөд цаг хугацаа, орон зай гэж байна гэж үзэж байна. Ийм ухагдахууныг бид хэрэглэдэг. Гэхдээ ийм юм байхгүй гэдгийг квант физикийг үндэслэсэн В.Гезенберг тодорхойлсон. Энэ бүхэн бол бидний бодлын л хэмжүүр. Энэ ертөнц бол бодитой биш, бид бодлоороо бүхнийг бодижуулдаг байна.
-Бүх зүйл хоосон чанартай. Мөн “Одоо нь одоо гэж хэлэх зуурт өнгөрчихдөг” гэдэг. Ингэж ойлгож болох уу?
-Аливаа бүхэн хоосон чанартай. Буддизм цаг хугацааны агуу ойлголтыг бий болгосон. Яг одоо гэдэг нь агшинг хэлж байна. Энэ агшинд яг одоо ярьж байна, агшины дараа алга болно. Тиймээс нэг голын усанд хоёр орж болдоггүй гэдэг ухагдахуун бий болсон. Сэтгэлийг хаана тогтоож, хаана өөрийгөө олж харж, хаана үнэнтэй учирч болох вэ гэхээр яг энэ агшинд. Агшины дараа яахаа мэдэхгүй байж бид зуун жил наслах юм шиг амьдардагт л гажуудал оршино.
-Буддизмыг өнөө цагт хэт их шашинжуулж, хэлбэржүүлж байна гэдэг. Өөрийгөө таньж мэдэх эрэл хайгуул хийх бусасуудлаа шийдүүлэхээр гадагшаа ханддаг, өргөдөг, тахидаг, мөргөдөг, ном уншуулдаг ч гэдэг юм уу. Энэ үйлдэлд хүн өөрийгөө гэгээрүүлэх гэсэн хичээлт, хүсэл багтаж байж болох уу?
-Ганцхан буддизм биш л дээ. Шашин өөрөө гайхамшигтай зүйл шүү дээ. Вед бол хүн төрөлхтний түүхэн мэдлэг. (Сурв. МЭӨ XV зууны үеэс үүсэлтэй). Бүх шашин нэг эх сурвалжтай. Шашин хүнийг хөгжүүлэх агуу мэдлэг байсныг одоо харин мартчихсан. Тэр дундаас буддизмын гол чанар нь хүний үнэт чанаруудыг бурхан болтол нь хөгжүүлэхэд чиглэсэн. Одоо бол бүх шашин мэдлэг болчхоод байгаа юм. Тиймээс таны асуудгаар цэрвэж, эргэлзэж байна. Мэдлэг бол үнэндээ юу ч биш. Бусад шашинд гэгээрлийн тухай ойлголт аль нь дээр үед тасарч алга болсон. Яагаад гэвэл уламжлал нь тасарчихсан. Багшийн уламжлал, бясалгалын уламжлал тасарчихаар гэгээрэл тасарч байгаа юм. Буддын шашин ч мөн адил зуун жилийн өмнөөс гэгээрлийн уламжлал нь тасарсан. Одоо жаахан сэргэж байна. Эдгээр уламжлал нь оршиж байж жинхэнэ шашин болно шүү дээ. Одоо бол уншлага, мэдлэг нь үлдчихсэн. Энэ мэдлэгээр бид гэгээрч чадахгүй гэсэн үг. Бясалгал, бүр дээд бясалгалаар л гэгээрэх учраас аль ч шашинд дээд гэгээрлийн тухай яригдах боломжгүй болчхоод байгаа. Бурхан багшийн, Мял богдын, Зонхов богдын, Нараво, Дилаво багшийн гээд бясалгалын уламжлалууд байсан. Харин өнөөдөр зэн бясалгалыг ярьж болно. Энэ бясалгалын уламжлалыг Чин Хай багш дэлхийд түгээж байна.
Энэ уншлага, залбирлууд чинь өнөө цагт хэрэгтэй. Тэр хүмүүсийг буруутгаж болохгүй. Яагаад гэвэл бурхдын бүтээсэн номыг уламжилж байна. Хувраг ном айлдахдаа ядаж л өөрийгөө ариусгаад цэвэр сэтгэлээр үйлдэж байвал болохгүй юмгүй. Өглөг, авлага гэдэг юмаа хойш нь тавих нь зөв байх. Ном уншлага нь байж байна гэдэг нь ядаж л хүнийг зөв зам мөрт хөтлөхөд тусална. Хүн сэтгэлийн амьтан учраас ойлгох, үгүй нь хамаагүй, очоод сонсож байгаа нь өөрийгөө ариусгаж байгаа хэлбэр. Өнөөдөр өөрийгөө ариусгаж чадахгүй бол ламын өмнө хэдэн хором ч атугай өөрийнхөө төлөө сууж байгаа нь чухал. Ном сонсох гэж нэрлэдэг шүү дээ.
-Бид “Хүн болох”, “Хүн байх” тухай ярилцлаа. Харин хүн бүхэн өөрөөсөө “Би яах гэж хүн болж төрсөн юм бол” гэж асуудаг. Энэ асуултыг танаас асууя?
-Юуны өмнө хүн үйлийн үрээр төрсөн гэдгээ ойлгох хэрэгтэй. Бидэнд хоёрхон зорилго бий. Эхнийх нь энэ насандаа сансрын хүлээсээс чөлөөлөгдөх явдал юм. Дахиж төрөлгүй болох гэсэн үг. Ашиглаж чадахгүй бол хүний төрөл өөрөө зовлонгийн үүсгэвэр болно. Төрдөг, өвддөг, төлдөг, үхдэг болохоороо хүний төрөл бол зовлон. Зовлонгоос ангижирна гэдэг нь сансрын хүлээсээс гэтлэх юм. Хоёр дахь зорилго бол туулан тонилох буюу төгс гэгээрэх.
-Ямар үйлийн үрээр…?
-Ямар үйлийн үрээр гэдгээ өөрийгөө хараад л шинжчихэж болно. Зөв сэтгэлтэй, зөв бодолтой, зөв үйлтэй, хүний л төлөө яваад байгаа бол та ямар үйлийн үрээр төрсөн байх вэ? Мэдээж сайн үйлийн үрээр. Гэхдээ та энэ чигээрээ яваад дуусна гэсэн үг бас биш. Нэг сайн үйлийн үр боловсорсны хүчинд сайн яваа юм бол үүнийгээ мэдэж дахин сайн үр боловсруулахгүй бол та доошоо унасаар л байх болно. Хувь заяагаа дордуулсаар л байх болно. Харин хүн болж төрчхөөд бүтэлгүй муу яваа бол харин ч энергиэ хувиргаад дээшлүүлж болно. Өөрийгөө толинд харж байгаа мэт харж болно. Ямар үйлийн үрийн шалтгаан болж яваагаа харж л яваа бол ухамсарлах л хэрэгтэй. Үйл үйлдсэн бол үр гарна. Үр гарсан бол түүнээс жимс гарна. Тэр нь одоогийн та.
-Гэтэл тэр хүн энэ цагт хувь заяагаа захиалж ирээгүй. Хэн нэгний үйлийн үрээр ирсэн байх. Тиймээс дараагийн үйлийн үрдээ анхаарах шалтгаан нь энэ үү?
-Захиалсан гэж хэлж болно шүү.
-Тийм гэж үү?
-Үнэхээр муу үйлийн үртэй, арай нэг амьтан болчхоогүй тэр “нөхөр” яагаад ч сайн эхийн умайд орохгүй. Хоёр өөр энерги учраас хүлээж авахгүй. Тиймээс эцэг эхээ сонгож ирдэг гэж ойлгож болно. Эндээс л хамгийн учрыг ойлгох хэрэгтэй. Зөв амьдарч чадвал зөв үхэж чадна. Зөв үхэсний дараах энергийн хувирлуудын тухай л бид яриад байна. Буруу амьдраад түүнийгээ болж байна гэсээр яваад үхвэл 84 мянган муу хэлбэрүүдэд тулгагдана. Энэ амьдралдаа хийсэн үйлийн үрээр тэр энергийн түвшиндээ татагдаад очно. Эхийн умайд татагдаж очиж байгаа нь ч тэр, там, бирд, адгуусны заяанд очиж байгаа нь ч энэ насандаа хийсэн үйлийн үрийнхээ энергийн түвшинд татагдаж очиж байгаа хэлбэр. Одооны зарим хүмүүс бодоод байх юмгүй өөрийнхөө бүтээсэн энергийн түвшинд татагдаж очно.
-Хүний төрөл бол зовлонгийн дунд шат гэдэг. Энэ хугацаандаа төрлөө дээшлүүлэх боломж бидэнд олгогддог. Энэ амьдралдаа дахиад үйлийн сайн үрээ тарьж байж дээд шатандаа шилжих нь ээ дээ?
-Маш олон боломж байгаа. Бүх үйлээ зөв болгох юм бол шат өөр төвшинд ахина. Яагаад гэвэл Термодинамикийн гуравдугаар хуулиар нэг том боломж бидэнд олгогджээ. Учир нь орчлонгийн энерги тогтмол байна. Энэ хуулиар системийн энерги хэмжээний хувьд тогтмол байна. Хүн гэдэг системийн хувьд энерги хэмжээний хувьд нь тогтмол байна. Энэ тогтмол байдаггүй бол бид түүнийг гүйцэхгүй тавиад туучихна. Тэгвэл одоо хэлбэр нь болохоо байчхаад байна. Хар, цагаан хоёрын хар тал руугаа дийлээд байна. Тэгвэл хэмжээ нь хэвээрээ байгаа юм бол ухамсарлаад сайн тал руу нь хувиргаж хувь заяагаа өөрчилж болно гэсэн үг.
-Хүн төрөхөөс эхлээд үхэх хүртлээ маш олон “шалгалт” өгдөг. Харин үхсэний дараах агшинд шалгалт өгөхгүй гэж яаж бодож чадав аа гэдэг үг байдаг. Үхсэний дараа хаачих вэ гэдгээ өнөөдөр өөрөө шийддэг гэж ойлголоо?
-Хүний амьдрал гэдэг маш азтай дамжаа юм. Энэ л хичээлийг сайн хийгээд шалгалтаа сайн өгчихвөл гурван муу заяанаас дээш хүн болж төрж болно, сайн хүн болж төрөөд байх нь. Асури ертөнцөд ч төрж болно. Тэгсээр байгаад сансрын гурван ертөнцийг давбал сансрын хүлээснээс чөлөөлөгдөнө. Бурхан болж төрж болох нь. Хамгийн дээд диваажинд тэрбум тэрбум жилээр жаргаж болох нь. Ухамсартай хүний төрлийг ашиглаад энэ туулалтыг хийж чөлөөлөгдөх юм. Энд яриад байгаа туулалт, хичээлийг хүн их сайн мэдэх юм. Амьдрах гэдэг нь бид туулалт, хичээлүүдэд тулгагдсан гэсэн үг. Ясли цэцэрлэг, дунд, дээд сургууль, тэдгээрийг шалгалт шүүлэг өгч давж гардгийг хүн бүхэн мэднэ. Дараа нь ханилж суух, хүүхэд төрүүлэх, хүн болгох, ханийнхаа талынхны шалгалтыг давах, ахан дүүс, анд нөхдийн үйлээс үүрэлцэх, өвдөх зовох гээд үй май шалгалт өгч хичээл хийн анги дэвшиж байна. Бид энэ дэлхийд үйлийн үрээр ирсэн. Амьдрал, хичээл, туулалт гээд байгаа зүйл маань үйлийн үрийн төлбөр тооцоо юм. Гэвч бид нэг зүйлийг ойлгодоггүй. Энэ бүх шалгалтанд унаж, төлбөр тооцоогоо барагдуулахгүй цалгардуулвал төрөл маань адагтаа хүртэл дордоно. Төрөл гэдэг нь зөвхөн хойд насны хэлбэрийн шилжилт төдийгүй мөн энэ насны маань амьдралын чанарыг тодорхойлох юм. Дундыг барьсан шиг үлгэн салган явбал энэ насны заяа буян хомсдож, одоогийнхоосоо доогуур төрлийг олно. Хичээлээ сайн хийвэл гайгүй хүн болох буюу тэнгэрт төрөл авна. Онц шалгагдаад төлбөр тооцоогоо давбал сансрын хүлээсээс чөлөөлөгдөх хүртэл буян заяаг хүртэх юм. Энэ бүх Зовлонг туулахгүйгээр нөгөө талд нь хүрэхгүй л дээ. Нөгөө тал нь жаргал шүү дээ.