Амттангүйгээр амьдралыг төсөөлөхөд дэндүү уйтгартай. Монголд албан ёсоор орж ирээд тав дахь жилтэйгээ золгосон “Tous Les Jours”-ын гайхалттай амттангуудад монголчууд бид хэдийнэ шунан дурлах болсон.
Ингээд “Tous Les Jours” брэндийг Монголд нутагшуулагч, “Артизан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранбаттай уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар товч ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө шинэ салбараа нээж байгаад баяр хүргэе. Таван жилийн хугацаанд чамгүй ажил амжуулжээ?
-Баярлалаа. Бидний хувьд “CJ Foodville”-ийн “Tous Les Jours” брэндийг Монгол Улсад албан ёсоор франчайз эрхийг аваад 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бид 10 жилийн хугацаанд 30 салбар нээх зорилготой. Харин 5 дахь жилдээ 12 дахь салбараа нээж байна. Мэдээж бид олон улсын стандартын дагуу чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог. “Tous Les Jours” брэндийг брэндийг Монголд оруулж ирснээр бид энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа монгол компаниудаа ч давхар хөгжүүлж байна гэхэд болно. Энэ таван жилийн хугацаанд ижил салбарт ажиллаж байгаа бусад компани манайхаас маш их зүйл сурч байгаа.
-Таны хувьд “Tous Les Jours” брэндийн хамгийн том давуу тал нь юу гэж харж байна вэ?
-Ерөөсөө л амт чанар. Бид стандартын амт чанарыг алдахгүйгээр таван жил ажиллаж, хэрэглэгч нартаа үйлчилж ирлээ. Хэрэглэгчид маань ч үнэнч, бид ч амт чанараа алдахгүй ирсэн учраас шинэ жил, Мартын 8-ны баяруудын үеэр зарим үед ачааллаа дийлэхгүйд ч хүрч байна. Манай гол онцлог гэхээр зөөвөрлөж тараадаггүй. Өөрийн гэсэн стиль, үйлчилгээтэй дэлгүүрт өглөө бүр 200-300 торт, бүтээгдэхүүн шинээр гарч, хэрэглэгчдэд хүрдэг. “Өдөр бүр шинэ” уриатай манайх хоносон талх зарж болохгүй. Солонгосоос аудит байнга хийгдэж, бидний чанарыг харж байгаад дараагийн түвшний гэрээ хэлцлээ байгуулдаг учраас стандартад нийцэхгүй зүйл хийнэ гэсэн ойлголт байхгүй.
Солонгост талхны үйлдвэрлэл, хэрэглээ маш их хөгжсөн. Тухайн талхыг идээд ямар аз жаргал мэдэрч байгаагаа, тэр талх шинэ байна уу, хуучин уу гэдгийг хэрэглэгчид нь маш сайн мэддэг. Бид Монголд энэ хэрэглээг хөгжүүлэхийн тулд ажиллаж байна. “Мон бэйкери” компанийг 20 жилийн турш ажиллуулж ирсний дараа бид дэлхийн брэнд оруулж ирсэн. Үүнийхээ зэрэгцээ “Мон бэйкери”-гээ ч давхар хөгжүүлээд явж байна. Цаг хугацааны тохироо бүрдээд, хэрэглэгчид ч бэлэн болсон учраас ингэж гадны брэнд оруулж ирсэн. Учир нь монголчууд гадагшаа маш их явлаа. Солонгос руу бараг нүүдэл хийгээд буцаж ирлээ. Ирснийхээ дараа Солонгост байсан зах зээлийн хэрэглээгээ үгүйлнэ. Тэгэхээр тэнд хэрэглэж байсан зүйлс нь Монголд байгуулагдаад, орчин үүсэхээр их баяртай байдаг даа.
-Олон нийтийн дунд гурилан бүтээгдэхүүн жин нэмнэ гэсэн ойлголт бий. Идмээр байвч жингийн асуудлаасаа айгаад бодохоос ч зайлсхийх үе бий шүү?
-Энэ бол хоёр талтай, харьцангуй ойлголт. Аливаа зүйлийг хэт туйлширч хүлээж авах хэрэггүй. Цагаан гурил, гурилан бүтээгдэхүүн жин нэмдэг гэдэг ч зохицуулаад идвэл тийм биш. Манай компани гэхэд л амьтны гаралтай, хүний биед маш хурдан шингэдэг сүүн кремийг кейк хийхдээ ашигладгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хүний биед өөх болж хуримтлагддаггүй, чанартай, хамгийн үнэтэй крем хэрэглэдэг. Өмнө нь бид Францын “President” брэндийн крем хэрэглэж байлаа. Одоо “Elle&Vire” гээд мөн л Францын амьтны гаралтай крем хэрэглэж байна. Крем дотроо амьтны, ургамлын гаралтай гэсэн хоёр төрөлтэй. Ургамлын гаралтай крем нь хүний биед шингэхдээ удаан, өдөр бүр замбараагүй идээд байвал биед ороод тогтоод, гэдэс дотор хана үүсгэж, судсанд лаг үүсгэнэ. Харин амьтны гаралтай крем нь хүний биед ороод хурдан шингэж, өөхөн хуримтлал үүсгэхгүй, судсанд давхарлаад лаг болоод байхгүй. Мэдээж хэрэглэгчид өдөр бүр замбараагүй ихээр бэйкери идээд байхгүй биз ээ.
-Мэдээж амттангүйгээр амьдралыг төсөөлөх нь утгагүй?
-Тийм ээ. Таргална гээд гоё амттан идэхгүй бол харамсалтай. Хамгийн гол нь хүний өөрийнх нь зохицуулах ухаан мэднэ. Ерөөсөө л хүний зохистой хэрэглээ гэж хэлмээр байна л даа. Өөртөө тохируулаад сайхан амттан идээд, түүнээсээ кайф авах нь зүйтэй. Бусад үедээ мэдээж зөв юмаа идээд явна. Цагаан гурилтай хүнс идлээ ч гэсэн өдөрт идэж байгаа хоолны калори, орцыг нь хянаад явахад асуудалгүй.
-Дэлхийн брэнд учраас стандарт нь маш нарийн байдаг биз?
-Мэдээж. Бид ямар ч стандартыг алдагдуулж, зөрчиж болохгүй. Дээр нь дан ганц амт чанар бус үйлчилгээ чухал. Бид стандартын дагуу чанартай бүтээгдэхүүн хийгээд тавьчихлаа. Дараа нь үйлчилгээ үзүүлнэ. Үүний хүрээнд нээгдсэнээсээ хойш давхардсан тоогоор 2000-3000 хүүхэд сургаж байна. Хэдийгээр мэдэгдэж, зарлагддаггүй боловч тийм их зүйлийг нийгэмд хийгээд байгаа юм. Хэрэглэгчээ сургаж байна, салбарын компаниудаа хөгжүүлж байна, дээр нь үйлчилгээний ажилтнуудыг сургаж байна.