“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Түүнийг 48 цаг саатуулаад байгаа юм.
Харин шалтгаан нь Д.Хаянхярвааг “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй” хэргээр шалгаж байгаа гэнэ. Мэдээж хийсэн үйлдэл бий байж болох ч улс төрийн зорилго агуулагдаж байна уу гэж хүмүүс хардаж байна. Учир нь аливаа мөрдөн шалгах үйл ажиллагааг хэрэг шийдэгдсэний дараа олон нийтэд зарладаг АТГ энэ удаа ч тун шаламгай асуудлыг ил гаргасан билээ. Улстөрийн зорилго агуулсан хэргүүдийг хууль, хүчний байгууллагууд шууд газар дээр нь зарлаж, олон нийтэд шуугиан тарьдаг болоод удаж байна. Нэг талын шоу хэлбэр гэх үү дээ. Нөгөөтэйгүүр том загасны хэргийг жижиг жараахайгаар дардаг асуудал энэ мэтээр улстөрд ихээхэн өрнөдөг болжээ. Энэ цаг үед Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн асуудлууд ч нийгэмд шуугиан тарьж, иргэдийг бухимдуулж буй. Тэгэхээр нийтийн анхаарлыг нэг тийш нь хандуулах шаардлага улстөрд гарсан байхыг үгүйсгэхгүй.