Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2021.05.03/ Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цэргийн дээд цол хүртээснийхээ дараа:
“Эрхэм генералууд аа, цол хүртэгсэд ээ, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар цэргийн дээд цол хүртээх зарлиг гаргаж, өнөөдөр батлан хамгаалах, хил хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олголоо.
Монгол Улсад 1944 оноос генерал цолыг олгодог болсон уламжлалтай. Төрийн тусгай албад бол нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг, хариуцлагатай салбар. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улс төржилтөөс ангид байж, нийгэмдээ, ард иргэддээ үйлчлэх тангаргаа хэлбэрэлтгүй сахин биелүүлж байдагт тань ард олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, цолныхоо шаардлагад тэнцсэн хүмүүс. Генерал цол бол нэн хүндтэй цол, бас үүрэг хариуцлага юм шүү. Цолыг дагаж ирж байгаа хүндэтгэл, итгэлийг дааж цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэлтэй ажиллах даалгавар мөрөн дээр чинь мөрдөсний хамтаар бууж байгааг цаг үргэлж санаж яваарай хэмээн захья. Та бүхэнд амжилт хүсье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс өнөд оршиж, монгол цэргийн сүр хүч, яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртсэн ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгийн аав Дамдинсүрэн нь ЗХЖШ-ын анхны дарга бөгөөд генерал цолтон байв.