УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл оны өмнөхөн цацагдаж шуугиан дэгдээсэн. Тэдгээрийн нэг нь УИХ-ын гишүүн Н.Учрал. Түүнийг аавынхаа нэр дээр байдаг “Хүннү” ХХК-д УИХ-ын гишүүний нэр нөлөөллөө ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн гэсэн шүүмжлэл хэсэгтээ л цахим ертөнцөд хөвөрсөн.
Үүнтэй холбоотойгоор Англи улсад айлчилж буй Н.Учрал гишүүн фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж байсныг энд дахин сийрүүлж байна. Тэрээр “Хүннү” ХХК 100 хувь миний аав Н.Ням-Осорын нэр дээр байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад УИХ-ын гишүүн миний оролцоо, нөлөөлөл байгаагүй. Намайг нөлөөлсөн гэдэг нь гүтгэлэг. Тиймээс би албан ёсны тайлбар хийж байна. Аавын минь 1992 онд байгуулсан энэ компани надгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ компани ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад төслийн багийнхныхаа бичсэн төслийг албан ёсоор бүртгүүлээд, өөрийн компанийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж тус зээлийг авсан. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” гэж байсан юм.
Харин шинэ он гарсны дараахан “Баялаг бүтээгчдийн дэмжих холбооноос ЖДҮ-ээс зээл авсан төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд асуудлаар мэдээлэл хийн зээлээ эргүүлэн төлсөн гишүүдийн нэрсийн жагсаалтыг зарласан. Гэтэл тэр дунд ноён Н.Ням-Осорын зээлээ төлсөн баримтын мэдээлэл лав байсангүй. Тэгэхлээр Н.Учрал гишүүн хэлсэн үгэндээ эзэн болж ЖДҮХ-сангаас авсан 950 сая төгрөгөө төлчихвөл яасан юм бэ.