Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагийн үеэр тус яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулах эсэх талаар тайлбар өглөө.
Тэрбээр “Улмын хэмжээнд КОВИД-19-ийн халдвартай жирэмсэн эмэгтэй 1,152 байна. Эдгээр эмэгтэйн 114 нь гэрээр эмчлэгдэж, 250 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Биеийн байдлын хувьд 12 нь хүнд буюу нэн хүнд хэлбэрээр өвдсөн. Нийт өвдсөн эмэгтэйчүүдээс 286 нь төрсөн. Үүнээс 196 эмэгтэй төрөх замаар, 90 эмэгтэй кесарев мэс заслаар төрөөд байна.
Манай улсад орж ирсэн Pfizer вакцины заалт дээр жирэмсэн болон хөхүүл эмэгтэйд хийхэд ямар нэгэн эсрэг заалтгүй гэж бичсэн байгаа. Хэрвээ жирэмсэн эмэгтэйчүүд вакцинд хамрагдах бол хяналтын эмчээсээ зөвшөөрөл аваад хийлгэж болно.
Өөрөөр хэлбэл тухайн бодисын найрлагад орсон ямар нэгэн бодисоос харшилгүй бол хийлгэж болох юм. Жирэмсний 14-36 долоо хоногтой эмэгтэйчүүдэд Pfizer вакцин хийхийг зөвлөж байгаа.
Ямар нэгэн эрсдэл байхгүй гэдгийг эрдэмтэд зөвлөж байна. Ургийн хөгжлийг хэт авиан шинжилгээгээр хянадаг. Төв мэдрэлийн систем болон зүрхний эхний эрхтнүүдийн үүсэл гуравдугаар долоо хоногоос эхэлж тавигдаад, дөрөвдүгээр долоо хоногоос хөгжиж эхэлдэг. Нүд дөрөв, тав, чих зургаадугаар долоо хоногт, тагнай долоогоос наймдугаар долоо хоногт гэх мэт хөгжинө.
Есөн долоо хоног гэхэд ургийн эрхтнүүд хөгжөөд бүрэлдэн тогтсон байдаг. Есөн долоо хоногоос бүрэлдээд тогтсон эрхтнүүд цаашид улам хөгжиж явдаг. Тэгэхээр ургийн ихэнх гаж хөгжлүүд есөн долоо хоногоос өмнө үүсдэг. Эрдэмтэд 14 долоо хоногоос хойш буюу дөрөв дэхь сараас хойш жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөж байгаа. Энэ сараас хойш урагт ямар нэгэн гаж хөгжил үүсэхгүй” гэлээ.