Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүхтэй. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнөөдөр Төрийн ордонд “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн” явагдаж байна. Зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.
Сонирхуулахад, дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг “Ursus Arctos Gobiensis” гэж нэрлэдэг. 1953 онд АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулан, агнахыг хуулиар хоригложээ. “Улаан ном”-д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 толгой гэж тэмдэглэжээ.