Амьдрал Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр ЯРИЛЦЛАГА

Мисс Ё.Нямжав: Үнэн… Охин маань тэр бөхийн хүүхэд

 

Би үр хүүхдүүдийнхээ буяныг сайхан эдэлдэгээ хэнээс ч нуухгүй

Гоо үзэсгэлэн, билэг оюун хоёр нэгдэхээрээ хүчирхэг нэгнийг бий болгодог. Ийм нэгэн бүсгүй бол “Монголын сайхан бүсгүй”-н Алтан Эрдэнэ титмийн эзэн Ё.Нямжав билээ. Гоё сайхны дээр ухаалаг, боловсролтой түүнтэй ярилцахад ихэд эерэг энэрги цацарч, нэн таатай байсныг дурьдах хэрэгтэй. Миссүүд дундаа боловсрол өндөртэйд тооцогддог тэрбээр улс төрд ороод 10 гаруй жилийг үджээ. Өдгөө төрийн албанд туушдаа зүтгэж буй Ё.Нямжав Гадаад харилцааны яам, дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлаар ажиллаж байна. Түүний сонирхолтой ярилцлага уншигч танд нэгийг бодогдуулах биз ээ.

-Ойрд хэвлэлд ярилцлага өгөөгүй бүсгүйтэй ярилцах завшаан олдсонд таатай байна. Мисс Ё.Нямжав маань улстөрч Ё.Нямжав болоод 10 гаруй жил өнгөрчээ. Төрийн албанд ч томилогдоод авлаа. Дипломат байгууллагын үйчилгээ, аж ахуйн газрын даргын алба залуу хүний хувьд өндөр албан тушаал шүү?
-Улс төрд орсон гэж хэлэхэд буруутахгүй байх л даа. Яагаад гэвэл хар залуугаасаа МАН-ын дэргэдэх Залуучуудын байгууллагаар хүмүүжсэн гэж болно. Намын дэргэдэх залуучуудын байгууллагад цэвэр намын гишүүд, эсвэл намын гишүүн болох ёстой хүмүүс байдаг гэж олон нийт ойлгодог. Уг нь хэдий намын дэргэдэх боловч НАМЗХ чинь зүгээр л төрийн бус байгууллага. Мэдээж хэрэг намд ойртъё гэсэн санаа бодол дотор байлгүй л яах вэ. Гэхдээ залуучуудын байгууллагад орсноороо олон нийтийн ажил хийж сурах, олонтой болох, олон төрлийн харилцаанд өөрийгөө авч явж сурах талаасаа хүмүүжүүлсэн гэж хэлэх дуртай. Олон салбарын, маш их боловсролтой, ирээдүйтэй залуустай найз нөхөд болж, тэдэнтэй нэг эгнээнд алхаж, олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж явлаа. Дөрвөн хананы дунд сургуульд сураад хүн онол заалгадаг. Харин ажил дээр гараад хүн жинхэнэ амьдралын сургуульд суралцдаг. Энэ утгаараа намын дэргэдэх залуучуудын байгууллага надад их туршлага өгсөн. Нийлбэр дүнгээр нь бодвол арваад жил тэнд явжээ.
-Нөгөө талдаа НАМЗХ-г МАН-ын боловсон хүчний том бааз гэж хардаг шүү дээ. Тийм ч болохоор тэндээс төрөн гарсан боловсон хүчнүүдийн нэг, өөрийг тань Монгол Улсын нэрийг гаргах том газрын даргаар томилсон байх?
-Тэгж үзэхээс аргагүй. Улс төрийн, төрийн олон лидерүүд тэндээс төрөн гарсан түүхтэй. Намайг ямартай ч тоож МАН-ын Гадаад харилцааны албаны даргаар ажиллах боломж олгосон. Яг энэ дагуу Монгол Улсын гадаад харилцааны ар тал буюу Дипломат байгууллагын Үйлчилгээ аж ахуйн газрын даргаар томилогдлоо. Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх Элчин сайдын яамд, Олон улсын байгууллагууд болон манай гадаад харилцааны яамны өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад ямар хангамж, аж ахуй шаардлагатай байна, тэр бүхнийг үзүүлдэг байгууллага гэх үү дээ.
-Их эрх мэдэлтэй албан тушаал шүү дээ?
-Тэгж болно.
-Үүсэл нь 1951 оноос эхтэй байх аа?
-Тийм ээ. 1951 онд байгуулагдсан. Элчингүүдэд үйлчлэх тасаг нэртэй, нэг хүний орон тоотойгоор тухайн үеийн Гадаад явдлын яамны дэргэд байгуулагдсан. Монгол Улсын маань анхны таван яамны нэг нь Гадаад явдлын яам шүү дээ. Тэгэхээр байгууллага маань 70 орчим жилийн түүхтэй. Төдийлөн хүн мэддэггүй боловч үүрэг өндөртэй, чимээгүйхэн ажлаа хийгээд явж байдаг сайхан байгууллага.

Төрийн ажлыг нэр төртэй хийх ёстой

-Тийм шүү. Хүн болгон тэр бүр мэдээд байддаггүй хэрнээ эмэгтэй хүний чимхлүүр ажил, ухаан шаардсан чамин ажил юм. Энэ албанд ирээд удаагүй байх аа?
-Энэ нэр, төртэй албанд ирээд хоёр жил болж байна. Улстөр, олон нийтийн ажил гэдэг цэвэр хүний хүсэл эрмэлзэл дээр явдаг. Төрийн алба бол хүний харилцаа, шударга зарчим, хариуцлага дээр суурилдаг. Төрөөс өгсөн үүрэг даалгавруудыг төрөөс баталсан хууль дүрмийнх нь хүрээнд явуулна шүү дээ. Мэдээж олон нийтийн ажлаас төрийн алба руу шилжихэд мэдэхгүй, чадахгүй зүйл гарч байсан. Хамгийн гол нь ямар ч ажил харилцаан дээр л явдаг. Тийм болохоор ажил, хамт олонтойгоо танилцаж, салбараа мэдэхэд, өнөөдрийн төвшинд хүртэл ажилдаа гаршихад нэг их асуудал байгаагүй. Улс төрд байсан гэдэг утгаараа төр ямар байх ёстой вэ гэдгийг гадарладаг гэдэг учраас өөрийгөө бэлтгэгдсэн байсан гэж боддог. Нэг их зовлон, бэрхшээл байсангүй. Төрийн ажлыг нэр төртэй хийх ёстой шүү.
-Гэхдээ сүүлийн үед төрийн албаны нэр хүнд их унасан. Төрийн албыг хувьдаа ашиглах ч гэдэг юм уу. Ё.Нямжавын хувьд энэ тал дээр зарчимч гэж дуулдсан шүү?
-Төрийн ажилд сэтгэл дутаад, хувийнхаа асуудлыг дандаа урд нь тавьдаг дутагдалд шүүмжлэлтэй ханддаг л даа. Миний багын хүмүүжил, энэ олон жилийн харилцаан дундаас сурсан зүйл бол ямар ч ажлыг үнэнч хийх явдал. Ялангуяа төрийн ажлыг их үнэнч хийх хэрэгтэй. Хэдийгээр би залуу хүн ч гэлээ өөрийнхөө удирдлагад ажилладаг залуустаа, ахмаддууддаа ч “Төрийн ажилд сэтгэл дутвал та бүхний амьдралд гал дутна шүү” гэж хэлдэг юм. Төрийн ажилд хамгийн түрүүнд сэтгэл гаргаж, дараа нь хариуцлагатай хандахад болно гэж боддог доо.

“Би энэ ажлыг хиймээр байна” гэж гуйгаагүй

-Зөв, зарчимч үзэл үнэртэж байна. Нэг ёсондоо Монгол Улсын нүүр царай болох энэ байгууллагын даргаар өөрийг тань томилсон нь МАН ихээхэн итгэл хүлээлгэсний шинж байх?
-Улс төрд олон жил зүтгэснийхээ хариуд “Би энэ ажлыг хиймээр байна” гэж гуйгаагүй л дээ. Миний ажлын гараа МҮОХ-ноос эхэлж байлаа. Дараа нь Харилцаа, холбооны зохицуулах хороонд, хамгийн сүүлд МАН-ын Гадаад харилцааны албаны даргаар ажилласан. Мөн хоёр, гурван төрийн бус байгууллагад ажиллаж байлаа. Дандаа л олон нийт, гадаад харилцааны ажил хийж ирсэн. Би өөрөө олон нийт, гадаад харилцааны ажилд их сонирхолтой. Тиймээс хүсэлтээ өгч, анкетаа бөглөөд энэ ажил дээр ирсэн. Түүнээс биш ямар нэгэн шан харамж, сонгуулийн үр дүнд уг албанд ирсэн юм биш л дээ.

Энэ байгууллагын анхны эмэгтэй дарга бол би, Бас хамгийн залуу дарга нь

-Бас энэ байгууллагын анхны эмэгтэй дарга болж, түүхэнд тэмдэглэгдлээ шүү дээ?
-Тийм ээ. Энэ байгууллагын анхны эмэгтэй дарга бол би. Бас хамгийн залуу дарга нь би. Байгууллага маань анх 1951 онд байгуулагдсанаас хойш социализмын үе, зах зээлийн үеийг дамжсан байна. Манай өмнөх дарга нар дипломатдаа ч дипломат, аж ахуйдаа ч мэргэшсэн үнэхээр мундаг хүмүүс байсан. Одоо л Төрийн өмчит үйлдвэрийн газар болчихсон болохоос биш өмнө нь Яамныхаа дэргэд агентлаг байсан. Цэвэр төрийн байгууллага байсан гэсэн үг. Тэр утгаараа энэ байгууллагад олон жил ажилласан хүмүүс гадагшаа дэвших, Монгол Улсыг төлөөлж байгаа Элчин сайдын яамд, консулын газар удирдлагаар ажиллах гоё зам мөр, барилдлагатай. Яалт ч үгүй гадаадад байгаа Монгол Улсын элчин сайдын яамд, Монголд буй гадны орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд хүссэн, хүсээгүй ямар нэгэн байдлаар манай байгууллагатай холбогддог. Аж ахуйг нь хариуцдаг учраас амин хэрэгцээ нь юм даа. Миний хувьд баярладаг. Энэ сайхан албыг нэр төртэй авч явах юмсан гэж хичээж явна.
-Анх энэ байгууллагын даргаар ирэхэд годгоносон жаахан охин хүрээд ирлээ гэж дамшиглаж байв уу?
-Өө, тэгсэн. Манайх ахмад олонтой. Дэргэдээ том ахмадын байгууллагатай. Хүн болгон намайг ажиглаж, тийм яриа гарч байсан. Яриа гарах тусам би хариуцлагаа өндөржүүлж, чамбай хандах ёстой хэмээн өөрийгөө зоригжуулж байлаа. Одоо бол ажил маань сайхан жигдэрчихлээ.

Болж өгвөл татаж чангаачихъя, утасдаад уулзчихъя гэж хөнгөн, хэлбэр талаас нь ханддаг байсан уу гэвэл байсан

-Ингэхэд эмэгтэй хүн улс төрд ороход их хүнд байдаг гэлцдэг. Эрчүүдтэй ана мана үзэлцэнэ, эсвэл татуулж, чангаалгана. Ялангуяа энэ том намд танигдаж гарч ирэхэд хүндхэн байв уу?
-Том намд орохын давуу тал, сул тал гэж аль аль нь бий. Эмэгтэй хүн, тэр тусмаа залуу эмэгтэй хүний хувьд хэцүү. Би МАН-д 2001 онд элсч байлаа. Элсэхдээ үзэл баримтлалыг нь учиргүй ойлгодогүй юм аа гэхэд энэ улсад бүтээсэн түүх, чиг шугам, үнэт зүйл нь таалагдаад сонгосон. Улмаар залуучуудын байгууллага байдаг юм байна гэдгийг мэдээд тэнд нь орж гишүүн, бага хурлын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч гээд шат дараатайгаар явсан. Хүн болгоны хувьд бэрхшээл харилцан адилгүй. Намайг анх ороход “Аан, энэ нөгөө мисс охин байна” гэж хэлбэр талаас нь хүлээж авч байсан. Болж өгвөл татаж чангаачихъя, утасдаад уулзчихъя гэж хөнгөн, хэлбэр талаас нь ханддаг байсан уу гэвэл байсан. Тэрийг даван туулах гэдэг үнэндээ чанга ажил байсан. Даван туулсны дараа өөрийгөө хэн бэ гэдгийг нэмж харуулна. Харуулаад хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ болгоныг шат дараатайгаар даван туулсан. Өөртөө байгаа үнэт зүйл, хүмүүжил, гоо сайхан бүхнээ нэг удаагийн цаасаар арчаад уландаа гишгэсэн гэж боддоггүй. Мэдээж үүнд хугацаа орно. Хүн болгонд би мундаг, би сайхан, би чадна гэж зарлана гэдэг утгагүй. Хэн бэ гэдгийг цаг хугацаа л харуулна. Хийсэн ажилдаа яаж хандах уу, хэнтэй яаж харилцах вэ гэдгээ маш сайн мэднэ.

Би үр хүүхдийнхээ буяныг сайхан эдэлдэгээ хэнээс ч нуухгүй

-Бас л шударга хэлж байна шүү. Татаж чангааж байсныг ч хүлээн зөвшөөрч байна уу?
-Улс төрд орсон эмэгтэйчүүдийг хүмүүс янз бүрээр ярьдаг. Том помпанийн захирал эмэгтэй улс төрд орвол амжилттай хурдан явдаг, нэг бол зүс царайтай сайтай нь ахидаг, эсвэл нэг эрэгтэй татаж чангааж явчирвал хурдан явдаг гэсэн яриа байдаг. Хүмүүсийн өмнөөс нийт эмэгтэйчүүд тийм гэж дүгнэхэд хэцүү. Надад тохиолдсон бэрхшээл бол тэр.
Би юунд хатуу итгэлтэй байдаг вэ гэхээр хоёр сургуулиа хоёуланг нь онц дүнтэй төгссөн. Хоёр хэлтэй. Хаана ч очоод ажил хийхэд бусдаас царай алдахгүй, өөрийгөө аваад явчихаж чадна. Хатуухан хэлэхэд хэлбэр дүрсээ худалдаж амьдарч байгаа хүмүүсийг хамгийн ядуу дорой, өрөвдөлтэй гэж хардаг. Улстөрийн хүрээнд ороод ирчихсэн, амбиц, карьераа тодорхойлчихсон миний хувьд бүр ч байж болшгүй зүйл. Хүн агуулгаараа хоолоо олоод идчих чадалтай гэдгээ мэдэж байгаа л бол тэгж явах шаардлага юу байна. Хүний л амьдрал юм чинь би зээлтэй. Тэглээ гээд хэлбэр дүрсээ тав, арван төгрөгөөр худалдаад нэр хүнд, амьдрал, үнэт зүйлээ худалдана гэдэг хол явахгүй. Миний харж байгаа зүйл бол их өөр. Яах вэ, өнөөдрийг хүртэл би арав гаруй жил ганц бие явж байгаа ч хэнээс ч гуйхгүй, амьдрал болж л байна. Гэхдээ би үр хүүхдийнхээ буяныг сайхан эдэлдэг /Инээв/. Тэрийг бол нуухгүй. Түүнээс хэн нэгнээс байр, машин, брэндийн хувцас гуйх шаардлага надад байхгүй.

“Мисс байсан юм байгаан” гэх мэтээр явуулж л байдаг

-Одоо чамайг мисс, сайхан бүсгүй гэдэг талаас нь хардаггүй гэж үү?
-Үгүй. “Мисс байсан юм байгаан” гэх мэтээр явуулж л байдаг. Гол нь намайг хэн бэ гэдгийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол тэр эрэгтэй найзууд. Ер нь ч эрэгтэй хүмүүстэй найзлаад явахын давуу тал нь шийдвэл шийднэ, яривал ярина, эргэж буцахгүй амар.

Хүүхнүүдээр шоу хийдэг арчаагүй эрэгтэй улстөрчид бий

-Заримдаа эрчүүд л хамгийн хогийн хорчин, ховчин шиг санагддаг, үгүй гэж үү?
-Хов ярина. Эрчүүд эрчүүдийнхээ ховыг, хүүхнүүд хүүхнүүдийнхээ ховыг л яридаг байлгүй дээ. Хов гэж л муухай яриад байгаа болохоос нэг талдаа мэдээлэл солилцох процесс явагдаад байгаа юм болов уу. Чухамдаа сэдэв нь юу вэ гэдэг сонин л доо. Улс төрд эрчүүд шийдвэр гаргах төвшинд илүү байна, эмэгтэйчүүд бага байна л гэдэг. Үнэндээ урт хугацааны нөхөрлөлд эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол жаахан сул талтай юм шиг. Эрчүүд шийдвэр гаргахдаа болж өгвөл зургаа том тойргоор гаргадаг. Тэрний төлөө ингэж явна гэдгээ тохирчихвол яваад өгдөг. Бусдаар хүүхнүүдэд дутаад байх юм байхгүй.
Нөгөө талдаа хүүхнүүдээр шоу хийдэг арчаагүй эрэгтэй улстөрчид бий. Тэрийг би харж л байсан. Аятайхан имижтэй, хол явчихаар эмэгтэй тодроод ирэхээр “Наадах чинь минийх, тэгдэг, ингэдэг” гэж яридаг эрчүүдийг хараад зогсохгүй өөрт нь хэлж л байсан. “Эрчүүдийнхээ тогоон дотор улс төрөө хийж чадахгүй арчаагүй хүмүүс хэдэн хүүхнээр л улс төр хийх юм даа. Чи хол явахгүй ээ” гэж хэлж байсан.
-Муухай юм аа. Тийм хүмүүс зөндөө байдаг л байх?
-Байна аа. Гэхдээ өнөөдөр эргээд харахад надад дандаа эрэгтэй найзууд бий болсон байна. Залуучуудын холбооныхноос авахуулаад “Өө, чи юбка өмсдөг байсан юм уу” гэж дамшиглах жишээний. Эрэгтэй хүмүүсийн дунд эрэгтэй хүн шиг явчихсан болохоор тэр л дээ.

Мундаг манлайлагч эмэгтэй болохыг л тэмүүлж явдаг

-Ё.Нямжав маань сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлч нарт аливаа зүйлийг харах мэдрэмж, сэтгэх чадвар илүү заяасан нь өнөөдрийн манай улс төрийн тогооноос ажиглагддаг. Сэтгүүлч нар улс төрд орох нь олонтаа. Ё.Нямжав ирээн карьерээ хэрхэн харж байна вэ?
-Улс төрийн карьерийн хувьд тэдэн жилийн дараа УИХ-ын гишүүн, сайд, Ерөнхий сайд болно гэж ямар нэгэн албан тушаал төлөвлөнө гэдэг утгагүй. Ямар нэгэн албан тушаал, тийм сайд, гишүүн гэж хэмжвэл миний хөгжил тэгээд зогсчихож байна. Харин тийм юм болох ёстой гэж хайрцаглагдахгүй, юу руу тэмүүлэх ёстой вэ гэвэл манлайлагч л болох хэрэгтэй. Манлайлагч гэхээр манайхан даргатай андуурдаг. Уг нь манлайлагч гэдэг өөр ойлголт. Үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн, чадвартай, мундаг манлайлагч болж чадвал бизнес, улс төр, өөрийнхөө салбарт ч хүлээн зөвшөөрөгдөнө. Манлайлагч хүний дийлэнх чанар нь төрмөл байдаг гэдэгт итгэдэг. Хүн олж авч, суралцаж болно. Гэхдээ манлайлал гэдгийн цаана хүлээн зөвшөөрөгдөх байдал, хүмүүсийн оюун санаанд өөрчлөлт хийж, нөлөөлж байгаа байдал нь чухал. Тийм чанарыг эзэмшинэ гэдэг ямар ч дарга сайдын албан тушаалаар хэмжигдэх зүйл биш. Үнэхээр мундаг манлайлагч эмэгтэй болохыг л тэмүүлж явдаг. Магадгүй хүмүүнлэгийн салбарт ч байж болно шүү дээ.
-Их зөв бодолтой байна шүү. Ингэхэд миссүүд дундаасаа улс төрд орж, манлайлж чадаж байгаа нь ганц өөрөө байна уу?
-Тийм байх аа. Миссүүд гэхээр би өөрийнхөө орж байсан, “Хатан Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг л хараад байна. Бусдыг нь мэдэхгүй юм. Ялангуяа сүүлийн үеийн миссүүдийг бүр мэдэхгүй. Миний мэддэг миссүүд дундаас улс төрд явж байгаа нь би л байгаа байх. Манайхны дийлэнх нь бизнесийн салбарт орсон.

“Монголын сайхан бүсгүй” тэмцээнээс төрсөн хэдэн эмэгтэйг одоо ч ярьсаар байдаг

-Сүүлийн үеийн миссүүдийг танихгүй гэснээс та нарын үед Монголын сайхан бүсгүйн тэмцээнд орох, бүр түрүүлэх нь маш их нэр хүндийн оргил байлаа. Тэгтэл сүүлийн үед ямар ч олон тэмцээн, ямар ч олон мисстэй болчихсон юм. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Юм чанартай байхад хийгдсэн, бүтээгдсэн бүхний үнэ цэнийг өнөөдөр хүн бүхэн мэднэ. Ер нь мисс ч гэлтгүй. Тухайлбал хуучны сайхан кинонууд байна. Би боддог. Юм нэмэгдээд, олширход буруу юм байхгүй байх л даа. Зах зээлийнхээ хуулиар өрсөлдөөн дундаас чанар гарч ирнэ. Гэхдээ энэ жижигхэн зах зээлд нэг нэр төрлийн бүтээгдэхүүн тийм олон байх ёстой юу.
Бидний үед хоёр жилд нэг удаа “Монголын сайхан бүсгүй” тэмцээн болдог байлаа. Шүүлтүүр, шалгуур нь маш нарийн. Бэлдэж буй хугацаа нь урт, бэлддэг хүмүүс нь, агуулга нь мундаг байлаа. Жинхэнэ соёл урлагийн акулуудаас зөвлөгөө авч, бэлтгэгддэг байсан. Сар, хоёр сар гаруйн хугацаанд тайзны бэлтгэлээ базааж, эмчийн үзлэгт хүртэл орж байж тэмцээнд орох эрхээ олж авдаг нарийн дэг жаягтай байсан. Тийм ч болохоор “Монголын сайхан бүсгүй” тэмцээнээс төрсөн арван хэдэн эмэгтэйг хэвлэл мэдээлэл, олон нийт нь ч ялгаагүй ярьсаар байдаг. Юм үнэ цэнтэй байх үед үнэлүүлсэн нь бас бидний аз. Одоо бол охид, хүүхнүүд гоё, сайхан болж, энд тэнд тэмцээнд ороод өөрийгөө үнэлүүлдэг болж. Гэхдээ чанар л чухал юм.
Сүүлийн үед дэлхийн хоёр, гурван тэмцээнд явсан охидын ихэнх нь өөрийгөө танилцуулж чадахгүй байх хэмжээний хэлтэй, Монголынхоо талаар ямар ч түүхийн мэдлэггүй гэх шүүмжлэлтэй зүйлс харагддаг. Хэлбэр талаас нь хэтэрхий их бэлдээд байна уу гэж харагддаг. Уг нь агуулга, хэлбэр хоёрын нэгдэл байх ёстой. Яах гэж дэлхийн миссийн тэмцээнийг дэлхийн энх тайвны билэгдэл гэж зарладаг юм. Face-ээс гадна дотрыг нь ашиглах гээд байна шүү дээ. Манайхны хувьд дотрыг нь сайн бэлдэхгүй байна уу даа гэж харагддаг.
-Өдгөө “Монголын сайхан бүсгүй” тэмцээн зохион байгуулагдахгүй удлаа. Зохион байгуулагдах байгаа?
-Сүүлийн хэдэн жил зохион байгуулагдаагүй. Энэ жилээс сэргээж зохион байгуулна гээд “Хатан Эрдэнэ” холбооны одоогийн ерөнхийлөгч Энхсайхан эгч болон бидний хэдэн миссүүд анхан шатны үйл ажиллагаандаа орчихсон яваа. Мисс гэж харуулахаасаа илүү хуучны “Монголын сайхан бүсгүй”-д яг хэрхэн бэлддэг, ямар шалгуур тавьдаг байсан, тэр жишгээрээ зохион байгуулвал зүгээр юм болов уу гэж бодож байна.

Намайг шинэ зууны анхны мисс гээд сүйд болж билээ

-Өөрөө 2001 оны “Монголын сайхан бүсгүй”-н тэргүүн байрын эзэн. Түүнээс хойш гурав, дөрвөн ч мисс тодорсон атал Д.Уянгалянхуа та хоёрыг л хүмүүс сайн мэдэж, одоо ч ярьсаар байдаг. Жинтэй, үнэ цэнтэй болохоор тэр юм болов уу?
-Миний өмнө 1999 онд Сансармаа эгч түрүүлж байсан. Дараа нь 2001 онд би түрүүлсэн. Намайг шинэ зууны анхны сайхан бүсгүй гээд сүйд болж билээ /инээв/. Миний дараа 2002 онд Д.Уянгалянхуа түрүүлсэн. Намайг түрүүлсэн жилээс хойш жил болгон зохион байгуулагддаг болсон. Гантуяа, Сарнай гээд сайхан охид ар араасаа төрсөн дөө.
Би мисс болсноосоо хойш “Хатан Эрдэнэ” холбооны ерөнхий менежрээр ажиллаж, хоёр ч удаагийн тэмцээнийг зохион байгуулалцаж өгсөн. Тэр үед сайхан л болж байсан.

Зургаахан сарын дотор мисстэй холбоотой амьдрал өрнөөд дууссан

-Ё.Нямжав маань миссийн хэдэн титэмтэй вэ?
-Би уг нь яг энэ гоо сайхны салбарын хүн биш. Санаандгүй явж байгаад зургаахан сарын дотор мисстэй холбоотой амьдрал өрнөөд өнгөрчихсөн. Гэнэт орох шийдвэр гаргаад “Улаанбаатарын мисс” тэмцээнд анх орж байлаа. Тухайн үед шууд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд орох боломжгүй байсан юм. Эхний тэмцээнүүдэд орж байж эрхээ авдаг байлаа. “Улаанбаатарын мисс” тэмцээнд орох хэрэгтэй байна гэсэн хүний ятгалганд ороод хэдхэн хоног бэлдээд гарсан. Тухайн үед одоогийнх шиг юм бүхэн ийм сайхан элбэг дэлбэг байсангүй. Хотод хэдхэн даашинзны прокат байсан. Хэн түрүүлж очсон нь хамгийн гоё даашинзыг өмсөөд орно. Хэдхэн даашинзыг тэмцээнээс тэмцээний хооронд бүсгүйчүүд ээлжилж өмсөөд ордог байлаа шүү дээ. Ингээд л хэдэн хувцас прокаталж аваад ээж, аав хоёроосоо тас нуугаад орсон. Тэгтэл телевизээр орон даяар яриад ил болгочихсон. Нэгэнт түрүүлчихсэн болохоор ээж, аав хоёр маань баяр хүргээд л. Нэг тэмцээнд ороод түрүүлчихсэн болохоор жаахан зориг ороод байж байтал тухайн үеийн Соёлын яаманд олон улсын тэмцээнд явуулах санал ирсэн. Ингээд сая тэмцээнд түрүүлсэн нөхрийг явуул гэснээр ойр зуурын хэдэн юм бэлдэж аваад явсан даа. Тэр тэмцээн надад маш их туршлага өгсөн. Дэлхийн том улс орнуудаас ирсэн миссүүд нүүр будагч, үсчин, бараг л цүнхийг нь барьдаг хүнтэй явж байхад би хоёр аймаар том чемодан бариад хөлстэйгээ хутгалдсан хүн л гүйгээд байлаа. Том фестивалийн хүрээнд болж байсан болохоор тэнд оролцож байсан манай хэдэн дуучин, хөгжимчин ах, эгч нар надад тусалж 39 орноос гуравт орсон. Юу болоод өнгөрснийг ч мэдэхгүй Солонгосын Чежү арал дээр сар болчихоод ирсэн. Ирээд удаагүй байхад “Монголын сайхан бүсгүй” тэмцээн зохион байгуулагдаж, өмнө нь хоёр ч тэмцээнд ороод түрүүлчихсэн болохоор ааг омог нь амтагдчихсан орж билээ. Ердөө л зургаахан сарын дотор гурван тэмцээнд орж, гурван титэмтэй болоод мисстэй холбоотой амьдрал маань цэглэгдсэн дээ.
-Их сайхан санагдлаа. Тэр жил ёстой бяр амтагдаж, од хийморьтой байжээ. Сургуульд сурахаар мордсон охиноо Монголын сайхан бүсгүй болж, гялалзахад гэрийнхэн нь яаж хүлээж авч байв?
-Тухайн үед тохиолдлоор гэмгүй явж байгаад орчихсон боловчиг миний амьдралд их зүйлийг өөрчилсөн. Ээж, аавыгаа баярлуулж, үр хүүхэддээ үлдээх сайхан дурсамж байсан юм билээ. Хүүхэд байсан болохоор учрыг нь ч сайн ухаарахгүй байсан юм шүү дээ. Одоо бодоход миний ээж, аавын удамд алинд нь ч улсын хэмжээний гоо сайхны тэмцээнд орж, түрүүлж байсан түүх байхгүй. Ах, дүү, хамаатан, садан, нутаг ус даяараа бахархал нь болсон. Өнөөдөр ч манай нутгийн дээд, доод үеийнхэн “Нутгийн маань ганц мисс” л гэлцдэг. Яалт ч үгүй л би Завхан нутгаас төрсөн ганц мисс нь шүү дээ.

Яг над шиг унаган хөдөө төрж, өсөөд түрүүлж байсан мисс надаас өөр байхгүй

-Тухайн үед хөдөөнөөс төрсөн ганц мисс гээд л шуугиж байсан. Ихэвчилэн Дархан, Эрдэнэт, Улаанбаатараас л миссүүд төрдөг байлаа?
-Тэр одоо харин ганцаараа л дуусах нь ээ дээ. Хөдөөнөөс ганц хүн бэлддэг юм уу, яадаг билээ /инээв/. Үнэхээр л унаган хөдөөний охин мисс болж байсан юм даа. Тэр үед Дархан, Эрдэнэт гээд төв суурин газраас л мисс төрж байсан. Яг над шиг унаган хөдөө төрж, өсөөд түрүүлж байсан хүн яалт ч үгүй би л байдаг юм. Тэрэндээ залуу байхдаа эмзэглэдэг байдаг байсан. Одоо бол харин ч сайхан санагддаг. Бахархал байхгүй юу.
-Завхан сайхан бүсгүй олонтой юу?
-Сайхан байлгүй яах вэ. Хуучин нутаг хошууныхаа зааг, ялгаагаар ярьвал Арханхай аймгийн зарим сумд манайхтай нийлдэг. Жинхэнэ Тэсийн голын хүүхнүүд, Тэрхийн голын унага гэдэг яриатай хамаарна. Ер нь хангай газар уул ус сайтай. Хангай нутгийн хүмүүс биерхүү, том. Нутаг нугын онцлог гэж байна л даа. Тэр сайхан цэвдэгтэй цэвэр ус ууж өссөн хүмүүс сайхан байлгүй яах билээ.
Түүнээс гадна манай ээжийн ээж, манай эмээ залуудаа их сайхан хүүхэн байсан гэж яригддаг. Ямар сайндаа 16 настай анх нөхөрт гарах гээд хадмын талууд нь ирээд авч явсан юм билээ. Хадмынх нь хүүхнээ болгох гээд гэртээ авч иртэл нөхөр болох манай өвөө цэрэгт явчихсан. Тэгээд хадам ээж, аав хоёр нь гурван жил хүүхнээ ээлжилж өвөртлөн унтаж, хайрлаж, хамгаалж байсан гэдэг. Нутгийн харчууд ирээд богтлоод явчихаж магадгүй л гэж тэр шүү дээ. Тийм л сайхан хүүхэн байсан гэж манайхан ярьдаг. Мэдээж миний сайных гэж юу байх вэ. Ямар ч байсан нутаг ус, ээж, аавын маань сайхан ген эрүүл бие хаа надад заяасан. Эрүүл, цэвэр орчинд өсгөж хүмүүжүүлсэн.
-Тэр үнэн. Ээж, аавынх нь оруулсан хөрөнгө оруулалт бол эрүүл бие хаа, хүмүүжил, боловсрол. Ё.Нямжав багадаа ямар охин байв аа?
-Хичээлдээ л сайн, хичээлээ л сайн хийдэг, номын хүүхэд байсан. Ээж маань цэвэрч, нямбайгаараа алдартай хүн. Намайг цэвэрхэн, гоё орчинд өсгөсөн. Эмэгтэй хүн ямар ч тохиолдолд өөрийгөө хаяж болдоггүй гэдгийг хатуу сургаж өсгөсөн. Энэ нь ч надад их нөлөөлсөн. Манай дүү бид хоёрыг маш гоё цэвэрхэн хувцаслуулдаг. Нутгийнхан маань “Нямсүрэн багш цэцэг цэврүү шиг хоёр охинтой” гэж ярьдаг байлаа.

Би ил сувд байсан, тодорчихсон ганц, хоёр охины л нэг байлаа

-Цэвэрч, нямбай байна гэдэг эмэгтэй хүний чухал чанаруудын нэг. Ингэхэд нуугдмал сувд байв уу. Эсвэл нутгийн од охин байсан уу?
-Үгүй, үгүй. Би ил сувд байсан /инээв/. Би тодорчихсон ганц, хоёр охины л нэг байлаа. Мэддэггүй хүн байхгүй. Сагс тоглоод энд тэнд гүйгээд байдаггүй. Тийм зүйлээс хол мөртлөө гэрээсээ гараад явахаар энэ тэдний охин гээд л ярьдаг. Багадаа өндөр цагаан охин байснаас гадна хичээлдээ сайн, олимпиадуудад орж шагнал, урамшуулал их авна. Намайг мэддэггүй хүн байдаггүй л байсан.

Бэлэн юм руу тэмүүлнэ, хошуурна гэдэг нэг л биш байгаагийн шинж

-Сайхан дурсамж байна. Сүүлийн үед сайхан бүсгүйчүүдийг мөнгөтэй хүн дагаад явчихдаг, биеийн амрыг боддог болсон гэж ярих нь бий. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Үнэхээр хайр сэтгэл үүсээд, тэр нь мөнгөтэй байгаад дагаад явчихсан байхыг үгүйсгэхгүй. Сүүлийн үеийн охид маань аливааг амар, хялбараар шийдчих гээд байдаг талтай нь ажиглагддаг. Тэрийг бодох л ёстой. Мөнгө бол яг амьдрал, сайн сайхны хэмжүүр биш. Мөнгийг үхэхдээ авдаад аваад авсандаа орохгүй. Мөнгөтэй байлаа гээд 10 жилийн нас, 20 жилийн амьдрал худалдаж авах юм уу. Өөртөө байгаа потенциалийг ашиглаад өөрөө мөнгө босгож байвал тэр нь үнэ цэнтэй. Бэлэн юм руу тэмүүлнэ, хошуурна гэдэг нэг л биш байгаагийн шинж. Хэзээ нэгэн цагт тэр хүмүүс ойлгох байх аа.

40 дөхөөд ирэхээр амьдралын утга учрыг ойлгоод ирдэг юм байна

-Мөнгө гэснээс материаллаг тал дээр хэр ач холбогдол өгдөг вэ?
-Гол нь амар амгалан, эрүүл байх чухал. Эрүүл байж чадахгүй байж гоо сайхан, хувцас хунарт ач холбогдол өгөөд яах вэ. Ер нь бидний амьдарч байгаа дэлхий ертөнц материаланд хахчихаад байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шингээж чадахгүй болчихож. Эсрэгээрээ өнөөдөр менималист амьдралын шаардлага гарч байна. 40 дөхөөд ирэхээр амьдралын утга учрыг ойлгоод ирдэг. Сэтгэлийн амар амгалан, эрүүл байх чухал гэдгийг. Алт мөнгө, эд материалд зарцуулж байгаа мөнгөө хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд зарцуулсан нь дээр гэдгийг ойлгодог насан дээрээ иржээ.
Миний хувьд тухайлбал гоо сайханд маш бага ордог. Хамгийн сүүлд хэзээ гоо сайханд орсноо мартчихсан хоёр гурван жил явсан үе ч бий. Боломжгүйдээ биш, тухайн үед шаардлагагүй л гэж үзсэн. Түүний оронд гоё ном унших, усанд сэлсэн нь дээр гэж үзэх жишээний. Миний одоогийн байр сууринаас харахад хүн чанартай юм хэрэглэх ёстой. LV-гийн гутал өмсөхөд манайхан “Хөөх, нөгөөх чинь баяжчихаж” гэдэг. 400, 500 мянган төгрөгний хятадад үйлдвэрлэсэн гурав, дөрвөн гутал авч өмссөнөөс ганц чанартай LV өмсвөл дөрөв таван жил өмсөнө. Чанар гэдэг чинь тэрэндээ л байна. Хахталаа баяжиж, хэлбэр хөөсөндөө биш шүү дээ. Чанартай, хэмнэлттэй, цэгцтэй амьдрал чухал.
-40 дөхчихлөө л гэнэ. Хөгшрөлт хэр ажиглагдаж байна. Хөгшрөхөөс айдаг уу?
-Ажиглагдалгүй л яах вэ. Эрч хүч буурчихсан, нүдний гал унаад л ажиглагдана. Гэхдээ яадаг юм бэ, гоё л хөгширье л дөө. Хөгшрөх, үхэх нь байгалийн хууль. Гол нь эрүүл, зөв хөгшрөх хэрэгтэй.

Дэргэд нөхөр гээд хань ижил байхгүй ч амьдралын ачааг үүрэлцдэг хоёр хүүхдийн маань эцэг бий

-Тийм ээ, гэхдээ 40 наснаас дөнгөж амьдрал эхэлнэ шүү, өөдрөг байна аа хэдүүлээ. За, нас яах вэ тоо, тэгтэл нөхөр сүүдэр гээд л асуудал байна. Ё.Нямжавыг ганц бие ээж гэдгийг уншигчид маань мэднэ. Нөхөрт гарах болоогүй юу?
-/Инээв/. Би чинь гэр бүлтэй шүү дээ. Том сайхан хар хүү байна. Том охин байна. Нөхрийн тухайд яалтай билээ дээ. Дэлгүүрт ороод бараа сонгоод авч байгаатай адилхан биш болохоор хувь тавилангийн юм байдаг л байх. Нэг их айхтар нөхөртэй болъё гээд бодоод, хөөцөлдөөд, чармайгаад байгаа юм алга. Чармайлаа гээд бүтдэг бол хамаа алга. Мэдэхгүй, хэзээ нөхөртэй болох юм. Гэхдээ би нөхөргүй гээд яриад явах дургүй. Хэвлэлээр яалт ч үгүй бичигдчихдэг. Нөхөргүй гээд өөр шиг чинь асуучихсан үед нөхөртэй гээд худлаа хэлж чадахгүй шүү дээ.
Өнөөдөр гэрт дэргэд маань нөхөр гээд хань ижил байхгүй ч гэсэн амьдралын ачааг үүрэлцээд явдаг, хоёр хүүхдийн маань эцэг байдаг. Заавал гэрт хамт, нэг тогооноос хоол идсэнээрээ нөхөр, хань ижил гэж хэмжих ёстой юу, ёсгүй юу. Гэтэл гадна өөр амьдралтай мөртлөө гэр дотор байдаг хүнээс чинь илүү миний амьдралд үүрэг гүйцэтгэдэг хүн байж болно шүү дээ. Хүүхдүүдийнхээ аавыг магтах гээд байна л даа. Тийм болохоор бас нэг их хань ижил гээд үгүйлээд байдаггүй. Нөгөө талдаа ганц бие олон жил явахаар сэтгэлд хэрийн зүйл нийцэхгүй ч болчихдог юм байна. Бор зүрхээрээ явсаар байгаад амьдралаа өдий дайны болгочихлоо. Боловсролтой, ажил мэргэжилтэй, үр хүүхэдтэй боллоо. Би өнөөдрийнхөө амьдралыг үнэхээр хангалуун, баян гэж боддог. Ээж аав, гэр бүл маань эрүүл саруул байна. Өнөөдрийн амьдралыг хамгийн сайхан гэж хэлнэ. Яг үнэндээ нөхөр хайгаад, хөөгөөд яваа юм алга.
-Тэгвэл нөхөрт хөөлгөж байна уу?
-Ганц нэг хүн байж л байдаг /инээв/. Ихэнх нь намайг мэддэг болчихсон болохоор нэг бодлын амар юм даа.

Хамгийн их ганцаардаж, бодогдох үе баярын өдрүүд

-Хэдий ингэж бардам хэлж байгаа ч эмэгтэй хүн л болсон хойно хажуудаа 37 градус байлгамаар л байгаа биз дээ?
-Тийм юм бодох үе байна аа байна. Хамгийн их бодогдох үе нь баяр. Баярын өдрүүдэд хоёр хүүхэдтэйгээ бүлтийгээд үлдэхээр нэг л юм дутуу санагддаг. Айлын аавууд эхнэр хүүхдээ баясгаж байхад гээд бодогддог. Гэхдээ би ганцаараа 11 жил явчихсан болохоор одоо гайгүй дээ.
Цагаан сараар л гэхэд би айлын эхнэр байсан бол хоёр хүүхэдтэйгээ, нөхөртэйгээ айл хэсээд л явна. Тэгтэл би цагаан сараар ээж, аав дээрээ очоод жинхэнэ жангумаа, жолоочоо хийнэ шүү дээ. Дүүдээ тоглоод би хэлдэг юм. Эгч нь ээж, аав хоёр дээр тогоогоо барьж байхад ирж золгочихоод нөхрөө дагаад явчих юм гэнэ. Хүний амьдрал хосоороо байх ёстой учраас энэ мэтээр бодогдох үе байна аа. Гэвч бурхан гуай л мэддэг гэсэн шүү дээ /инээв/.
-Тэгэлгүй яахав дээ. Нөгөө талаар цуутай хүүхэн хуримгүй гэдэг. Цуутай хүүхнүүд ганц бие явах нь олон л байх юм?
-Ёстой л сайхан гэдгээсээ болдог байх. Сайхан юмыг авчихсан юм чинь алдахыг хүсэхгүй, асгахыг хүсэхгүй, газгай гишгүүлэхийг хүсэхгүй. Ингээд л зөрчил эхэлдэг байх. Ялангуяа сайхан хүүхнүүд залуугаараа нөхөртэй болоод салж, сарнидаг. Гадныхан яагаад 37, 38 хүрчихээд амьдрал зохиодог юм. Бүх юм аа үзэж, ажил амьдралтай болж байж гэр бүлтэй болдог нь учиртай.
-Яг үнэн. Нэг талаар 40 насанд амьдралын хоёр дахь үе эхэлж байна. Дахиад жинхэнэ сайхан амьдрал эхлэх боломж бас бүрддэг?
-Ёстой санал нийлж байна.

Үнэн, охин маань тэр бөхийн хүүхэд

-Нэг зүйлийг асуухгүй байж болохгүй нь. Энэ асуултыг хүн бүр сонирхдог. Нэрийг нь дурьдаад яах вэ, өөрийг тань олны танил нэг бөхийн хүүхдийг төрүүлсэн гэдэг. Тэр нь одоо танай бага охин. Энэ талаар ямар үнэн байдаг юм бэ?
-Би үнэнийг хэлж чадна. Гэхдээ тэр хүний ард амьдрал нь байна. Тэр айл, өөрийнхөө хүүхдийг ч хүндлэх ёстой. Үнэн. Охин бол тэр хүний хүүхэд. Энэ талаар би яриад байх дургүй нь хүүхэд маань интернэтэд гарсан мэдээллээс болж нэг удаа хямарч, манай гэрт асуудал үүсч байсан. Тэгээд ч цаад хүний тэр сайхан гэр бүлийг хүндлэхээс гадна, олон нийтэд энэ асуудал тийм сайхан үлгэр жишээ харагдахгүй учраас би дэлгээд байх дургүй.

Хоёр нялх хүүхэдтэй, тормойтол үлдэх амьдралын хамгийн хүнд үе байлаа

-Нялх хүүхэдтэй үлдэх тэр үед хэцүү л байсан байх?
-Мэдээж их хүнд байсан. Хоёр нялх хүүхэдтэй, тормойтол үлдэх амьдралын хамгийн хүнд үе байлаа. Ээж минь “Айлын гэр бүл үймүүлж, хүүхдүүдээс нь салгаж сууж болохгүй, хэцүү байсан ч ингээд л үлд” гэж байсан. Хэдий хүнд байсан ч одоо эргээд бодоход би зөв шийдвэр гаргасан. Буян нь миний хүүхдүүдэд ирэх байлгүй дээ.
-Охинтойгоо уулздаг уу?
-Амьдралын шаардлагаар уулзана.
-Эцэг хүний хариуцлагаа үүрдэг л биз?
-Хүнээс хүн гарчихсан учраас хүний асуудлыг шийдэх л ёстой. Хариуцлагаа маш сайн үүрдэг. Анхаарал сайн тавина шүү.
-Тэр бөхтэй нутаг нэг шүү дээ?
-Тийм ээ. Би багаасаа мэднэ.

Тэр бөхийг ямар гоё ах бэ гээд хардаг л байсан

-Багадаа гоё ах гээд л хардаг байв уу?
-Өө, харж байсан. Ямар гоё ах бэ гээд хардаг л байсан. Арван жилд байхад манай сургуулиар ирнэ, тэр үед цол багатай байсан байх. Бид хоёр бараг 10 насны зөрүүтэй шүү дээ.

Надад хамгийн түрүүнд туслахад бэлэн тийм сайн хүн байдаг

-Харин хүүгийнхээ эцэгтэй ямар холбоотой вэ?
-Бид хоёр хүүгийнхээ асуудлыг ярина, бараг л найз нөхөд шиг байдаг. Амьдрал ахуй, бизнес нь мундаг явж байгаа залуу бий. Надад хамгийн түрүүнд туслахад бэлэн тийм сайн хүн байдаг. Хүүгээ сайхан авч явдаг, хүүдээ зөв үлгэр дууриал үзүүлдэг. Ер нь өөлөх юм байхгүй шүү, миний хоёр хүүхдийн эцэг хоёулаа мундаг.
-Хүүгийнх нь аав одоо хүнтэй суусан уу?
-Хүнтэй суугаагүй. Бид хоёр салаад хоёр талд ганц бие яваа. Хүнтэй суугаач гэхээр би өөрийгөө мэдэж байна аа л гэдэг юм.
-Насны хувьд хэр зөрүүтэй вэ, та хоёр?
-Надаас гурав дүү.
-Хөөх, ах биш юм уу?
-Үгүй, намайг их сургуулийн дөрөвдүгээр курст байхад танилцаад 17, 18-тайдаа аав болчихсон. Өөрөө хүүхэд байхдаа хүүхэдтэй болчихсон. Тэр үед би хоёр хүүхэдтэй болж байлаа шүү дээ.
-Та хоёр эргээд суучихаж болдоггүй юм уу?
-Болохоор байсан бол аль дээр л суучих байсан байлгүй дээ.

Би хүүдээ “Эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг байх нь хамгийн агуу зүйл шүү” гэдэг

-Ингэхэд Ё.Нямжавт ямар эр хүн сайхан санагддаг вэ?
-Харилцаа л чухал. Гадаад гоо сайхан мэдээж хэний ч анхаарал татна. Энерги нь аятайхан бол үг сольж үзнэ. Хамгийн гол нь хүнлэг байх ёстой. Би хүүдээ “Эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг байх нь хамгийн агуу зүйл шүү” гэдэг. Тэр л чухал. Бусдыг хайрлаж чаддаг, өрөвддөг, нинжин сэтгэлтэй байна гэдэг хамгийн чухал нь.

Бид ямар робот биш, хүн л юм чинь секс хэрэгтэй л болно

-Харин сексийн хувьд?
-Секс амьдралын нэг хэсэг мөн. Бид ямар робот биш. Хүн л юм чинь секс хэрэгтэй л болно. Тэрийг зохицуулах хэрэгтэй л болно. Гэхдээ секс зах замбараагүй, үнэ цэнгүй, утга учиргүй байж болохгүй. Тэгвэл тэр буруу зэвсэг болно. Түүнээс физиологийн хэрэгцээ, таашаал, хайр энэ бүгдийн нийлбэр гээд хараад үзвэл амьдралын нэг хэсэг гэж үзэхээс үнэ цэнтэй, эмчилгээ юм аа ч гэж яригддаг болсон. Бас боловсрол шүү.
-Чиний хувьд хэр секси вэ?
-Өө, тийм юм байхгүй. Угаасаа байгаалиасаа надад тийм өгөгдөл байхгүй. Би харин эмэгтэйлэг л байх дуртай. Эмэгтэй хүн ер нь эмэгтэйлэг л байвал болчихно гэж боддог доо.
-Илэн далангүй, шударга сайхан ярилцлага өгсөнд гялайлаа.

Эх сурвалж: People сэтгүүл

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!