Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлиг гаргалаа.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртээх юм. Үүнээс нийслэлийн 9 дүүргийн 4,224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эхчүүд ээ,

Монголын чимэг, эх ундарга болсон ээж нар аа,

Уламжлалынхаа дагуу Монголын төр олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийнхээ энгэрт үр хүүхдүүдийнх нь баяр баясгалан, хүндлэл хайрынх нь илэрхийлэл болгон “Эхийн алдар” одонг өнөөдөр зүүж өглөө.

Эхийн ач, энэрэл хайрын талаар хэлмээр өчнөөн сайхан үгс байгааг товчилж, хүндлэл талархлын бэлгэдэл болгон энэ одонг олгодог юм шүү. “Эхийн алдар” одон бол Монголын төрөөс үеийн үед хүн амаа өсгөх, хүүхэд багачуудын жаргалант амьдралыг дэмжих бодлого тууштай баримталж байгааг илтгэх сайн уламжлал билээ. Эрүүл саруул өсөж, бойжиж байгаа хүүхэд бүрийн ард ээжийнх нь зүйрлэшгүй их хайр, хэзээ ч үл гомдоллох нөр их хөдөлмөр байдаг. Хүүхэд бүрийн жаргалтай инээдийн учиг шалтгаан нь ээж нь болдог. Монголын үрсийг эрүүл, аз жаргалтайгаар өсөн торниулахын төлөө гаргаж буй зүйрлэшгүй сайхан сэтгэл, зүтгэлийг тань үнэлэхгүй байж болохгүй биз ээ.

Энэ жил Эхийн алдар одон авах 10,843 ээж бий. Тэдний төлөөлөл болгож өнөөдөр 8 ээжид Нэгдүгээр зэргийн одонг, 32 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа.

Энд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн, 89 настай Санжавын Раднаа гуай хүрэлцэн ирсэн байна. Долоон хүүхэд төрүүлж, өсгөсөн С.Раднаа гуайдаа урт насалж, үр ач нарынхаа хайранд умбаж явахыг ерөөе.

Эгч дүүс 61, 54 настай Гончигжавын Нарантуяа, Гончигжавын Энхцэцэг нар өнөөдөр “Эхийн алдар” одонгоо гардан авч байна. Зургаан охин төрүүлэн өсгөж, хэвлийдээ шинэ үрээ тээж яваа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Цэнд-Аюушийн Баяржаргал, 28 жилийн зайтай хоёр удаа хоёр ихэр хүү төрүүлсэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн Вандангийн Нарантуяа нарыг онцлон дурдъя.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх үрсийн баярын уламжлал ёсоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ “Эхийн алдар” одонг нь гардууллаа. Энэ бол төрөөс эх, хүүхдэд үзүүлж буй хүндэтгэл бөгөөд хүүхдийн олон цөөнөөс үл хамааран эх, хүүхэд хоёр Монгол төрийн нийгмийн бодлогын төвд байж, хүүхдийн хөгжил, хамгаалал, эхийн нийгмийн баталгаа, дэмжлэг тогтвортой, халамж анхаарал тасралтгүй байх ёстой гэж боддог.

Энд хүрэлцэн ирсэн болон Алдарт эхийн одонгоо гардаж авч байгаа бүх ээжүүддээ баяр хүргэж, Монголын нийт эхчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол эхчүүдийн алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын үрс улам олон болох болтугай” гэлээ.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!