Онцлох мэдээ СЕНСАЦИ ЯРИЛЦЛАГА

МУСТА Э.Чулуунчимэг: Миний охиныг яаж бэтгэрч стрессддэгийг, ямар зураг зурдагийг Х.Мөнгөнцэцэг мэдэхгүй л яваа

 

Болдоо Мөнгөнцэцэгийн “үмхэнд нь уначих”

Харцыг чинь тольдох нуур болъё

Хайраа наддаа шувуу шиг нисгээч

Мөрийг чинь түших солонго болъё

Мөрөөдлөө наддаа бороо шиг асгаач… гээд л сэтгэл хөвөлзтөл дуулсан, дуулдаг дуучин бол МУСТА Э.Чулуунчимэг.

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг оршихуй, амьдралын баяр жаргал, эх үрийн хайрын тухай ихэвчлэн дуулах дуртай түүний цоморлигоос дотоод сэтгэлийг нь мэдэрч болохоор. Бүтээл нь эзнээ бидэнд хэлээд өгчихдөг нь юутай гайхамшиг. Ийм нэгэн эрхэмсэг бөгөөд гандсан ч ургаж чаддаг, бүрхсэн ч цэлмэж чаддаг байгалийн даруухан үзэсгэлэнтийг энэ дугаарынхаа зочноор урилаа. 

Э.Чулуунчимэгийн 2019 оны босгон дээр өгч байсан ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

-Залуухан, халуухан уран бүтээлч бүсгүйтэй шинэ оны босгон дээр ярилцах завшаан тохиолоо. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?

-“People” сэтгүүлийнхээ нийт уншигчдад шинэ оны мэнд хүргэе. 2019 он бол миний хувьд урьд урьдынхаас хамгийн завгүй, нүд ирмэх зуур өнгөрсөн жил байлаа. Завгүй байх тусам цаг хугацаа хурдан өнгөрдөг. Завгүй байх тусам амьдралыг утга учиртай болгодог шүү дээ. Уншигчдын маань хувьд ч гэсэн үр дүнтэй, завгүй сайхан жил байсан гэдэгт итгэлтэй байна.

-Шинэ жил гэдэг хүн бүхэнд эерэг сайхан мөрөөдөл, бодол, аз жаргалтай хүслүүдийг тээсэн сайхан баяр. Энэ баярын үеэр уран бүтээлчид маань хамгийн завгүй өдрүүдийг үддэг. Хэчнээн баяр хэсч, өдөрт хэдэн газар дуулж байна вэ?

-Уран бүтээлч бидний хувьд хамгийн завгүй үе бол 12 дугаар сар. Олон хүнийг баярлуулж, олон сайхан арга хэмжээнд дуулан, шинэ оноо угталцдаг. Энэ жил доод тал нь дөрөв, дээшээ 7-8 арга хэмжээнд очиж байна. Бас их захиалга авчихаар ачааллаа дийлэхгүй, тэмдэглэж чадаагүй явж байвал мартчих ганц нэг тохиолдол ч гарч байна. Оройдоо сандарч гүйсээр байгаад таарч байна.

Энэ жилийн хувьд залуу уран бүтээлч, ая зохиогч Бердибек дүүтэйгээ дуулсан “Бидэн хамтдаа” дуу маань маш сайн хүмүүст хүрч, асар богино хугацаанд рекорд эвдсэн хандалтыг авлаа. Миний өмнөх бүх дуунуудаас хамгийн их хандалтыг “Бидэн хамтдаа” дуу маань авсан гэж болно. Тиймдээ ч арга хэмжээнүүдэд “Бидэн хамтдаа” дуу маань их дуулагдаж байна. Ганцаараа ч гэсэн дуулж байна л даа.

-Чиний хувьд олз омог, уран бүтээлийн богц дүүрэн яваа. Бердибек нэлээн хэдэн дуу туурвиж өгөв үү дээ?

-Бердибек дүү маань олон сайхан дуу надад зориулж туурвисан. “Бүсгүй ертөнц” гэж сайхан дуу хийж өгсөн. Энэ дуугаараа нэрлээд 21 аймгаар аялан тоглолт хийлээ. Бердебек дүүтэйгээ би хамтран ажиллах их дуртай байгаа шүү.

 

Энэ жил 21 аймгаараа нийт 88 удаа тоглолт хийжээ

 

-Ханшийн хувьд ямар үнэтэй дуулж байна?

-Би ганцаараа 2-3 дууг 800 000-аар дуулж байна. Бектэй хамтдаа 1 500 000-аар дуулдаг.

-Өө за за, Өдөрт доод тал нь дөрвөн газар гээд бодохоор богц дүүрэн л яваа юм байна?

-Дүүрэн, дүүрэн /Инээв/.

-21 аймгаараа аялан тоглохоос гадна гадны орнуудаар нэлээн явсан байх?

-Тийм ээ. 21 аймгаараа нийт 88 удаа тоглолт хийжээ. Гадны улс орнуудаар дуулсанаа тооцвол 100 гаруй удаагийн аялан тоглолтыг хийсэн байна. Сая Шенгений орнуудаар явлаа. Зун наадмын үеэр БНСУ явсан. Мөн Турк ч явжээ.

-Үзэгчид маань хэрхэн хүлээж авч байна вэ?

-Энэ жилийн “Бүсгүй Ертөнц” маань ойрын 10-аад жилд байгаагүй хамгийн их үзэгчтэй, рекорд тогтоосон тоглолт байлаа. 2014 онд Болд бид хоёр анхны “Илбэе” тоглолтоо хийж, тухайн он жилүүдийн рекордыг тогтоолоо гэдэг дүгнэлтэд хүрч байсан. Харин энэ жил тэр рекордыг эвдэж, өргөн бүрэлдэхүүнтэй, үзэгч олонтой үнэхээр супер тоглолтыг хийж, бүтэн сар 21 аймгаараа явсан. Ингээд энэ тоглолтынхоо дурсамжийг бүтээхийг хүсээд “Монголоороо аялъя” нэртэй дуугаа багийнхаа 5 дуучинтай зургуулаа дуулж, клипийг нь энэ зун хийсэн.

-Уран бүтээлийн хувьд үнэхээр сайхан жил өнгөрчээ. Мэдээж залуу сайхан бүсгүйн хувийн амьдралыг сонирхох хүн олон. Болд та хоёр дуулиантайхан хоёр тийш болоод чамгүй уджээ. Харилцаа ямархуу байна вэ. Охиныхоо асуудлаар холбогддог л байх?

-Болд бол миний охины аав, цагтаа гэр бүл байсан хүн шүү дээ. Мэдээж одоо бол харилцаа хэвийн биш. Яаж ч бодсон насан туршдаа л харилцаа хэвийн биш чигээрээ үргэлжлэх байх гэж боддог. Охинтойгоо ч нэг их харилцаа холбоо байхгүй, байлгахыг ч хүсдэггүй, байлгах ч боломжгүй. Магадгүй огт өөр эмэгтэйтэй гэр бүл болоод явсан бол уулзуулаад явахад арай өөр байх байсан. Охин маань аавтайгаа уулзаад ирэхээрээ, хуучин гэртээ очихоороо маш их стресддэг. Миний  шкафанд хүүхдийнхээ хувцсыг хийчихсэн байсан, таны толийг сольсон байна лээ гэх мэтээр асгартлаа уйлдаг. Тухайн үед хичээл сургуульдаа ч анхаарах сөхөөгүй их стрессдсэн. Хажууд нь хамт амьдарч байгаа би л мэдэх болохоос хол байгаа хүн хүүхдээ яаж байгааг яагаад ч ойлгохгүй, мэдэхгүй. Хүүхэд юм чинь тоохгүй байгаа л гэж боддог байх. Одоо л миний охины сэтгэлзүй арай дээр болж байна. Юм уншдаг, бичдэг болсон учраас аав, ээжийнхээ талаар янз бүрийн мэдээлэл харчих вий гэж санаа зовдог л юм. Ер нь бол их эмзэг байгаа даа. Ийм үед нь би аль болох бодуулахгүй, харагдуулахгүй, хол байлгахыг зорьдог. Тийм ч үүднээс сургуулийг нь хүртэл сольсон. Дураараа сургуулиас нь авч яваад, гэртээ аваачиж зургийг нь авч нэтрүүлэгт ч ашиглаж байх шиг. Охиндоо өнөөдрийг хүртэл ямар ч дэмжлэг байхгүй мөртлөө харахад анхаараад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд яваад байсан. Болдын Аялгуу л гэж нэрлэгдэж байгаа болохоос нэг ч харьцаагүй байлгахыг хүсч байна.

 

Намайг буцаад ирнэ гэж их хүлээж, харсан юм билээ, буцаад ирээч гэж зөндөө л гуйж байсан

 

-Бодож л байсан л даа. Чулуунчимэг уг нь гэртээ охинтойгоо үлдээд, Болд явах ёстой юм биш үү гэж. Яагаад чи орон гэрээсээ явсан юм бэ. Одоо бүгдийг чи өөрөө тэгээс эхлүүллээ шүү дээ?

-Миний бардам зан л байхгүй юу. Би хүүхэд байхаасаа бусад хүн чадаж байгаа юмыг би яагаад чадахгүй гэж боддог байсан. Намайг буцаад ирнэ гэж их хүлээж, харсан юм билээ. Буцаад ирээч гэж зөндөө л гуйж байсан. Гэвч би тэр шийдвэрийг гаргатал хэдэн сар ч биш, хэдэн жил бодсон. “Чи намайг хэтэрхий дутуу үнэлж байжээ. Хэзээ ч явахгүй хажууд нь байгаад л байх юм шиг бодож байсан уу. Намайг яаж дутуу үнэлж байснаа хэзээ нэг өдөр чи хараарай” гэдэг бардам зандаа хөтлөгдөөд өдий хүртэл явжээ. Одоо ч гэсэн би юу ч гуйдаггүй, авдаггүй.

Би баян тансаг хүн биш ээ. Жирийн л амьдралтай. Сард 2-3 банкны зээл төлж байна. Орон байр, машин тэрэг гээд би бүх зүйлээ тэгээс эхэлсэн, болж л байна. Эмэгтэй хүн гэхээрээ л бусдаар дэмжүүлж, тэтгүүлж байх ёстой юу. Тэр ч байрыг нь аваад өгчихсөн, энэ ч машин бэлэглэсэн гээд байдаг. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Би хүн болгонд зээлийнхээ хуудсыг үзүүлэлтэй нь биш. Гол нь эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхад болно доо гэж боддог шүү.

-Охиндоо дэмжлэг огт байхгүй юу?

-Байхгүй. Би хийж бүтээж байгаа цагт охиндоо өгч чадна шүү дээ. Бусдын гар харах шаардлага надад ер байхгүй.

-Найз нөхрийн мөн чанарыг өөрөө голдоо ортол мэдэрсэн хүн. Мөнгөнцэцэг та хоёр өвөр түрийдээ орсон найзууд байсан гэдэг дээ. Ямар дүгнэлттэй үлдсэн бэ?

-Эхэндээ итгэж чадахгүй үе зөндөө байсан. Одоо бол бараг баярладаг. Таарч тохирохгүй хүнийг авч яваад өнөөдрийн амар амгаланг бэлэглэсэн юм болов уу гэж боддог. Эерэгээр нь ингэж л хардаг болсон.

 

Төрөн төртөл нь “Миний хүүхэд биш” гээд л явж байсан шүү дээ

 

-Тэр нь ч дээр дээ. Гэхдээ тэр хоёр он удаан жил зууралдсан, энийг нь чи олон жил тэвчсэн гэдэг үнэн үү?

-Үнэн ш дээ. Нэг хэсэг би тэрэнтэй бүр харьцахаа байгаад, сүүлдээ нэг тогоонд үргэлж тааралддаг болохоор уучлаад, надаас бүр уйлаад уучлалт гуйж байсан. Хандаа бид гурав хамтарч уран бүтээл хийгээд, харьцаа дууссан гэж бодож байлаа. Дуусаагүй л байсан юм билээ. Эцэстээ харж тэсэхээ байгаад шийдээд явсан. Би яаж ч амьдраад явсан юм.

Одоо бол би Болдоог өмгөөлдөг. Яагаад гэвэл тэр хүн намайг явчихна гэж бодоогүй. Би үргэлж хажууд нь байгаад л байх юм шиг, тэр хүн хааяа нэг уулзчихаад ч байх юм шиг, тэгээд л хоёулаа сайхан дуугаа дуулаад, охиноо өнчрүүлэхгүй байх юм шиг л бодож явсан байх. Сүүлд ч гэсэн тэрэнтэй бараг сууна гэж бодоогүй байх. Хамт хэдэн жил амьдарсных би тэр хүнийг мэднэ дээ. Нэг л өдөр хүүхэд нь төрчихсөн, яаж ч чадаагүй. Төрөн төртөл нь “Миний хүүхэд биш” гээд л явж байсан хүн шүү дээ. Аргагүйн эрхэнд үмхэнд нь уначихлаа л гэж би бодсон. Би өөрт нь ч гэсэн “Чи үмхэнд нь уначихаа биз дээ” гэж хэлж байсан. Эрэгтэй хүмүүс ийм л хүүхэд шиг өрөвдмөөр шүү дээ. Эмэгтэй хүмүүс л ухаантай байх хэрэгтэй. Ганц бие эмэгтэйчүүд маань аль болох айлын амьдралд хошуу дүрэхгүй байгаасай гэж боддог доо.

Одоо болтол тэр эмэгтэй миний охиныг яаж бэтгэрч стрессддэгийг, ямар зураг зурдагийг мэдэхгүй л яваа. Хүн хэзээ, яаж ч амьдраа билээ. Тэр эмэгтэй ч гэсэн нэг өдөр өрх толгойлсон ээж болчихоод явж байх ч юм бил үү, амьдрал таашгүй шүү дээ. Бид бол яах вэ, мартчихна. Хүүхэд л өрөвдмөөр. Тэр хүүхэд хэзээ ч аавдаа буруу өгдөггүй л байхгүй юу. Миний аавыг аваад явчихсан л гэдэг.

-Мөнгөнцэцэг та хоёрыг танилцуулж байсан гэдэг үнэн үү?

-Нэвтрүүлгээр Мөнгөнцэцэг бид хоёрыг танилцуулж байсан гэж ярьж байсан. Танилцуулж байгаагүй шүү дээ, худлаа ярьсан. Болдоо бид хоёр СУИС-ийн коридорт шатан дээр анх танилцаж байсан. Дараа нь миний анхны дууг зохиосон хөгжмийн зохиолч ахын тоглолт болж би менежрээр нь ажилласан юм. Болдоо тухайн үед хөгжим түрээслэдэг байж таараад тэр тоглолтын ажлаар бас таарсан байдаг. Удалгүй хөгжмийн зохиолч Байдраг ахын студи дээр би “Чамдаа заавал очно”, Болдоо “Ухаан цэцэг хоёр” дуугаа бичүүлээд дахин танилцаж найзууд болсон. Ингэж л эхэлсэн.

Би СУИС, ХААИС гээд хоёр сургуульд явдаг болохоор доод курсийнхнээ танидаггүй байлаа. Тэгтэл Болдоо манай доод курст байсан юм билээ. Мөнгөнцэцэг бид хоёрын хувьд СУИС-д нэг ангид сурч байгаад би ХААИС руу өдрийн ангид шилжиж, СУИС-ийн оройн ангид орсон. Харин Мөнгөнцэцэг доод курст, Болдоогийн ангид орсон. Тийм л түүхтэй. Нэгэнтээ л тэр хоёр үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байж худлаа ярих ямар хэрэг байна. Намайг ярихгүй, урдах амьдралаа хараад яв л даа. Би өнгөрсөн хугацаанд нэг ч удаа Болдоо руу утасдаж, төвөг болж үзээгүй.

-Чамайг зодож нүддэг байсан гэдэг үнэн үү?

-Ер нь бол ширүүн дориун хүн. Тэр болгоныг ил гаргахын хүсдэггүй ээ.

-Эргээд бодоход Болдод үнэхээр хайртай байсан уу?

-Хайртай байлгүй яах вэ. Хайртай болоод л үр хүүхдийг нь гаргасан.

-Харин Болдоогийн хувьд?

Нэг гэрт орчихоогүй байна, Цаг хугацаа харуулах байлгүй дээ

-Тэр хүн ч надад хайртай л байсан байж таарна.

-Ингэхэд чамайг Улсын начин Цэрэнтогтохтой нэг гэрт орж байгаа гэсэн шум байсан. Энэ үнэн үү?

-Бид  салаад гурван жил болжээ. Хань ижилтэй болъё доо гэж бодолгүй л яах вэ. Залуу байна шүү дээ. Хүнтэй суучихлаа, хань ижилтэй болчихлоо гэж байгаа юм биш. Гэхдээ найзалж нөхөрлөөд явж байна. Бас л нэг гэрт орчихоогүй байна. Цаг хугацаа харуулах байлгүй дээ.

-Цэрэнтогтох начин өмнө нь гэр бүлтэй байгаагүй юу?

-Байгаагүй ээ.

-Мэдээж чиний буруугаас, чамаас шалтгаалж амьдрал нь хоёр тийш болоогүй учраас илүү сайхан зүйл чамайг хүлээж байгаа байх. Бурхан нэг бэлэг бэлдсэн байлгүй дээ?

-Хүн нэг л амьдрах юм чинь энэ хорвоог аятайхан сайхан туулчих юмсан гэж боддог доо. Үлдэж байгаа үр хүүхэддээ сайхан түүх үлдээх юмсан гэж хүсдэг шүү.

-Ямар ч байсан гэрэлтэй сайхан мэдээ дуулгалаа. Ер нь Чука эр хүний хувьд ямар цензур тавьдаг вэ. Ямар эр хүн өөрийн тань нүдэнд тусдаг юм бол оо?

-Айл гэрийн ноён нуруу, амьдралын тулгуур, түшиг мэт мөртлөө эрэгтэй хүн хүүхэд шиг шүү дээ. Ер нь л эр хүн ноён нуруутай байх ёстой бол эмэгтэй хүн дээр л нэг номерт байх ёстой юм болов уу. Эмэгтэй хүн эр хүнийг залж, залуурддаг. Тиймдээ ч эр хүн аливаа зүйлд хөнгөдөхгүй, нуруутай, хариуцлагатай л байх хэрэгтэй гэж боддог. Сэтгэл байхад бусад нь аяндаа ундраад л гарчихна шүү дээ. Эмэгтэй хүн зална, эрэгтэй хүн хариуцлагатай байхад болно доо, болно.

 

Би өөрөө ч тийм жижигхэн хүн биш болохоор өндөр, том хүнийг л сонирхдог шиг байна лээ

 

-Гадаад төрхийн хувьд. Сармагчнаас арай дээр байхад болох уу, үгүй юу?

-Гадаад төрхийн хувьд би хэзээ ч жижигхэн, намхан залууг амьдралдаа сонирхож үзээгүй. Би өөрөө ч тийм жижигхэн хүн биш болохоор өндөр, том хүнийг л сонирхдог шиг байна лээ /инээв/.

-Хүн амьдралдаа ханиа зөв сонгох нь амьдралынхаа 90 хувийг бүтээсэнтэй адил гэж ярих нь бий. Тэр тусмаа урлагийнхны ар гэр хамгийн их итгэлцэл, ойлголцол дээр тогтдог болов уу. Тоглолт, арга хэмжээ гээд л явчихна. Ойлгох хүн хэр олон бол?

-Урлагийн бүх эмэгтэйчүүд урлагийнхантай суугаагүй, эгэл жирийн эр нөхрүүд олон. Тэгэхээр энэ нэг их проблем биш. Тухайн  хүний л үзэл бодол, ойлголцлоос шалтгаалах байх. Миний хувьд лавтай урлагийн хүнтэй л суухгүй гэж боддог.

-Урлагийнхныг их хөнгөмсөг гэж ярьдаг. Энэ талаар чи ямар хариулт өгөх вэ?

-Нэгдүгээрт олны нүдэн дээр ил байдаг учраас алдаа оноо, алхаа гишгээг нь хүртэл түмэн олон ярих нь бий. Нөгөө талаар маш том тогоо учраас мэдээж сайн, муу хүмүүс бий. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэгчээр доргино л доо. Ер нь бол хүн өөрөө өөрийгөө л зөв аваад явчих хэрэгтэй. Тайзан дээр гоё сайхан харагддаг хүмүүстэй мэдээж танилцчих юмсан, уулзчих юмсан гэдэг л байлгүй. Тэр болгонд тухайн хүн өөрийгөө зөв аваад явчихад болно.

 

Болдоотой бараг л найз, жигтэйхэн сайхан ах дүү шиг явсан хүмүүс хүртэл элэг барьж, ангалзах гэсэн

 

-Шуудхан асуухад өөрийг тань ч эргүүлдэх хүмүүс цөөнгүй байсан биз. Сүүлийн гурван жил ганцаараа явлаа шүү дээ?

-Байна аа. Нэг л зүйлийг анзаарлаа. Хүнтэй сууж байгаад салсны дараа хүмүүсийн хандлага их муухай юм билээ. Сайнтай, муутай зөндөө л дөө. Ядарч явахад минь тусалж байсан хүмүүс олон. Гэхдээ ганц биеэр нь дээрэлхэх гэсэн хүмүүс цөөнгүй таарсан. Болдоотой бараг л найз байсан, жигтэйхэн сайхан ах дүү шиг явсан хүмүүс хүртэл элэг барьж, ангалзах гэсэн хандлагууд нэг биш удаа гарч байлаа. Найз нараас маань хүтэл “Энэ Болдоос салчихлаа, одоо ч явахгүй боллоо” гэх хандлагатай хүмүүс их байсан. Бүр шударга “Буцаад нийл нийл, тэгэхгүй бол чи одоо дууслаа, ганцаараа хэцүү шүү дээ” гэж хүртэл хэлж байсан. “Яалаа гэж дээ, тийм юм хэзээ ч байдаггүй юм. Би анх өөрөө л ганцаараа уран бүтээлээ эхэлж байсан” гэж хэлсэн. Гэрийнхэн маань хүртэл намайг гадагшаа яв гээд хөөцөлдчихсөн л байж байсан. “Үгүй ээ, би дуугаа дуулна” гээд үлдсэн. Ёстой нөгөө хэдэн муусайн найз нар маань тунаад үлдсэн. Эмэгтэйчүүдээс илүү эрэгтэй найзууд чинь л мужик юм билээ. Өнгөрсөн цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг надад таниулсан даа.

-Үнэхээр ч өнгөрсөн гурван жил чиний хувьд хэн нь хэн бэ-г таниулсан, харуулсан он жилүүд байсан байх. Итгэж явсан эр нөхөр, эмэгтэй найзуудынхаа тарыг ч танилаа. Гэвч идүүлсэн бут цэцэглэж, идсэн эрүү хувхайрдаг гэдэг дээ?

-Гэхдээ надад тийм ч хүнд байгаагүй. Анх эвгүй л байсан. Хоосон оргиод, хүмүүс юу гэж бодож байгаа бол гэх мэтээр сэтгэлзүйн хувьд өөрийгөө уяж их явсан юм билээ. Өөрөө өөрийгөө л стрессдүүлээд байсан. Одоо бол тийм юм байхгүй. Бүх зүйлийг цаг хугацаа эмчилдэг гэж үнэн. Ер нь бол болохгүй байгаа зүйлийг хаагаад, болих, салах шийдвэрийг би л гаргасан шүү дээ. Нэг л өдөр би явчихсан. Би шийдвэрийг гаргасан учраас тэгтлээ их шаналаагүй.

 

Сэтгэлзүйг чинь унтраадаг хүмүүсээс хол, өөдрөг байх зүйл дээр л төвлөрөх ёстой юм байна

 

-Магадгүй болохгүй байгаад зүйлийг болгох гэж зовж байхаар эртхэн нүд нээгдээд зам мөрөө хөөсөн нь дээр байжээ гэж эерэг талаас нь харж болох юм?

-Эмэгтэй хүн ямар хүчтэй вэ гэдэгтээ итгэлтэй байх ёстой юм байна. Үүнийг би амьдрал дээр ойлгосон. Ганцаараа болчихоороо би яах билээ гэж өөрийгөө их хайрцагладаг, өөртөө итгэлгүй байдаг. Хүнийг жолоодох хамгийн чухал зүйл бол сэтгэлзүй. Хүн өөрийнхөө сэтгэлзүйг өөдрөг байлгаж, сэтгэлзүйгээ хамгаалж байх ёстой. Сэтгэлзүйг чинь унтраадаг хүмүүсээс хол, өөдрөг байх зүйл дээр л төвлөрөх ёстой юм байна. Хүн юу бодно, түүнийг л хийнэ шүү дээ. Сайн сайхан зүйл бодоод л байвал сайн сайхан руу явдаг. Би багаасаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Миний одоогийн энэ амьдрал маань тэр чигтээ миний мөрөөдөл шүү дээ.

-Өнөөдрийн урлагийн тайзаа ч мөрөөддөг байв уу?

-Мөрөөдөлгүй яах вэ. Мөрөөдөөд бичээд хадгалчихсан дэвтэрээ хүртэл хэдэн жилийн дараа олж байсан. Тэр дэвтэр дээрх бүх зүйл биелчихсэн байсан. Хүн аймаар мундаг мөрөөдөх ёстой юм байна лээ. Үүнд бат итгэдэг шүү.

-Сэтгэлээ сайхан бүхнээр дүүргэхийн тулд Чука юунд илүү төвлөрч, юу хийдэг вэ?

-Ганцаараа байх нь их чухал. Би урьдны амьдралдаа ганцаараа байхын чухлыг ойлгож авсан. Ажил ч, амьдрал ч цуг. Ганцаараа баймаар маш их санагддаг байсан. Ерөөсөө боломж олдоггүй байлаа. Ямар сайндаа хөдөө явж байхдаа машины цонх онгойлгоод нүдээ анихад ганцаараа байгаа мэт мэдрэмж авна. Тэгтлээ ганцаараа байхыг хүсдэг байж. Одоо бол би хүссэн үедээ ганцаараа байна. Ямар ч хүн ганцаараа байж, өөрөө өөртэйгээ ярих ёстой болов уу. Заримдаа ойрхон хөдөө гарна, сүү өргөж, байгаль дэлхийтэйгээ ойр байна. Орой үдэш сарандаа сүү өргөнө. Сарыг харахад нэг их тайвшрал өгч байгаа мэт санагддаг. Түүнээс биш хүмүүстэй уулзаад, болсон болоогүй юм яриад тайвшрал авахгүй л дээ.

 

Аз жаргал гэдэг бол сэтгэлийн амар амгалан

-Магад тэр үнэн шүү. Ер нь эмэгтэй хүний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэдэг. Өөрийн тань нуруун дээр хэр ачаа яваа гэж боддог вэ?

-Хамаг л үүрэг над дээр явдаг гэж боддог. Гэрт орж эм, гадаа гарч эр болж яваа шүү дээ. Охиноо ганцаараа өсгөж, хүмүүжүүлж байна. Эмэгтэй хүн болгон ачаалал авах тусам түүнийг даагаад л байдаг шиг санагддаг. Хүн жаргал даахгүй, зовлон даана гэгчээр юу ч хийхгүй байгаад л байвал байж л байна. Сүүлийн гурван жил миний өмнүүр орж юм хийж өгөх хүн байсангүй. Аав, ээж хоёр минь л надад хань, түшиг болж байлаа. Намайг ажилтай үед хүүхдийг маань сургуулиас нь авна, арын албыг ээж маань л хийж байна. Магадгүй аав, ээж хоёр маань байгаагүй бол нусаа хацартаа наах байсан биз. Би айлын том охин, дороо ганц эрэгтэй дүүтэй шүү дээ. Амьдрал зохиогоод явчихсан ч гэсэн дүү маань эгчтэйгээ л зөвлөлдөнө. Тэгэхээр бүх зүйлд би их хариуцлагатай амьдардаг гэж болно.

-Мэдээж эмэгтэй хүн бүрийн дотор бяцхан гүнж нуугддаг байх. Чука өөрийнхөө ирээдүйг аз жаргалтай Үнсгэлжингээр төсөөлдөг биз?

-Аз жаргал гэдэг бол сэтгэлийн амар амгалан гэж хэлэх дуртай. Сэтгэл амгалан байна гэдгийн ард бүх юм багтаж байдаг. Сэтгэл тавгүй байх ямар хэцүү гэдгийг мэддэг учраас эд баялаг, эрх мэдлээс илүү амар амгаланг л би хүсдэг. Өнөөдөр би хоолтой, хоолгүй ядрах үе байдаг. Заримдаа бензиний ч мөнгөгүй болох нь бий. Банкны зээл төлөх ёстой шүү дээ гэж сэрээд хүүтэй мөнгө зээлдэг хэдэн эгч нар руугаа залгах тохиолдол ч олон. Хэцүү үеүд хүнд байлгүй яах вэ. Гэхдээ сэтгэл санаа амар амгалан биш, ямар нэгэн зүйлд санаа зовж, санааширч суух шиг хэцүү зүйл байхгүй. Тэгж зовнихгүйн тулд хүүхдээ зөв хүмүүжүүлэх юмсан, зөв хүмүүсээр хүрээлүүлэх юмсан, хүнд худлаа хэлж, өр тавихгүй юмсан гэж боддог. Хүн шиг хүн байж, хорвоогийн сайхан түүхийг бүтээлцэх юмсан гэж боддог доо.

-Ярилцсанд баярлалаа.     

Санал болгох

Л.Чинбатын бусдыг автомашинаараа хөөж байгаа бичлэгийг цацсан Цагааннуурын багийн дарга Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлджээ

uuganaa90

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

А.Сүхбат аваргын усны дусал шиг адилхан хүүхдүүд

uuganaa90

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1 Сэтгэгдэл

Anonymous 2021-03-18 at 11:05

энэ болд чулуунчимэг ч гэнэ үү мөнхцэцг ч гэнэ үү одоо болиоч тэнэг мангар солиотой гэсэн үгмйг хэлэхэд багадахаар байхад ингэж явахаасаа ичдэггүй л пм байхдаа салаал биз дээ алийг салж нийлж байхыг тэо гэх вэ ер нь бодоод байхад энэ чулуунчимэг гэдэг авгай нь бүр тэнэг новш уу хархаас чөдгөр шиг нөгөөх нь яг ямаа шиг болд гэдэг нь яг хүүхэмсэг хуурамч царайтай ийм тэнэг малнуудын эцэг эх ах эгч дүү гэж ямар юмнууд бнаа бас арчаагүй юм болов уу тийм биш бол нүд чихтэй юм бол болиулаач өмнөөс нь бөгс улаагах юм аа гуйж бна одоо болиод өгөөч монгол та нараар ерөөсөө дутаагүй сайхан ч дуулж чадахгүй ам барьж дуулдаг биз дээ б ч м энэ гурав зайлаад өг тэнэг новшнуудаа бүр уур хүрээд дэлбэрэх гэж бна больж үз

Хариулах

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!