Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ

М.Бадарч өөрийнх нь сорьцноос допинг илэрснийг хүлээн зөвшөөрлөө

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Миний бие энэ жилийн Үндэсний их баяр наадамд амжилттай барилдан түрүүлж “Улсын арслан” цол хүртсэн. Энэхүү түрүү нь зөвхөн тухайн өдрийн барилдаан гэхээсээ илүү олон жилийн бэлтгэл сургуулилтын маань үр дүн гэж ойлгож байгаа.

Миний хувьд энэ жилийн наадамд 4-ээс дээш давсан 32 бөхийн нэг болж  07 сарын 12-ны орой Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагынхан надаас допингийн шинжилгээг авсан. Допингийн шинжилгээнүүд 07-р сарын 16-ны өдөр Солонгос улс руу явсан мэдээлэл байгаа. Шинжилгээнүүд 07-р сарын 12-ноос хойш 4 хоног буюу 96 цагт Допингийн эсрэг үндэсний байгууллага, Хууль зүйн яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны хяналтанд байсан байна.

Гэтэл 08-р сарын 10-ны өдрөөс олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн, нэг бөхийнх дутуу тэр бөх нь наадмын түрүү бөх М.Бадарч байна гэсэн мэдээллийг тараасан. Энэ нь Допингийн эсрэг ОУ-ын дүрэм, Монголын допингийн эсрэг үндэсний журмыг илтэд зөрчсөн үйлдэл болсон. Энэ үйлдлийг гардан хийсэн нь Шинжилгээг авсан Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээний захиалагч тал болох Хууль зүй дотоод хэргийн яаманд төвлөрсөн Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд бөгөөд тэд мэдээллийг хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд өгч идэвхтэйгээр тараалгаж байсанд маш их харамсч байна. Миний ойлгосноор ямар ч хариу ирээгүй байхад л ганцхан М.Бадарчийнх л ирээгүй гээд бичээд эхэлсэн.  Наадмын өмнө бөхийн хүрээнд түрүү үзүүр бөхөөс допингийн зөрчил гаргуулж ч магадгүй гэсэн яриа явагдаж байсан нь  дээрх явдалтай холбоотой ч юм болов уу гэсэн дүгнэлт гаргахаас аргагүй байна.

2023 оны 8-р сарын 21-ны өдөр над руу холбогдож, миний сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар, мөн “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдээрэй гэсэн.  Хэдий янз бүрийн мэдээлэл яваад байсан ч би өөртөө дэндүү итгэлтэй, допингийн бодис хэрэглээгүй тул энэ мэдээг сонсоод маш их цочирдохын зэрэгцээ гайхаж, хариунд эргэлзсэн. Би овоо хэдэн жил өөртөө төрийн наадмын түрүүг авах зорилго тавин барилдаж байгаа, харин допинг хэрэглэн түрүүлэх ямар ч ойлголт, бодол сэдэл надад байгаагүй тэгэн тэгэн түрүүлснээс наадамд барилдаагүй нь дээр гэж боддог.

Багш дасгалжуулагч нартайгаа болон мэргэжлийн эмч нартай уулзаж, надаас илэрсэн гэх бодис нь ямар эм тарианд байдаг гэх мэт талаар мэдээлэл цуглуулан ажиллалаа. Тамирчид, бөхчүүд бид бүгд л хэрэглэж байгаа уураг, витаминд байдаг юм биш байгаа гэж ч нягталж үзсэн.  Ингээд 9-р сарын 4-ний өдөр “Б” сорьцын шинжилгээг дахин өгч, шинжилгээнд алдаа гарсан эсэхийг нягтлуулахаар холбогдох хүсэлтээ гаргаад явж байна.

Миний хувьд олон нийтэд баталгаатай бус мэдээллүүд сураг таамаг шиг тарж эхэлснээс хойш анх удаа үүгээр хандаж байгаа болно.

Хамгийн эхэнд 8-р сарын эхээр БНСУ-аас 31 бөхийн хариу ирсэн, М.Бадарчийн хариу л ирээгүй гэх мэдээллүүд олон нийтийн сүлжээ, сошл хуудсуудаар цацагдаж эхэлсэн. Удалгүй М.Бадарчийн хариу ирсэн, допинг хэрэглэсэн байна гэж мөн нэр бүхий сэтгүүлч олон нийтэд бичсэн. Үүний дараа Хууль зүйн яамны ТНБД болон Допингийн төвийн албан тушаалтнууд 1 бөхөөс бодис илэрсэн, гэхдээ процесс явагдаж байгаа, түүний нэрийг нь нууцална, хэнд ч мэдээлэл өгөхгүй гэсэн.

9-р сарын 4-нд “М.Бадарч Б сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн” гэсэн мэдээллийг эрх бүхий газар биш, сэтгүүлчид мөн л минут секундийн алдагдалгүй олж мэдээд цацсан.

Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас батлан гаргасан дүрэм ёсоор допингийн зөрчилтэй холбоотой мэдээллийг допингийн эсрэг байгууллага юун түрүүнд тухайн тамирчинд мэдэгдэх ёстой байдаг юм байна. Тамирчинд мэдэгдэхээс гадна бусдад задруулахгүй, нууцлалыг хадгалах ч үүрэг хүлээсэн байна. Энэ нь тухайн шинжилгээтэй холбоотой эргэлзээ болон дахин нягтлуулах, шинжилгээний процесстой холбоотой алдаа зөрчил байгаа эсэхийг тодруулах, холбогдох гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаа хийгддэг учир энэ бүх зүйл дуусгавар болтол нууцлал хадгалах, тамирчны эрхийг хамгаалах зорилго бүхий зүйл ажээ.

Гэвч Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь уу, Хууль зүйн яам нь уу, ямар ч байсан Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн дүрмийг зөрчиж албан бус байдлаар олон нийтэд цацаж, цацуулсаар өнөөдрийг хүрээд байгаа. Сэтгүүлч бол би мэдээлэл олж чаддаг, сайн ажиллаж байгаа гэж бичсэн байсан. Сэтгүүлчийг буруутгахгүй ч энэ 2 байгууллагын аль нэг нь, хэн нэг том дарга нь зориуд дүрэм журам зөрчөөд байгаа нь тодорхой харагдаж байгаа. Хэн гэдэг дарга вэ гэдгийг ч та бүхэн надтай адил таамаглаж л байгаа байх. Яагаад дүрэм журмынхаа дагуу ажиллахгүй, заавал иймэрхүү байдлаар сэтгүүлчдийг ашиглаж байгаа вэ, ямар ашиг сонирхол, зорилго байгаа вэ гэдгийг л харин мэдэх юм алга.

Шинжилгээний процесс, түүний хариуны талаар буюу миний сорьц БНСУ руу бусад сорьцтой хамт явсан эсэх, хамт явсан бол яагаад хариу нь тусдаа ирсэн болон эдгээрийг хариуцаж байгаа байгууллагатай холбоотой өөрт байгаа эргэлзээ, олон жил хуримтлагдсан хардлагуудтай холбоотой зарим асуудлаар хуулийн байгууллагад хандан олон нийтэд нээлттэй шалгуулахаар ажиллаж байгаа ба төдий л их хугацаа орохгүй биз ээ.

Дашрамд, миний бие 2 хоногийн өмнө осолд орсон нь үнэн боловч биеийн байдал сайн, хөнгөн гэмтлүүд л авсан. Хүнд гэмтсэн мэтээр худлаа мэдээлэл цацуулж байна гэж хардсан байсан, ер тийм зүйл байхгүй, тийм шаардлага огт байхгүй ээ.

Цаашдаа хэн ч бай допингтой холбоотойгоор шударга бусаар бүү хохироосой, хэн нэгнийг хохироолгүй шударга шийдэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын Арслан М.Бадарч

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!