Энэ сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөн гаталж явсан 10 хүний долоо нь усанд живсэн харамсалтай хэрэг гарч, усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явагдаж долоон иргэний дөрвийнх нь цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тодруулбал, 03-р сарын 22-нд осолдсон газрын 3-20 километр зайнаас 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг олсон. Харин гуравдугаар сарын 23-ны 14.12 цагт осолдсон газраас зүүн урагш 53 км газарт Цацын булан гүүрний доод талаас Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат иргэн 38 настай, эмэгтэйн цогцсыг олж, холбогдох байгуулагад хүлээлгэн өгсөн.
Харин үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаанд Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан алба хаагчид нэмэлтээр оролцохоор, ослын голомтод очсон бол өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-нд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид болон орон нутгийн иргэд, ар гэрийнхэн 8 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт осолдсон иргэдийн завийг анх осолдсон газраас зүүн зүгт 200 метрээс олж уснаас гаргасан байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний 21.00 цагт эрлийн ажлыг түр зогсоосөн бөгөөд өнөөдөр өглөө 8.00 цагт дахин эхлүүлээд байна.