Ардчилсан намын жагсаалтын дэслэлийн дөрөвт эрэмбэлэгдсэн С.Цэнгүүний тухай шүүмжлэл өнгөрсөн өдрүүдэд багагүй хөврөв. Түүнийг хэн нэгний арын хаалгаар ийм өндөрт шидэгдэж, 30 ч хүрээгүй насандаа УИХ-ын гишүүн болох болзол хангасан хэмээж буй юм.
С.Цэнгүүний хувьд, 2013-2017 он ШУТИС-ийн БУХИС Маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр, 2020-2022 он СЭЗИС-ийн Санхүү менежментийн магистраар төгссөн.
2017-2020 он “Атмор” ХХК-ийн Маркетингийн менежерээр, 2020-2022 он “Штаб левел” ХХК-ийн үүсгэн байгуулаг, 2023 оноос одоог хүртэл “The Ladies of Liberty Allience” Монгол дахь төлөөлөгч, 2024 оноос АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллж байгаа намтартай.
Намтарт нь буй хоёр компанитайгаа өдгөө ч холбоотой, хувийн бизнестэй нэгэн.
НЭГ. Аялал жуулчлал, түлшний үйлдвэрлэл, бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атмор” ХХК-ийн удирдах албан тушаалтан ТУЗ-ийн даргаар ажилладаг. 2022.04.18-нд удирдах албан тушаалтнаар бүртгүүлж байж. 2024.01.05-нд Наранхүүгийн Мяндас нэмж бүртгүүлжээ. Харин хувь эзэмшигчээр Гомбосүрэнгийн Сэрээнэндорж, Дамдины Цэцэгээ нар бүртгэлтэй байна.
Тус компанийг АН-ын үед томоохон тендер авдаг байсан гэгдэж буй. Олон нийтэд ил дата мэдээллээс шүүж үзвэл 2019.06.14-нд Дархан-уул аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан Хөтөл хорооллын дахин төлөвлөлт /Дархан сум, Малчин баг/-ийн 450,000,000 төгрөгийн тендерт шалгарч байжээ. Эл тендерт тус компани 100 саяар давсан үнэ буюу 551,351,374 сая төгрөгийн үнэ санал болгосон ч, шалгарсан байдаг аж.
Атмор ХХК нь нэг тусгай зөвшөөрөлтэй. Тэр нь, 0.07-4.0 МПа даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 онд Эрчим хүчний яамнаас 2028 он хүртэл авсан байна.
ХОЁР. “Штаб левел” ХХК-ийн хувьцааг Галбадрахын Ган-Эрдэнэ, Сундуйн Содбаатар, Төмөрбаатарын Номин, Гантөмөрийн Анхбаяр нартай хамтран эзэмшдэг байна.
Тус компани 2021 онд “ковид-19”-ийн цар тахлын үед фэйсбүүк болон твиттер орчинд вакцины сурталчилгаа хийх гэрээг ОБЕГ-тай хийж, 20 сая төгрөгийн дүнгээр гэрээлж байжээ. Эл компанид нь 20К клубийн гишүүд хамааралтай, гишүүнчлэлд нь байдаг гэх мэдээлэл ч хөвөрсөн юм.