Токио 2020 зуны олимпын наадам эхлэхэд 100 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна.
Гэвч уг арга хэмжээ цуцлагдах магадлал өндөр хэвээр байгааг Япон улсын өндөр албан тушаалтан өнөөдөр хэлжээ.
Эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Тошихиро Никай өнөөдөр Kyodo News сувагт ярилцлага өгөхдөө “Хэрвээ коронавирусийн халдвар буурахгүй бол бид бууж өгөхөөс өөр аргагүй болно” гэж хэлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд Япон даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 4,000 гаруй шинэ тохиолдол нэмэгдсэн нь нэгдүгээр сарын 28-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Халдварын шинэ давалгааны цаана илүү өндөр халдварлах чадвартай вирусийн шинэ мутацлагдсан хувилбар байх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Токио хотын захирагч Юрико Койке олимпын наадам эхлэхээс өмнө вирусийн тархалтыг хязгаарлах амлалт аваад байгаа. Тус хотод сүүлийн 24 цагт 591 тохиолдол нэмэгдсэн нь хоёр дахь онц байдал цуцлагдсан гуравдугаар сарын 21-нээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Одоо Токио хотод үргэлжилж байгаа хорио цээрийн дэглэм тавдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.
Энэ хугацааг Койке захирагч олимпын наадмын өмнөх “шийдвэрлэх цаг үе” гэж тодорхойлсон юм.
Kyodo агентлагаас энэ долоо хоногт явуулсан санал асуулгад оролцсон 500 гаруй хүний 39.2 хувь нь олимпын наадмыг цуцлах ёстой гэж хариулсан бол 32.8 хувь нь хойшлуулах хэрэгтэй, 24.5 хувь нь хугацаандаа эхлэх боломжтой гэж хариулжээ.
Эх сурвалж: Business Insider