Монгол Улстай хил залгаа ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын нутагт хүний боом өвчний нэг тохиолдол илэрснээс хөл хорио тогтоосон тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм.
Монгол Улсын хилд ойр оршдог Баруун Хемчикийн хошууны Бижиктиг-Хаяа тосгоны 29 настай оршин суугчаас боом өвчний халдварын шинж тэмдэг илэрсэн тухай Тувагийн засаг захиргааны тэргүүн Владислав Ховалыг өөрийн сошиал хуудсанд бичжээ.
Сэжигтэй иргэнийг тусгаарлаж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн байна. Мөн өвчтөнтэй ойрын хавьтал болсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад авчээ.
Өвчтөнөөс авсан сорьцыг мэргэжлийн лабораторийн шинжилгээнд явуулж, халдварын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байгаагаа Ховалыг мэдээлсэн байна.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн цахим хуудсанд энэ өвчний тухай бичихдээ “Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.
Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамжина.
Өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдхүүн, боомын савханцараар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний хэлбэрээр өвчилнө. Ноос, ноолуур боловсруулах, арьс ширний үйлдвэрлэл явуулах явцад бохирлогдсон тоосонцор, агаараар дамжин халдвар авч уушгины хэлбэрээр өвчилнө” гэжээ.
Эх сурвалж: Russia Today