“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдуулж олон хүнээс АТГ-ынхан тайлбар мэдүүлэг авч байгаа. Гэвч нэг нь буюу нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар уржигдар орой өөрийгөө хутгалж гэмтээн Цэргийн төв госпитальд хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр “Тэнүүн-Огоо”-гийн захирал А.Ганхуягтай эртний дотно найз нэгэн. Түүний гэрт уржигдар орой АТГ-ынхан очиж тайлбар мэдүүлэг авч, нэгжлэг хийх үед гал тогооны өрөөнд цай уухаар ороод өөрийгөө гэмтээсэн гэх мэдээлэл байгаа юм. Нууцад хамааруулсан хэмээж буй автобус худалдан авах тендерийн нэг хэсэг бичиг баримтад С.Жавхлантбаатар гарын үсэг зурсан хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон. Харин эхний гэрээнд нь Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байгаад нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж буй Ч.Сайханбаяр гарын үсэг зурсан гэдэг.