Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асанТ.Мөнхбаяр нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжүүлсэн.
Тодруулбал, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нь тус компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Ж, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б, П нар нь Салхитын мөнгөний ордод “Хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэх”гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн байна.
Ингэхдээ “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э-ээс нийт 1,455,603,225 төгрөгийг, мөн ордод “Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Аглаг Хангайн Уулс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б-ээс 1,257,000,000 төгрөгийг хахуульд авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх хэрэгт:
- Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/,
- 22.5 дугаар зүйлийн 1 /Хахуул өгөх/,
- 18.6 дугаар зүйлийн 1-д /Мөнгө угаах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл шүүхээс Т.Мөнхбаярыг гэм буруутай гэж үзвэл 5-8 жилийн ял оноох юм байна.
22.4 дүгээр зүйл.Хахууль авах
1.Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн хуульд заажээ. /Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/