-Гэхдээ тэрээр сэжигтнээр байцаагдаж байгаагаа хүлээлээ-
“Хадгаламж” банкнаас дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэгт тус банкны ахлах ня-бо Ц.Чимэдцэрэн болон УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг холбогдуулан шалгаж байсан талаар 2007 оны Өглөөний сонин дээр нийтлэгджээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой нь тогтоогдон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156-3 аар ял төлөвлөгдөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь ч түдгэлзүүлэх талаар яригдаж байсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Занданшатараас тодруулахыг хүссэн боловч “Тийм асуудал байхгүй. Цаг нь болохоор тодорхой мэдээлнэ” гэхээс өөр хариулт өгөөгүй байна. Харин УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай энэ талаар дараах хариулыг өгч байж.
-Хадгаламж банкны асуудалтай холбогдуулан нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай яригдаад байгаа. Энэ талаар тодолрхой мэдээлэл өгөөч?
-Тийм асуудал байхгүй.
–Тэгээд яагаад ийм асуудал яригдаад байгаа юм?
-Би хэлээд байгаа шүү дээ. УИХ-ын индэр дээрээс ч хэлж байсан. Гудмаар яригдаад байгаа илүү дутуу иймэрхүү асуудлыг хуулийн байгууллага авч үзээд нэг тийш нь шийдэх хэрэгтэй юм. Тэгэхээр одоо яригдаад байгаа энэ зүйл ч хамаарна. Хуулийн байгууллага үүнийг авч үзэж байгаа. Энэ асуудлыг үнэн мөнөөр нь шийднэ. Үнэн мөн нь юу вэ гэвэл тийм асуудал байхгүй гэдэг шийдвэр гарна. Яагаад гэвэл би үүнийг хийгээгүй. Намайг бүх зүйлтэй холбож байгаа. Ямар учраас гэдгийг нь та бүхэн мэдэж байгаа биз дээ.
-Ямар учраас ийм яриа гарч байгаа гэж?
-Улс төрийн өнөөгийн тогтворгүй байдал, улс төрийн соёл өндөр түвшинд хүрээгүй, хэн хэнийгээ муулдаг, сайлдаг ийм л юманд өртөж яваа хүн би. Тийм болохоор ямар нэгэн хуулийн байгууллагаас хариуцлага хүлээх болов уу яах бол гэж сандарч эмээх, тайлбар хийх шаардлага надад байхгүй.
-Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаад ял төлөвлөөд байгаа юм биш үү?
-Ял төлөвлөсөн гэсэн зүйлийг би мэдэхгүй. Хуулийн байгууллага асуудлаа тодруулахын тулд сэжигтнээр асууж байгаа нь үнэн.
-Мэдүүлэг өгч байгаа гэсэн үг үү?
-Мэдүүлэг өгч байгаа. Үнэн мөн нь хуулийн процетураар шийдэгдэнэ.