ОСОЛДСОН ЗАВИН ДЭЭР НООЛУУРЫН ХОЁР ЧЕНЖ ЯВЖ БАЙСАН ГЭВ
Сэлэнгэ мөрний усанд осолдож, долоон хүн амь эрсэдсэн харамсалтай хэрэг энэ сарын 21-ний өдөр гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т Сэлэнгэ мөрнийг завиар гаталж явах замдаа долоон хүн голын усанд осолдсон байна. Энэ талаар албан болон албан бус эх сурвалжууд юу өгүүлэхийг тодруулан хүргэе.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар: Таван сартай хүүхэд, нэг эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж авсан
Ослын дуудлага Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 21-ний 20 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ослын газар ирж, орон нутгийн Онцгой комиссын ажилчидтай хамт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Тэд хоёр хүүхэд, нэг том хүнийг уснаас эсэн мэнд гаргаж авч амжсан гэнэ. Харамсалтай нь, үлдсэн долоон иргэний хоёрынх нь цогцсыг өчигдөр өглөөний есөн цагийн үед гаргаж авсан байна. Тодруулбал, нэг эрэгтэй болон таван сартай хүүхдийн цогцсыг аврагчид гаргаад байгаа гэнэ. Харин үлдсэн таван хүнийг өчигдрийн 17 цагийн байдлаар олж чадаагүй байсан юм. Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс “Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч, долоон иргэн осолдсон. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна. Өглөөний зургаан цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Энэ дашрамд иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулья” гэсэн юм.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар: Хэргийн нөхцөл шалтгааныг тогтоогоогүй байна
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Яг одоогийн байдлаар /өчигдөр 17 цагийн үед/ байдлаар эрэн хайх аврах ажиллагаа явагдсаар байна. Манай цагдаагийн газраас осол гарсан хэсэг рүү явсан бие бүрэлдэхүүн ирээгүй байгаа. Ямар шалтгаан нөхцөлтэй явж байгаад осолдсоныг нь одоогийн байдлаар олж тогтоогоогүй байна” гэсэн юм.
“Усанд осолдсон хүмүүс дунд манай Рашаант сумын иргэд байсан”
Эх сурвалжийн мэдээлснээр осолдсон иргэдийн ихэнх нь Рашаант сумын хүмүүс байсан гэнэ. Энэ талаар тус сумын иргэн Б.Тунгалагаас тодруулахад, “Манай сумын хүмүүсийн завь нь хөмөрч, усанд осолдсон гэж гадуур яриад байна. Тэд арвуулаа явж байснаас долоо нь нас барсан гэсэн. Нас барсан иргэд 62, 50, 32, 38 настай том хүмүүс байсан гэсэн. Мөн долоон настай, тавхан сартай хүүхэд хүртэл завин дээр явж байгаад осолдсон байна лээ” гэсэн юм.
РАШААНТ СУМЫН ОНЦГОЙ КОМИСС: ОСОЛДСОН ЗАВЬ ЦАГ УУРЫН ХАРУУЛЫН ЗАВЬ ЮМ БИЛЭЭ
Рашаант суманд ирэхээр явж байсан иргэд ийнхүү харамсалтайгаар осолдсон болохоор тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Сумын орон тооны бус онцгой комиссын орлогч н.Саранцэцэгтэй холбогдлоо.
-Танай сумын иргэдийн явж байсан завь осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-Осолдсон 10 иргэний дунд Тосонцэнгэлээс хоёр хүн, Мөрөнгөөс нэг хүн, Улаанбаатарын харьяатай хоёр хүн байсан. Үлдсэн хүмүүс нь Рашаант сумын харьяат иргэд байсан гэх мэдээлэл байна.
-Энэ хүмүүс ямар зорилгоор явж яваад ийм харамсалтайгаар осолдчихов оо?
-Тэрийг бол хэлж мэдэхгүй нь. Цагдаагийн газраас олж тогтоох байх. Ямартаа ч нэг бүлийн дөрвөн ч гишүүн завин дээр явж байсан юм билээ. Тосонцэнгэл рүү хадам аавынх руугаа явчихаад ирж байсан гэх албан бус мэдээ бол байна.
-Тэгэхээр завин дээр явж байсан хүмүүс хоорондоо хамаатан садан хүмүүс болж таарч байна уу?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Тэдний сууж явсан завь нь Цаг уурын харуулын завь юм билээ. Нэг хүн нь завь хариуцаж явсан гэсэн. Мөн Мөрөн сумын болон Тосонцэнгэлийн ноолуурын хоёр ченж бас завин дээр явж байсан юм байна. Үлдсэн хүмүүс дунд хоёр эмэгтэй, нөхөр, хүүхдүүдтэйгээ явж байсан гэсэн. Осолдсон нэг хүүхэд нь эхнэрийнх нь төрсөн эгчийн хүүхэд байсан гэж сонссон. Хотоос өвөө эмээ дээрээ ирээд амарч байсан долоон настай хүүхэд юм билээ.
-Иргэдийн зорчиж явсан энэ зам зөвшөөрөгдсөн зам уу?
-Ерөөсөө зөвшөөрөгдөөгүй зам. Энэ замыг угаасаа хориглодог. Нэгдүгээрт, сумын Онцгой комиссын шийдвэрээр энэ цаг үед сум хооронд, аймаг хооронд зорчихыг хориглосон байгаа. Хоёрдугаарт, Рашаант сум, Сэлэнгэ мөрний Сацын булангийн гүүр гээд бүхэл бүтэн төмөр бетонон гүүр байдаг. Зөвшөөрөгдсөн зам гэвэл, энэ чиглэлд тэр гүүрээр л нэвтрэх ёстой. Гэтэл замаа товчлох гэсэн юм уу, ямар шалтгаанаар ингэж завиар явсныг хэлж мэдэхгүй юм. Үнэхээр харамсалтай. Одоогоор сумын Тамгын газрын 20 гаруй ажилчид Аврах бие бүрэлдэхүүнд багтаад ослын газар эрэн хайх ажлыг гүйцэтгээд явж байна. Өнөөдөр манай сумаар цас орж байна. Цас орж байна гэдэг эрлийн үйл ажиллагаанд улам л хүндрэл учруулна гэсэн үг. Цаг агаар хүйтэн байна. Аврагчдын нөхцөл байдал ч хүндхэн байна. Голын ус зайртсан байгаа болохоор аврагчдын багажны хушуу бөглөрөх, амьсгалахад хүндрэлтэй байна. Энэ дашрамд хэлэхэд иргэд зөвшөөрөгдсөн замаар зорчиж, болзошгүй эрсдлээс байнга сэрэмжилж байхыг анхааруулж байна гэв.
АМЬ АВРАГДСАН Э.ҮНЭНБАТЫН ЭХНЭР ХҮҮХЭД ЭНДСЭН ГЭВ
Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр осолдсон завинаас амьд үлдсэн нэг том хүн нь Э.Үнэнбат гэх залуу аж. Тэрбээр эхнэр, хоёр хүүхдийнхээ хамтаар явж байсан бөгөөд тавхан сартай үр нь ээжтэйгээ хамт ийнхүү осолджээ.Тэднийх дөрвөн хүүхэдтэй бөгөөд хоёр хүүхдээ гэртээ үлдээгээд хоёр хүүхдээ аваад замд гарсан гэх. Гэвч хань, хамгийн нялх хүүхэд нь гэртээ эргэж ирэлгүй мөнхөд яваад өглөө. Э.Үнэнбат өөрийн нэг хүүхэд, өөр нэг айлын 16 настай хүүхэдтэй гурвуулаа эсэн мэнд олдсон нь сайн хэрэг ч өмөрч буй сэтгэл зүрхийг нь бодохоор өр өвдмөөр. Гол мөрөн ихтэй газрын иргэд ийм байдлаар усанд осолддог харамсалттай хэргүүд манай улсад цөөнгүй гардаг. Иймээс бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр зөвшөөрөгдсөн замаар зорчиж, болзошгүй эндэгдлээс болгоомжлохыг сануулахад илүүдэхгүй биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН