Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн даргаар Л.Наранбаатар ажиллаж эхэлснээс хойш халаа сэлгээ ихээр хийгдэх болсон.

Ур чадвар дутмаг хүн мэргэжлийн ажлаа хийснээр алдаа, осол гарах нь ойлгомжтой бөгөөд үүний жишээг “Цемент Шохой ТӨХК”-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар энэ оны 04-р сараас эхлэн ажиллаж байгаа Д.Оюунгэрэл гэх эмэгтэй баталж байна. Тэрбээр ажлаа авснаас хойш дөрвөн сарын дотор найман осол болоод байна.

Хамгийн сүүлийн буюу найм дахь осол нь өнгөрсөн хагассайнд буюу 2023.08.26-нд Чулуунцарын үйлдвэрийн G05/4 ID вентиляторын засвар дээр уртасгасан цагаар ажилчдыг сунгаж ажиллуулж байх үед болсон. Уг осол үүрээр болсон бөгөөд ослын улмаас ТТ-ийн засварчин баруун гарын эрхий хурууг няцарсан байна. Хэдийгээр ослын талаар холбогдох байгууллагад мэдэгдэх ёстой ч мэдэгдээгүй нуун дарагдуулсан гэх мэдээлэл байна.
Ослын улмаас гэмтсэн ажилтан эмнэлгийн тусламж авсан аж.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулан ажиллах ёстой ч найман удаа алдаа гаргаж байсан Д.Оюунгэрэл 2019 онд яг энэ албыг хашиж байв. Тухайн үед буюу түүнийг ажиллаж байх ганцхан жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 10 орчим осол нэг жилийн хугацаанд гарч ажилтан, ажиллагсдын хуруу, гар гэмтэх, түлэгдэх зэргээр гэмтэж байсан түүхтэй.

Зургийн тайлбар: “Цемент Шохой ТӨХК”-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга  Д.Оюунгэрэл
Ажлын хариуцлага удаа дараа алдсан Д.Оюунгэрэлийг дарга болгосон хүн нь Лүндэгийн Наранбаатар юм. Тэрбээр Д.Оюунгэрэлийг дарга болгохдоо өмнөх даргыг өчүүхэн зүйлээр нийнтэглэн халсан түүхтэй.

Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдын төлөөлөл болсон 30 гаруй хүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй 2023.04.11-ны өдөр уулзаж, хүсэлт тавьсан. Уг уулзалтад байсан “Цемент шохой” ТӨХК-ийн ажилчдыг 2023.04.15-ны өдөр бүгдийг нь ажлаас чөлөөлсөн юм. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн дунд Цемент шохойн үйлдвэрийн ХАБЭА хэлтсийн дарга Д.Баттулга байсан бөгөөд түүний ажлыг Д.Оюунгэрэл гэгчид даатган томилсон байна. Өөрөөр хэлбэл хуучин даргыг нь ХАБЭА чиглэлээр ажилласан ажлын туршлага хангалтгүй гэж гурван жил ажилласан даргаа нэгхэн жил алдаа мадагтай ажилласан Д.Оюунгэрэл гэгчээр сольсон байгаа юм.
Лүндэгийн Наранбаатарын энэхүү “хуудуутай” томилгооны улмаас дөрвөн сарын дотор нийт найман осол гарсан байна. Л.Наранбаатарыг эсвэл Д.Оюунгэрэлийг халж солих хүртэл эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож буй залуус сард хоёр удаа осолд орж, эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдэлтэй байгааг үүгээр уламжилж байна.

А.Баярмаа