УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гарагийн хуралдаанаар “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд маргалдаж, зодоон хийсэн тухай мэдээлэл тархаад байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар маргалдаж, улмаар заамдалцаж авсан гэх мэдээлэл байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарласан бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун түүнийг “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог, Оюутолгойн гэрээг өөрчлөхийг эсэргүүцдэг” хэмээн шүүмжилснээр маргаан дэгджээ.
Уг хэрэг явдлын талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би Ц.Нямдорж сайдтай маргасан нь үнэн. Бид хоёр хүчтэй маргасан. Намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилсан. Гэхдээ би Ц.Нямдорж сайдын биед гэмтэл учруулаагүй” хэмээн тайлбар хийлээ.