Мэдээ ЯРИЛЦЛАГА

Х.Лхагвасүрэн: Хүн энэ насаа дуустал өөртөө таарч тохирох хүнийг хайж явдаг гэж ойлгодог

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр энэхүү ярилцлагыг “Хүмүүс” сонинд өгч байсныг бид бүрэн эхээр нь дахин хүргэхээр бэлтгэлээ.

-Саяхан шинэ он гарлаа. Урлагийнхан шинэ оноо гэртээ угтаж амжихгүй нь олонтаа байдаг гэж сонссон. Та ч тийм үү?

-Харин тийм ээ. Би цөөн удаа гэртээ өнгөрүүлж байсан. Миний ажил юм даа.

-Урлагийхан олонд хүндлэгдэх нь сайхан ч элдэв хэл аманд орох нь хэцүү байх?

-Сайхан ч байх, хэцүү ч байх үе гаралгүй яах вэ. Гэхдээ би дуугарч л байвал дуулж л байна. Би дуулахгүй байж чадахгүй. Манайд нэг сонин дүгнэлт байдаг. Хүн хөгширвөл уран бүтээлийн ажил нь зогсох юм шиг. Хөгшин хүнээс хөгшин уран бүтээл гардаггүй шүү дээ. Хайр сэтгэл бол дууны мөнхийн сэдэв. Хөгшин хүн дурлаж болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ. Дурлалаа дуулах л болно.

-Тийм шүү. Танд дууны шүлэг нэлээд бий гэсэн. Хэзээнээс шүлэг бичих болсон юм бэ?

-Арван хэдтэйгээсээ л тэмдэглэлийн дэвтэр дээр хайрын шүлэг бичээд амьтан хүнээс нууж явлаа. Улс төрийн эсрэг, нацист шүлэг бичлээ ч гэж шүлгээ шатаалгаж байсан.

-Зарим хүмүүс дууны шүлгэнд тухайн найрагчийн амьдрал гарч буй мэт ойлгодог. Өөрөөр хэлбэл дуу бүхэн эзэнтэй байдаг уу?

-Өөрийнхөө зовлонг шүлгэндээ бичдэг гэж үү. Үгүй шүү дээ. Харин бусдын хэлж чадахгүй зовлон, гуниглал, баяр баясгаланг илэрхийлдэг байхгүй юу. Ингэж дуу, шүлэг бүтдэг юм биш үү.

-Тухайлбал?

-Харангын “Сүүлчийн шөнө”, “Халуун сэтгэл” гэж дуунууд дандаа хүнд тохиолдсон сэтгэлийн үзүүрээс төрсөн гэж болно.

-Харин таны зохиосон дуунууд эзэнтэй юү?

-За, бараг үгүй дээ. Нэг найз охин байсан. Тэр нас барсан. Хожим “Сүүлчийн шөнө” дууг гаргахад өөрөө тийм зүйл үзсэн болохоор бичиж болж байсан. Бичилцсэн, засалцсан гэх үү дээ. Түүнээс өөр хүн хамт байгаа шүү дээ. Би тэр дууг зохиоход оролцсон л юм. Үүнийг би зориуд хэлэхгүй бол болохгүй. Өөрөөс төрсөн ая, үгийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж, харамладаг юм шүү дээ.

-Манайхан дуучид, хамтлагуудыг харьцуулж, өрсөлдүүлэх нь их байдаг. Хурд, Харанга, Ариунаа, Сараа гээд?

-Ингэх хэрэггүй шүү дээ. Дув дураараа, чив чимээгүй, хууль зөрчөөгүй амьдарч байвал болоо биш үү. Заавал тэгж өрсөлдүүлж яадаг юм. Хүн бүр өөр өөрсдийн стильтэй, өнгө аястай, зан характертай биз дээ. Ямар нэг эцэг эхээс бүгд цуваад төрчихсөн биш. Харьцуулах, өрсөлдүүлэх дэмий.

-Таныг их ааш муутай гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Мэдэхгүй, миний ээж лав намайг тэгж хэлдэггүй ээ /инээв/.

-Бусад хүмүүсийн тухайд?

-Хүн надтай яаж харьцана. Би тэгж харьцана.

-Элдэв янзын хэл аманд орох үед яадаг вэ?

-Би бол өөртөө лай болохоор зай бол гэж хэлдэг юм. Хүний хэрэгт оролцдоггүй. Хүнийг өөрийнхөө хэрэгт оролцуулахгүй л гэж боддог.

-Тэгвэл таныг аавдаа их гомдож явдаг гэх юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Аав гэдэг тэр хүн миний аав биз дээ. Тэр хүн намайг өсгөлцөөгүй юм чинь би тэр хүнд хүүгийнх нь хувьд гомдох ёстой юм биш үү.

Тэр хүн намайг долоон настай байхад ээж болон хоёр дүүтэй минь хаяад явсан. Би юу хэлэх вэ дээ. Би харин ч муудалцдаггүй. Армид байхдаа параданд олон жил жагсаж явсан. Гэр орноор нь орж гарч байсан. Өшөө цаашилбал ээжээс минь салсан тэр хүний эхнэрээс гарсан хүүхдүүдийг өвөр дээрээ тэврээд суудаг л байсан. Харж хандаж байсан. Одоо тэр эхнэрээсээ бас л салаад өөр хүнтэй суучихсан шүү дээ. Бид хоёр энэ талаараа бараг адилхан.

-Та ч шударга ярих юм аа. Ингэхэд хүнд анхны ханиас илүү сайн хань олддоггүй гэх юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Үгүй, худлаа. Хүн энэ насаа дуустал өөртөө таарч тохирох хүнийг хайж явдаг гэж би ойлгодог. Миний философиор төрөх бол үхэх юм. Монголд бүрэн бүтэн амьдарсан хүмүүсийг хайгаад үзэхгүй юу. Зууны хэдэн хувь нь байх нь вэ.

-Та анхны хүүхэдтэйгээ хэр дотно байдаг вэ?

-Байнга цуг байдаг.

-Тан дээр байдаг юм уу?

-Байдагтай бараг адилхан. Ээж нь гадагшаа явбал над дээр үлдэнэ. Намайг хөдөө хээр явах үед дагаж явдаг.

-Та хэр сайн аав бэ?

-Хэр сайн аавыг минь хүүхэд л дүгнэх байх даа.

-Таныг анд их дуртай гэх юм билээ?

-Тарваганы боодгийг өөрөө хийж идэх дуртай. Хээр явах, ан хийх сайхан шүү дээ. Үхэхдээ хүмүүс шиг булуулахгүй гэж боддог шүү. Чандарлуулж баян сайхан хангайдаа цацуулна гэж боддог. Эргээд хүн болж төрмөөргүй санагдах үе ч байдаг юм. Монголынхоо тэнгэрт дураараа нисэх тас, бүргэд ч юм уу эсвэл хэрээ болж төрөх юмсан гэж боддог.

-Яагаад хэрээ гэж?

-Хүмүүсийн элдэв амьдрал, муу муухайг гурван зуун жил харж, одоо ингэнэ дээ, тэгнэ дээ гээд л нисч байхгүй юу.

-Нээрээ, Маралаа та хоёрыг суусан, салсан гээд л ярих юм?

-Бид хоёр хамт амьдарч байгаа. Суучихсан.

-Хүүхэдтэй болж байгаа сураг сонсогдсон?

-Байсан бол тэврээд л сууж байхсан. Байхгүй л байхгүй юу.

-Танай хүний тухай нэлээд муу ам яриа байдаг?

-Надад л сайн байвал барав биш үү. Хүмүүс ч бас худал ярьдаг шүү дээ.

Маралааг стриптиз үзүүлдэг энэ тэр гэж худлаа яриа, цуу гарч байсан. Стриптиз үзүүлж байгаагүй гэдгийг би мэднэ. Намайг ах аа гэж дууддаг байсан юм. Урнааг ч танина /Урьдах эхнэрээ хэлэв/.

Нэг сургуулийнх юм л даа. Тэр үед хайрлаж, гэрлэж суух юу ч байгаагүй. Харин өнгөрсөн жил тааралдаад… Нэг гэрт орцгоосон л доо.

-Элдвийн хэл амнаас болж та хоёрт муудалцах үе гардаг уу?

-Үгүй ээ. Би ямар яриулж бичүүлсэн биш. Тэр ч яриулж бичүүлсэн биш. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут цэцэглэдэг юм аа гээд л сууж байдаг. Бид хоёрын хамт амьдарч байгаа эсэх хүмүүст сонин байдаг юм бол мэдэг л дээ. Харин салгачихалгүй, удаан амьдраасай гээд залбирч байгаарай гэж хэлье. Би ч нэг их бичлээ, мууллаа гээд яваад байдаг ч үгүй. Өөрөө л хол байя гэж боддог юм.

-Сугармаа, Урнаа гээд урьд нь хамт амьдарч байсан бүсгүйчүүдтэйгээ та ямар нэг байдлаар холбоотой байдаг уу?

-Өө байлгүй яах вэ. Утсаар ярих тохиолдол байдаг. Бүгдэд нь хайртай байсан нь үнэн юм чинь.

-Маралаа дургүйцэхгүй байна уу?

-Тийм юм байхгүй. Бид бие биенээ ойлгоод хамт амьдарч болж байна, цаашид ч удаан амьдрахыг хүсэж байна.

-Та анхны эхнэртэйгээ хурим хийж байсан уу?

-Үгүй. Би ерөөсөө хурим хийж байгаагүй.

-Хурим хийх бодол бий юү?

-Байдаг. Гэхдээ би зүгээр хуримын ордонд орж, нийтлэг маягаар хурим хийхгүй. Хөдөө хээр байгалийн үзэсгэлэнт газар тайз хөгжмөө засаад мотоцикльтой бүх рокер, рок попынхныг цуглуулж байгаад хуриаа хийнэ гэж боддог.

-Энэ гайхам сайхан хурим хэзээ болох бол?

-Болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!