УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарсан юм. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзсэнээс гадна Үндсэн хуулийн дагуу өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвших эрхгүй гэдгийг тайлбарласан юм.
УИХ цэцийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг Цэцийн дүгнэлт нь хуульд нийцэхгүй байгаа гэж үзэн санал хураалтад оролцохоос татгалзав.
Ийнхүү УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Төрийн байгуулалтын байнгын хороо 15 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, батлуулахаар боллоо. Тодруулбал, өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших эрхгүй гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах юм.