Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон.
Тэрбээр “УБҮ 0052” дугаарын Lexus маркийн машинтай Хан-Уул дүүрэгт явж байхдаа явган зорчигч руу шавхай цацсаныг нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Smartcar.mn сайтаар орж “УБҮ 0052” улсын дугаараар шалгавал дараах илэрц гарч байна.
Энэхүү мэдээллээр бол “УБҮ 0052” улсын дугаар нь Lexus биш Land Cruiser 200 маркийн автомашины дугаар болох нь харагдаж байна.
Түүнчлэн “УБҮ 0052” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь оношилгоондоо тэнцээгүй болохыг дараах илэрц харуулав.
Тухайн улсын дугаар дээр үүссэн торгуулийн хэмжээг тооцож үзвэл 732,800 төгрөг болж байна.
Уг албан тушаалд томилогдсоныхоо дараа “УБҮ 0101” гэх улсын дугаартай Lexus маркийн автомашин унах болсон нь олон нийтийн дунд шуугиан тарьж байсан юм. Тэгвэл сайд асан Ц.Нямдорж Lexus маркийн автомашинд Land Cruiser 200-ийн дугаар зүүж явахдаа дээр дурдсан олон зөрчил гаргасан нь ил болов.