Өнгөрсөн хоёрдугаар сард цэргийн алба хаагчид нэгнээ шийтгэн, дээрэлхэж, доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан нь хүний эрх зөрчиж буй үйлдэл хэмээн олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан талаар бид мэдээлж байсан.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан очсон залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархсан. Тус бичлэгийг хууль хяналтын байгууллага шалгаж, хугацаат цэргийн алба хаагаад, халагдсан М, О, Э нар үйлдсэнийг тогтоосон юм. Тэдэнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Тэгвэл өчигдөр тус хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн,
Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, Шүүгдэгч О, Э нарт Эрүүгийн хуулийн 28.4-1-ийн бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчсөн гэм буруутайд тооцож, тус бүрт нь зургаан сар хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.